2026 оны төсвийн төсөл батлагдсантай холбогдуулан ирэх онд боловсролын салбарт ямар хөрөнгө оруулалт хийгдэх мөн багш нарын цалингийн нэмэгдэлд хэдэн төгрөг тусгасан талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Ирэх онд 520 тэрбумыг багш нарын цалингийн нэмэгдэлд зарцуулна. Хэлэлцээрт орсны дагуу амласан мөнгөн дүн гэсэн үг. Ажилтнуудыг мөн давхар хамруулахаар Засгийн газар дээр ярилцаж эхлээд байна. Батлагдсан төсвийнхөө хүрээнд л асуудлаа ярина. 520 тэрбум дээр нэмээд ачааллын 100 тэрбум мөн байгаа.
Боловсролын салбарт ажиллаж байгаа бүхий л хүмүүстээ хүргэхээр ажиллах болно. Ирэх онд 2.8 саяд хүргэх мөнгө ч мөн энэ төсөвтөө суучихсан гэсэн үг. Ажилтны гэдэг үг нь өөрөө УИХ-ын тогтоолын төсөлд багтаагүй. Гэхдээ бид цалингийн бүтцийн шинэчлэл хийж, үндсэн суурь цалин амьдралын баталгаа байх шинэчлэл рүү орох ёстой. Боловсролын байгууллагуудын ажилтнуудын бүтцийг ч оновчтой болгох шинэчлэл рүү явна. Хэн ч гадна үлдэхгүйгээр нэмэгдэл аваад явах байдлаар өөрчлөлт хийнэ" гэв.