ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргахаар хуралдаж эхэллээ

O.Admin
2 цагийн өмнө

УИХ-ын чуулган нээлтээ хийснээс хойш 14 хоног хуралдаж чадахгүй гацаанд ороод буй. Шалтгаан нь АН-ын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг "Ерөнхий сайдын албаа хий. УИХ-ын даргын ажлаа өг" хэмээн шахаж буй явдал бөгөөд үүнийг МАН-ын Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын бүлэг дэмжиж хуралдаандаа суухгүй байгаа юм.

АН-аас өнөөдөр гэхэд л “УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдсангүй. Ардчилсан намгүйгээр ирцээ бүрдүүлээд хуралдах бүрэн дүүрэн боломж байгаа. Хурлыг явуулахгүй байгаа нь бид биш, тэд. Улс орноо засаглаж чадахгүй бол ард түмэндээ үнэнээ хэлэх хэрэгтэй. Бид чадахгүй юм байна гэдгээ хэл. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Харин МАН, хамтран эвссэн ХҮН, ИЗНН нийлээд 80 гишүүнтэй. Гэтэл 80 гишүүнтэй эвсэл санаатайгаар хуралдаа суухгүй байна гэдэг нь АН-ын шаардлага болох УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөх нь зүйтэй гэдэгтэй нийцэж байна. Сайн дураар ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Хэрэв шаардлага хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно” хэмээн мэдэгдэл хийсэн.

Харин ирц хүрээгүй чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал “Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй. МАН-ын төр, АН-ын төр гэж үгүй.  МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж үгүй. Албан тушаал үнэтэй биш. Ачаагаа үүрэх хариуцлага үнэ цэнтэй. Бидэнд гацаа биш гарц хэрэгтэй” хэмээв. Улмаар МАН-ын бүлэг улс төрийн шийдвэр гаргахаар яг одоо хуралдаж буй бол дараа нь Удирдах зөвлөлийн хуралдааны тов мөн зарлагдлаа. Ингэснээр Ерөнхий сайдаар Н.Учралыг томилох уу эсвэл ямар тохироонд хүрэх вэ гэдэг нь эцэслэж шийдэгдэх нь ээ.