Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.02.27) Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй иенийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн явц, бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
Мөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны 02 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Япон Улсад хийсэн албан айлчлалын үр дүнгийн талаар танилцуулж, айлчлалын хүрээнд “Чингис хаан” нисэх буудлын дэд бүтэц, өргөтгөл, нисэх буудлын менежмент, аюулгүй ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон ажил хэрэгч уулзалтуудыг хийж, харилцан ойлголцолд хүрсэн талаар танилцууллаа. Энэхүү албан айлчлалын үр дүнг бодит ажил хэрэг болгоход Элчин сайд Игавахара Масарүгийн зүгээс үзүүлж буй дэмжлэгт чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Уг төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, төслийн ажлыг аль болох богино хугацаанд эхлүүлэх, хэрэгжилтийн үе шат бүрт талуудын уялдаа холбоог сайжруулах нь Монгол Улсын аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтойг салбарын сайд онцоллоо.
Элчин сайд Игавахара Масарүгийн зүгээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг Япон Улсын “Ханэда” олон улсын нисэх буудлын Токио дахь ачаа тээврийн терминал (TIAC)-ын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсонд талархал илэрхийлээд, Монгол Улс “Чингис хаан” нисэх буудлын карго терминалыг амжилттай барина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийг Монгол, Япон хоёр улсын Засгийн газрын тохиролцсон зээлийн хэмжээнд багтаан барих, төлөвлөснөөс илүү богино хугацаанд төслийг хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэх үүднээс барилгын төлөвлөлт, судалгааны ажлыг эрчимжүүлэхэд Элчин сайдын зүгээс анхаарал хандуулан ажиллахаа онцон тэмдэглэв.