ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ёстой төрийн ёсгүй улстөрч

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-11

-Улстөрчид бүх сэдвээр ёстой, ёсгүй гэж  28 жил ярилаа. Хэн хийх вэ, хэзээ хийх вэ-

 

“Монгол Улсад алсыг харсан хөгжлийн бодлого, төлөвлөгөө хэрэгтэй байна. Хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээг боловсруулаад, түүнийг ард иргэддээ ойлгуулж, тэдний дэмжлэгт түшиж хэрэгжүүлсэн нөхцөлд л улсаа хөгжүүлж чадна”...Энэ үгийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, монгол төрийн төлөө 61 жилийн амьдралаа зориулсан ахмад улстөрч Д.Содном нэгэн ярилцлагадаа хэлжээ. Д.Содном гуайтай хэн ч санал нэгдэнэ. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжиж байсан хүнд жилүүдэд улсаа авч яваад энэ хэмжээнд хүргэчихсэн хүний хувьд ажлаа хийчихсэн гэсэн үг.

Харин болохгүй байгааг нь залруулж, буруу зүйлээс алдаа нэхэж, түүнийг хийгээсэй гэж хүсэх хүслийг нь бид сонсч, бас авах зүйл байвал өлгөж авах учиртай юм. “Буурлын үгийг сонс” гэсэн өвгөдийн үгний утга учир энд л оршиж байна. Харин яг ийм утгатай, хөгжихгүй байгаа, бодлогогүй явааг шүүмжилсэн УИХ-ын гишүүдийн ярилцлагыг байнга шахуу хэвлэлийн хуудаснаас олж унших болоод хэдэн жилийг үдлээ. “Попорно” гэж тодорхойлоод байгаа юм, үүнийг. Өдөр тутмын сонин, сайт, телевизийн камераар улс орон болохгүй байгааг, төрийн бодлого алдагдсаныг зөвхөн шүүмжилдэг улстөрчидтэй болжээ, энэ улс.

Бараг л УИХ-ын гишүүний ажил, сайдын алба нь ял юм шиг, хөмсгөө зангидаж, болохгүй байгааг гайхаж шогширч, толгой сэгсэрсэн хүмүүс.  УИХ-ын намрын чуулганы нээлтэд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгнээс шүүрдэж болж байна. Бүтэн 30 минут индрээс хэлсэн үгэнд өнөөх л болохгүй байна, засч залруулъя гэсэн тунхгийн шинжтэй, уриа лоозон дүүрэн. М.Энхболд дарга хэлэхдээ “Төрийн чадавхийг сайжруулах талаар олон жил ярилаа. Гэвч үр дүн бага байгааг нуух хэрэггүй. Тиймээс эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна.

Эдийн засгийн боломж, төрийн бодлого, хэтийн зорилтдоо үндэслэж, зөв замаар итгэлтэй урагшлах прагматик бодлого бидэнд үгүйлэгдсээр байна. Хоосон улстөржилт, талцал хуваагдал, нийгэм, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд огт хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол хэрэгтэй” хэмээв. Үүнийг чинь л ард түмэн таныг төрд суулгахдаа хүссэн юм шүү дээ. 1999 оноос хойш төрийн бүх шатанд ажиллуулахдаа хийгээсэй гэж хүссэн юм, спикер ээ. Төрийн чадавхийг бэхжүүлээсэй гэж хүссэн үү, хүссэн. Харин хийнэ ээ гэж сонгогдсон хүмүүс нь УИХ-ын 76 гишүүн та нар өөрсдөө л дөө. Ард түмний бэлэг тэмдгийг хангах учиртай Ерөнхийлөгч үүнийг хийж чадахгүй. Хийх ёстойг нь сануулах хүн нь бол яах аргагүй мөн. Тэр үүргээ ч гүйцэтгэж байгаа биз. Харин хийх бүх эрх мэдлийг 76 гишүүнд хууль боловсруулах, батлах эрхтэй нь хамт өнгөрсөн 28 жил ард түмэн өглөө. Өгмөөргүй байсан ч өглөө эртлэн дээлээ өмсч очоод нэрийнх нь өмнө зурдаг, бас сонгодог.

Сонгогчид үүргээ сайн гүйцэтгэсэн. “Эрхзүйн зоримог шинэчлэл хийх нийгмийн захиалга байна” гэж М.Энхболд дарга мэдэгджээ. Түүнийг ч бас хийх эрх мэдэл нь 65 суудалтай хамт МАН-д байгаа юм шүү дээ. Ерөөс улстөрчдийн ийм хийрхэл, балайрал, хоосон тунхгийн шинжтэй яриаг бид дөвийлгөмөөргүй байгаа юм. 10 жилийн өмнө ярьж байсан зүйлээ ч дахиад л ярьж байгаа хүнээс юу горьдож, утгагүй яриаг нь сонсч суух ёстой гэж. Сангийн сайдаас эхлээд, УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Улаан “Манайд сахилга хариуцлага зохион байгуулалт алга. Монголын нийгэм бүхэлдээ задарч жолоодлогогүй болж байна” хэмээн ярилцлага өгчихсөн байна билээ. Зүй нь Ч.Улаан гуай ингэж ярьж байгаадаа ичих ёстой.

Та 24 жил парламентад суулаа. УИХ-ын дэд дарга, Сангийн сайд ч байсан. Жолоог нь татах, сахилга хариуцлагатай болгох ажлыг та хийх болохоос ард түмэн биш. Угтаа “сахилга хариуцлагатай, жолоодлоготой болгоорой” гэж итгэл хүлээлгээд явуулсан сонгогчдынхоо өмнөөс ийм зүйл яриад зогсч байгаа нь ичих зүйл мөн үү, мөн. Та хийхгүй бол өөр хэн хийх ёстой гэж. Байрны зээлээ дөнгөн данган төлж яваа төрийн албан хаагч үүнийг хийх үү. Буйдхан хөдөөд мал хариулж яваа малчинд энэ яриа чинь огт хамаагүй. Хоосон зүйл яриад зогсч байгааг чинь харсан эрдэмтэн, эгэл иргэд гутарч байна. Эрдэмтэн, эгэл иргэн хүн л та бүхэнд ингэж гомдоллож, харин улстөрч нь түүнийг хийх ёстой юм. Манайд харин ард түмэн гарц шийдэл ярьж, харин улстөрчид зөвхөн тунхаглах үүрэг гүйцэтгэдэг. Түүнийгээ бодлого ярьж байна гэж “гоё” нэрлэчихнэ. Улстөрчид тэгнэ, ингэнэ, ингэх ёстой, тэгэх ёстой, ийм байх ёстой, тийм байх ёстой, тэр хэрэгтэй, энэ хэрэггүй гэх мэт дандаа бусдаас хүссэн, бусдад тулгасан, өөрөөсөө зайлуулсан юм ярина.

Ичиж үхэх ч багадмаар. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэнэ. Хэн өөрчлөхийг харин хэлж чадахгүй. Саяхан 50 улстөрч Үндсэн хуулийг өөрчлөх, системийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлснийг олж уншлаа. Тэндээс илүү бодит ажил, илүү санаачилга олж унших болов уу гэтэл тийм биш. Нөгөөх л хэрэгтэй байна, реформ хийх ёстой, дэмжиж байгаа гэсэн ерөнхий, хий хоосон тунхаг төдий яриа. Харин хэн түрүүлж хөдөлж, хэн хийх ёстой талаар бодит санал огтхон ч байхгүй нь өрөвдөлтэй. Бидний сонгоод явуулсан хүмүүс 28 жил УИХ-д суучихаад “ёстой” гэж яриад сууж байх ч гэж дээ хэмээн өмнөөс чинь ичиж сууна. Энэ мэт тэнэглэсэн, хүний өмнө дэлгэж тавихаас ч ичмээр зүйл ярьж байгаа УИХ-ын гишүүд олон байна. Саяхан, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Төр засаг үнэхээр арчаагүй гэж харагдахаар байна” гэж ярьсан байна билээ. Үнэндээ төр биш л дээ, гишүүн ээ. Та л өөрөө арчаагүй харагдахаар байна. Бөх бол төр юм гэдэг шиг та бол төр.

Эгэл жирийн иргэд, сонгогчид чинь ингэж л хардаг. Төрийн бодлогыг та нар боловсруулж, төсвийг хүртэл та нар баталдаг. Шийдвэр гаргах бүх эрх мэдлээ атгачихсан төр атлаа үүнийгээ арчаагүй гэж яриад л сууж байх юм. Бас А.Ундраа гишүүн “Би шантрахгүй, улсын том эрх ашиг, ирээдүйн төлөө зүтгэх болно” гэж зарлиг буулгав. Хэнд туньж, гомдоод байгаа юм бэ, гишүүн ээ. Хэн ч таныг улсын эрх ашгийн төлөө битгий зүтгэ гэж хэлээгүй байх. Би чадна, зүтгэнэ гэж сонгогчдынхоо өмнө амлачихаад ийм сүртэй, тэгээд бас элэг хөшмөөр зүйл ярих хэрэг байна уу. Шантарч байгаа бол хийхгүй байх боломж бас байгаа. Харин шантрахгүй хийнэ гэж сонгогдож, бүтэн хоёр жил болсны дараа “би шантрахгүй” гэх мэт “тэнэг” зүйл яриад явахаар юу гэж ойлгох вэ. Цаашлаад, Б.Баттөмөр “Монголын хөгжилд төрийн оновчтой бодлого дутаж байна”, Н.Учрал “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэхэд төрийн бодлого хэрэгтэй байна” гэх мэтээр дэмийрч, элийрч буй УИХ-ын гишүүд олон буй. Энд цөөхөн хэдийг л дурьдлаа.

Бүх улстөрчийн ярьсан бүхнийг шүүрдвэл элэг хөшмөөр зүйл олон бий. Өөрсдөө магадгүй их ухаантай зүйл ярьчихлаа, том бодлого ярьчихлаа гэж бодож байгаа байх. Сонгуулийн үеийн гоё зургаа тавиулаад л, эсвэл “гоонж”-оо засаад  хоолойгоо шахаад л ярьдаг. Гэвч, түүний чинь сонсч суугаа эгэл сонгогч бидэнд гишүүн та “үлгэр” ярьж буй хүүхэд шиг л харагддаг юм шүү. Үнэн нь л тэр, уучлаарай. Учир нь эдгээр бүх сэдвийг тасралтгүй 28 жил ярилаа. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн шиг “Ганцхан Үндсэн хуулийг өөрчлөх гэж л тасралтгүй 26 жил ярьчихлаа. Өнөөдөр ярьсаар л” байна шүү дээ. Тийм байхад хөмсөг зангидсан “гоё” үгс чинь зөвхөн хоосон уриа, лоозон л гэж харагддаг, авах гээхийн ухаанаар хандана биз ээ. Ярьж л чаддаг улстөрчдөөс юу ч хүлээгээд нэмэргүй юм гэдгийг та ч харлаа, бид ч харлаа. Ёстой төрийн ёсгүй улстөрч нь та нар шүү.