ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Шинэбат: Музейд сэтгэлтэй хүмүүс л ажилладаг

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-10-19

Багын найз Б.Шинэбаттайгаа хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна. Бид багадаа Эрдэнэ зуу хийдэд хамтдаа шавилан сууж байсан хоёр. Хожим Хархорум музейд хамтран ажиллаж байлаа. Харин эдүгээ би энд өдөр тутмын сонинд сэтгүүлч хийж, Шинээ минь нутагтаа, Хархорум музейгээ удирдаж байгаа билээ. Ингээд түүнийг “Ярилцах танхим” буландаа урьж ярилцлаа.

-Би чамайг анх доголсон хөлтэй, туранхай хүү лам болж байснаар чинь их тод санадаг юм. Тэр чинь харин хэдэн оны үе билээ?

-1999 онд л доо. Тэр жил зургадугаар ангиа төгсөөд өсгийнийхөө ясыг хугалчихсан байсан юм. Тэгсэн шөрмөстэй ойрхон болохоор их удаан эдгэдэг юм байна лээ. Бүрэн эдгэж амжаагүй байхдаа Эрдэнэзуу хийдэд анх шавилан сууж байлаа.

-Миний хувьд чамаас арай түрүүлж шавилан суусан. Мөн танай дээд зиндаа (анги) байсан болохоор бас их ахархана. Чи их хурц ухаантай хүү байж билээ. Тэгээд сүүлд Энэтхэг явчихсан. Тэр талаараа жаахан яриач?

-Манай Эрдэнэ зуугийн хажууд “Хичээнгүй” гэдэг шашны дунд сургууль байдаг шүү дээ. Бид бүгдээрээ л тэндээс гарсан бүтээгдэхүүнүүд. Тэнд бусад хийд, шашны сургуулиудыг бодвол бурханы шашны боловсролыг Ерөнхий боловсролтой хамт олгодог давуу талтай байсан. Тэр сургуульд сурч байгаад 2004  онд Энэтхэг явж, Сажа институтэд буддын гүн ухааны чиглэлээр таван жил сураад 2009 онд Монголдоо ирсэн. Хүмүүс болохоор тэнд мэргэ төлөг, уншлага ном л заадаг гэж ойлгодог. Харин Буддын гун ухаан гэж хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтний шалгарч ирсэн философи голчлон заадаг. Энгийнээр хэлбэл “Аз жаргал гэж юу юм бэ”, “Аз жаргал юунаас бий болдог вэ”, “Амьдралын утга учир” гэх мэт маш олон зүйлийн тухай үздэг гэсэн үг. Үйлийн үр, хоосон чанар, хүн яах гэж амьдардаг зэрэг зүйлийг системтэйгээр заадаг. Харин олон мянган жил бурханы шашинг шүтэж ирсэн атал манайхан бурханы шашныхаа мөн чанарыг бага мэддэг. Хэт их мухар сүсэг талыг нь бариад үзэл онол, утга учрыг хардаггүй. Лам нар гэхээр ном уншдаг хүн гэж боддог шүү дээ. Эцсийн дүндээ Бурханы шашин бол зөв амьдрах арга ухаан, хүний зөв мөрөөр явуулах , ёс зүйтэй байлгах зам шүү дээ.

-Энэтхэг Сажа институтэд сурч байхдаа ямар цагийн хуваарьтай байдаг юм бэ. Лам биш хүмүүсийн хувьд шавилан суралцаж буй хүмүүсийн амьдрал сонин байж магад?

-Би өөрийгөө Энэтхэгт таван жил цэргийн алба хаасан гэж л боддог юм. Тэнд цэргийн албанаас ч дэглэм өндөртэй, нарийн дэг журамтай байдаг л даа. Өглөө бүр зургаан цагаас хичээл нь эхэлдэг болохоор таван цаг өнгөрөөгөөд тогтмол босно. Өдөрт хичээлээ хийнэ. Оройд ном хаялцана. Өдрийн заасан хичээлээ оройд давтана. Нэг гарын авлагыг нэг жил бүтэн үздэг. Өдөрт тодорхой хэмжээтэй номыг тайлбартай нь үзнэ. Үлдсэн хугацаанд тэрийгээ эргэцүүлж бодно, практик болгоно. Хэдийгээр өдөр завсарлах цаг байх ч тэр үедээ номоо давтахаас өөрөөр янз бүрийн зүйл хийж болохгүй. Хөшгөө хүртэл нээлттэй байх дүрэмтэй. Тэр нь мэдээж номоо давтаж байгаа эсэхийг л хянах зорилготой. Орой есөн цаг гээд хичээл дуусна. Нэг иймэрхүү хуваарьтай. Хүнд ер нь сурч мэдэх нас гэж байдаг юм шиг байгаа юм. Тэр үедээ буруу дадал зуршилтай болчих юм бол засрахад хэцүү. Шилжилтийн насны хүүхэд бол хүсэж тэмүүлэх янз бүрийн зүйл олон байгаа.  Охид бодно , зугаацаж цэнгэхийг бодно.  Гэтэл эрдэм сурах, зугаацах гэдэг хоёр зүйл нэгэн зэрэг ирдэггүй. Тухайлбал, гурван цаг  хичээлээ хийх үү, гурван цаг пиво уух уу гэдэг зүйл нэг суурин дээр бий болдоггүй эд. Аль нэгийг нь  заавал золиослох хэрэгтэй. Энэ золиослох гэдэг зүйл хүнээс маш их тэвчээр, эргэлзээ маш их зүйлийг давж туулах хүчийг  шаарддаг. Тэрийг давж туулж байна гэдэг хүнд сургамж, ухаарал өгдөг юм болов уу.

-Амьдрах орчин нөхцлийн хувьд?

-Энэтхэгт байдаг буддын сургуулиуд янз, янз л бий. Манай сургууль нэг өрөөнд нэг л хүн байсан. Монголоос хоёр найзтайгаа хамт явж байлаа. Бид тэр сургууль даа гурван Монгол л байлаа.

-За тэгвэл Энэтхэгт байхад таалагддаггүй, хэцүү зүйл юу байв?

-Хэт их халуун. Зуны улиралд зарим газраа +45 хэм хүрдэг байсан. Тийм халуунд үнэр, танар гэж аймаар байдаг. Миний бие физилогоос хамаардаг юм уу янз бүрийн  үнэр үнэртэхээр толгой их өвддөг байсан. Халуунд янз бүрийн бохирын үнэр л хэцүү байдаг. Энэтхэгт байж үзээгүй хүнд нэг сонин юм ярихад. Борооны улирлаар өдөр шөнөгүй бороо асгачихдаг юм. Анхны мэдрэмж надад мартагддаггүй л дээ.  Тэнд  кноп дараад гэнэт асгаад кноп дараад зогсоодог юм шиг санагддаг  байсан. Байшин барилга нь их мөөгөнцөртсөн, ногоон юм их ургана. Их чийгтэй.

-Төлбөр мөнгөний хувьд ямар байдаг вэ. Зардлыг сургуулиас гаргадаг уу, сурагчид нь өөрсдөө даадаг юм уу?

-Сургууль, байр, хоол унд бол төлбөргүй. Цаанаасаа Бурханы шашинг дэмждэг гадаадын олон ивээн тэтгэгчид эл асуудлыг шийддэг юм шиг байгаа юм. Бид нар ирж, очих замын зардалд зориулах мөнгөө л өөрсдөө хариуцдаг байсан.

-Чи сурлага сайтай шавь, мундаг ирээдүйтэй лам байснаа Энэтхэгээс ирээд яагаад гэнэт энгийн амьдрал руу шилжчихсэн юм бэ?

-Лам байхаа больё гэсэн бодол бол байгаагүй л дээ. Ялангуяа Энэтхэгт сурч байхад сайн лам болно гэсэн хатуу бодолтой, итгэл үнэмшилтэй байлаа. Янз бүрийн эргэлзээг давж туулаад нэгэнт ламаараа байвал лам хүн ямар байх ёстой вэ тэр дагуу л байхыг зорьдог байлаа. Лам хүн бол нийгэмд үлгэр дуурайлал өгөх  ёстой шүү дээ. Энгийнээр хэлэхэд лам хүнийг гүн ухаан талаас нь биш энгийн хүн талаас нь төсөөлөхөд  гэгээлэг, зөв үлгэр дууриалалтай, ёс суртахуунтай, нийгмийн муу муухай зүйлийг хийдэггүй хүн гэж боддог. Тэр нь хүмүүст  нийгэмд зөв зүйтэй амьдрах тийм зүйлийг өгдөг гэж боддог. Тийм л болж чадвал болъё. Тэгж амьдарч чадахгүй бол больё, зүгээр л энгийнээр амьдаръя гэсэн бодолтой байсан юм. Ер нь бүх мэргэжлийн хүмүүс тэр, лам нар ч бай адилхан. Эмч хүн гэхэд сургууль төгсөөд диплом авчихаараа л эмч болчихдог юм биш. Түүнтэй адил төвд үсэг мэдээд, лам дээл өмсчихөөрөө ч лам болчихдог юм биш. Аливаа нэг зүйл хэлбэр гэж байна, мөн чанар гэж байна.  Ихэнх хүмүүс хэлбэрийг нь хардаг. Харин хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэвэл мөн чанар юм. Тэгэхээр лам дээлээ тайлчихсан ч дотроо лам хүн байх боломжтой гэсэн үг.

-Одоогийн өөрийн чинь Хархорум музейд хашиж буй албан дээр би байхаддаа, нэг удаа Хархорин явах гээд тээврийн товчоон дээр явж байгаад чамтай таарсан. Тэр үед чи ламаа больчихсон гээд явж байсан үе. Би хувьдаа чамайг ухаантай залуу, үеийнхнээсээ арай өөр гэж боддог байлаа. Гэтэл 10 жил бурхны ном үзчихээд, тэгээд бас Энэтхэгт таван жил сурчихаад, хэл устай болчихоод гэнэтхэн ламаа больчихсон гэхээр их гайхаж билээ. Тэгээд би чамайг хэл устай юм чинь ийш тийшээ явах ажил байхгүй бол манай музейд ажиллаач гэсэн саналыг тавьж байсан. Тэгж чи музей гэдэг байгууллагатай, соёлын салбартай холбогдсон байхаа?

-Монголд ирээд ламаа болихоор шийдсэн. Ламаа больсноос хойш монголд амьдрах итгэл үнэмшил байгаагүй. Гадагшаа явж хэл усаа сайжруулаад сурч хөгжиж, давхар мэргэжил эзэмшээд ирье гэсэн бодол байсан. Гэвч явж чадаагүй. Хожим нь өөртэй чинь тэнд таардаг чинь 2011 он. Өөрөө надад “Хэлтэй устай хүн байна. Манай музейд ажиллаач ээ” гэсэн. Тэгэхэд би лам гэдгээс өөр юу ч хийж үзээгүй залуу байлаа. 24, 25 хүртлээ эцэг, эхээсээ мөнгө авч байснаас биш өөрөө ажил хийж  мөнгө олж үзээгүй байсан гэсэн үг. Хэн ч намайг тоохгүй байсан үед өөрөө надад тэгж хэлсэн. Тэр үед цалин бага гэдгийг нуулгүй хэлсэн. Тухайн  үед  надад бол  эргэлзэх зүйл байгаагүй. Тэгээд л очиж байлаа. Анх би үзмэр харагчаар орж байсан. Үзмэр харагчаар ажиллаж байхдаа давхар тайлбарлагч хийж байлаа. Дараа жилээс нь намайг тайлбарлагч болгосон. Тэрэнд би маш их баярладаг.

-Одоо хийж буй ажлаа танилцуулаач?

-Өөрийг чинь Хархориноос явснаас хойш Эрдэнэзуугаас манайд ажиллаач ээ гэсэн хүсэлт надад тавьсан. Тэгэхэд бас Эрдэнэ зуу музейн захирал Н.Төмөрбаатар захиралдаа их баярлаж билээ. Тэнд мөн тайлбарлагч, Эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийсэн. Өнөөдрийн хувьд ярихад музейд анх орж байснаасаа хойш долоо дахь жилдээ ажиллаж  байна. Үзмэр харагчаас эхлээд тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтан гээд шат дараалан л ажиллаж байна. Өнгөрсөн хавар тавдугаар сард Хархорум музейн  захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдлоо.

-Яаж яваад захирал болчихсон юм бэ?

-Өнгөрсөн хавар Хархорум музейн захирлыг түр орлон гүйцэтгэгч байсан Г.Нарангэрэл гуай ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед энэ ажлын байранд музейн ажлын туршлагагүй олон хүний нэр яригдаж байлаа. Тиймээс би манай сумаас УИХ-д сонгогдсон Я.Содбаатар гишүүнд захидал бичсэн юм. "Музей гэдэг бол соёлын байгууллага. Энэ чиглэлийн мэргэжилтэй, мэдлэгтэй, боловсролтой, туршлагатай хүн байх ёстой шүү. Соёлын салбар өөрөө эмзэг шүү. Хамгийн гол нь харь хамаагүй хүн биш, сэтгэлтэй хүн тавихад анхаарах"-ыг хүсэж товчхон захидал бичиж байлаа. Магадгүй тэр захидал нөлөөлсөн байх. Төрийн үйлчилгээний албаны ажлыг тасалдалгүй явуулахын тулд хоосон байсан орон тоон дээр одоогоор түр орлон гүйцэтгэгчээр намайг тавиад байна. Одоо тэгээд БСШУСЯ-ны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөлөөс энэ ажлын байрыг зарлана шүү дээ.

-За хоёулаа яриагаа жаахан өөрчилье. Өнөөдрийн байдлаар Хархорум музей нөхцөл байдал ямар байна. Хэдэн үзмэртэй вэ. Хэдэн үзэгчидтэй байна. Цаашид юу хийхээр зорьж байна. Манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Хархорум музей Хархорин суманд байдаг. Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын туурьтай ойролцоо, Монголын Бурханы шашны анхны хийд Эрдэнэзуу хийдээс ердөө 500 метрийн зайд байдаг музей. Анхлан 2010 анх үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш эдүгээ найм дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Япон улсын буцалтгүй тусламжаар  байгуулагдсан юм. Монголын хамгийн анхны археологийн олдвороор дагнасан музей шүү дээ.  Мөн хөдөө орон нутагт байгаа улсын чанартай ганц музей. Мэдээж манай музейн үүрэг Орхоны хөндийн орчмоос олдсон археологийн олдворуудыг хадгалж, хамгаалах, судалж сурталчлах, түүгээр боловсрол олгох үүрэгтэй. Одоогийн байдлаар 30 ажилчинтай. 1400-гаад үзмэртэй. Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн 10 орчим хувь нь хадгалагддаг. Жилд дунджаар 10 мянга гаруй үзэгч хүлээж авдаг. Дийлэнх үзэгчид нь гадаадын орнуудаас ирдэг. Жилдээ дунджаар Хархорин суманд 70-80 мянган жуулчид ирдэг гэсэн судалгаа бий. Гэтэл манай музейг дөнгөж 10 гаруйхан мянган хүн үзэж байгаа. Тиймээс цаашид үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх талаар анхааран ажиллаж байна. Мэдээж үзэгчдийн тоог нэмэгдүүлэхийн тулд бид өөрсдийнхөө зүгээс чадах бүхнээ хийх болно. Ганц монгол хэл дээр гэлтгүй, ирсэн бүх зочиндоо музейгээ тайлбартай үзүүлэх, бэлэг дурсгалын дэлгүүр,  кофе шоп, боловсон 00, тохилог орчин бүрдүүлж ажиллахыг эрхэмлэж байна. Манай музей Эрдэнэзуу хийдээс буюу Эрдэнэзуу музейгээс ердөө 500 метр зайтай. Тиймээс хоёр музейгээ холбосон жуулчны гудамж хийх юмсан гэж бодож байна. Хоёр музейн хооронд тав тухтай сайхан цэцэрлэгт гудмаар алхангаа, Хархорины иргэдийн ажиллуулдаг хоол, цайны газар, бэлэг дурсгалын болон хүнсний дэлгүүрүүдээр орж, тав тухтай үйлчлүүлээд явдаг тийм сайхан жуулчны жишиг гудамж хийхсэн гэж бодож байгаа. Мэдээж Эрдэнэзууг  жилдээ үздэг 70-80 мянган хүн манай музейг үзээсэй гэж хүсэж байна. Энэ нь ганцхан манай музейд ашигтай биш юм. Сум, орон нутаг, ирж буй жуулчид гээд бүхий л талд хэрэгтэй зүйл болно. Мөн манай музейд шинээр хэрэгжүүлж буй олон ажлууд бий. Музей гэдэг зөвхөн үзээд гардаг орчин биш. Тэнд очсон хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон, сэтгэл ханамж өндөр тайван өнгөрөөх ёстой. Ядаж л музейгээс гарахад нь тоглоод, зургаа авахуулаад өнгөрөх том хэмжээний шатар гэдэг ч юм уу. Бага, балчир хүүхдүүд музей үзэхэд тийм ч сонирхолтой биш тул ээж, аав нь музей үзэж байх хоорондоо саатаж байдаг уламжлалт тоглоомын гэр гээд олон олон шинэлэг үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажиллаж байна.

-Хоёулаа музей, музейд ирдэг хүмүүсийн талаар жаахан ярилаа. Харин музейн ажилчдын ажиллах орчин, нийгмийн баталгаа хэр байдаг юм бэ?

-Манайх музейн зориулалтаар баригдсан орчин үеийн барилгатай учраас ажиллах орчны хувьд маш сайн. Харин нийгмийн асуудлын хувьд ярих юм бол музейд яг сэтгэлтэй хүмүүс л ажиллаж байгаа. Төрийн бүх байгууллагуудаас төрийн үйлчилгээний байгууллагуудын цалин бага гэдэг. Тэр ч утгаараа багш, эмч нар цалингаа нэмүүлье гэж байнга ярьдаг шүү дээ. Төрийн үйлчилгээний байгууллага дундаа музейн ажилчид хамгийн бага цалинтай. Тухайлбал, багш эмч нараас даруй 20 хувь доогуур цалин авдаг. Дунджаар  400 гаруй мянган төгрөгийн цалинтай.

-Хоёулаа хувийн болон хувьсгалын олон зүйл ярилаа. Энэ хүргээд ярилцлагаа өндөрлөе. Тиймээс сүүлчийн асуултыг өөрт тань нээлттэй үлдээе?

-Би дээр дурдсан энэ албанд хавар томилогдсон. Магадгүй намайг томилогдоход эсэргүүцэж бодсон ч хүмүүс бий байх. Миний бодол, зарчим юу вэ гэвэл ямар ч байгууллагад дор хаяж тухайн салбарт гурван жил ажиллаж байсан хүн томилогдож байгаасай гэж боддог. Би музейд хамгийн доод албан тушаалтнаас нь эхлээд, тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтнаас захирал болсныг зарим хүмүүс мэдэхгүй байх. Мэдээж энэ салбарын бус хүмүүс намайг мэдэхгүй ч Монголд байгаа 40 гаруй музейнхэн бол гадарлана байх. Тиймээс намайг энэ албанд томилсныг ялангуяа залуучуудын  ирээдүйд нь итгэл төрүүлж, зүрхэнд нь гал асаасан томилгоо болсон гэж боддог. Салбартаа удаан хугацаанд ажлаад ахиж, дэвшиж болдог юм байна гэсэн итгэл ,зөв үлгэр дуурайлал болж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Миний энэ томилолтыг зөвтгөж байгаа олон хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ үгийг би мэргэжлийн бус хүмүүсийг музейн салбарт томилдог, томилох гэж оролддог хүмүүст зориулж хэлж байгаа юм шүү.