ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бортээгийг Эрдэнэс Тавантолгой менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна

O.Admin
57 минутын өмнө

Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. “Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдээс санал авах сонгон шалгаруулалтыг энэ оны хоёрдугаар сарын 13-нд олон улсад нээлттэй зарласан. Сонгон шалгаруулах үйл явц дөрвөн сарын хугацаанд өрнөжээ.  

“Монгол Улсын Засгийн газар төслийн нийт хугацаанд Монголын талд ногдох өгөөжийг 51 хувиас бууруулахгүй байх зарчим баримталсан” гэдгийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.  

“Бортээгийн хэсэгт олон улсын тендер зарласан ч шалгуур хангах аж ахуйн нэгж байсангүй. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд хамтран олборлолт явуулж, нүүрсний экспорт хийнэ” гэж Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдэгдлээ. Тэрбээр, "“Бортээг”-ийг ашиглалтад оруулах олон улсад тендер зарласан. Дотоод, гадаадын 7 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтад орсноос БНХАУ-ын харьяалалтай 3 компани хамгийн өндөр буюу 510 сая ам.доллароос 1 тэрбум ам.долларын үнийн санал ирүүллээ. Тодруулбал, “Baowu Resourses”, “China Energy Materials & Technology Xuzhou”, “China Risun Group” /Hong Kong/ гэсэн компаниуд саналаа ирүүлж, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй эхний шатны ярилцлага хийсэн.

Засгийн газраас тавьсан 14 шалгуурын хүрээнд тендерт оролцох аж ахуйн нэгжүүд 1000 оноо авах ёстой. Хамгийн багадаа 700 оноо авах ёстой ч хэн нь ч энэ оноог авсангүй. Тиймээс үндэсний олборлогч “Эрдэнэс Тавантолгой” компани менежментийн зохион байгуулалтаа хийж, дотоодын туслан гүйцэтгэгч компаниудтай хамтран хөрс хуулалт, олборлолтыг эхлүүлж, нүүрсний экспорт нэмэгдүүлэх үүргийг Засгийн газраас өглөө" гэв.