ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Я.Содбаатар: УИХ-аар Ерөнхий сайдын огцрох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ

O.Admin
2 цагийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа огцрох өргөдлийг хэлэлцжээ. Улмаар намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав.

Тэрбээр, “Дэлхий нийтийн өмнө, тэр тусмаа Монголын ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа эдийн засгийн гүн хямрал, хүндрэлийн үед өөрөө эр зориг гаргаж улс орныхоо төлөө гаргасан өөрийнх нь огцрох хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн.

УИХ дахь намын бүлэг холбогдох хууль тогтоомжийн дагуу өнөөдөр энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганаар өнөөдөр хэлэлцэх байх аа. МАН-ын бүлэг одоо хуралдаж, Удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулна. Ойрх, дорнодод үүсээд буй нөхцөл байдал амаргүй байна. Энэ цаг үед улс төрийн хууль бус шаардлага тавьж байгаа нөхөдтэй эвлэх гэхээс илүү тулгамдаж байгаа асуудлаа шийдэх гэж ийм шийдвэр гаргаж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Дараагийн Ерөнхий сайдын асуудал яригдаагүй байна. Эхлээд Ерөнхий сайдын гаргасан өргөдлийг хэлэлцэнэ. Парламент шийдвэрээ гаргасны дараа эрх баригч МАН-ынхан намын Бага хурлаа зарлан хуралдуулж, тэндээс шинэ Ерөнхий сайдын нэр тодрох ёстой. Шат дараатай, цаг хугацаатай дарааллаар явна. Улс төрийн хууль бус шаардлага тавьж, богино зайнд тоглолт хийж, улс төрийн хонжоо олох гэж байгаа хүмүүст улс орны нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн сэтгэл байхгүй ч Ерөнхий сайд өргөлдлөө өглөө” гэв.