ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Бадамсүрэн: Төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд байгаль орчноо сүйдэлж болохгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-25

Дорнод аймгийн Засаг дарга болон ИТХ  газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг гаргаснаас болж, улс өдөрт 770 сая төгрөгийн хохирол амсаж байгаа гэж УУХҮ-ийн сайд мэдэгдсэн. Харин сард Монгол Улс 23 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал хүлээж байна  гэсэн юм. энэ талаар Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

- Таны гаргасан шийдвэрээс болж, улс өдөрт 770 сая төгрөгийн хохирол амсаж байна. Энэ үнэн үү. Ямар учиртай шийдвэр юм бэ. Хэзээ гаргасан юм бэ?

-Аймгийн ИТХ-ийн тогтоол болон Засаг даргын захирамжийн дагуу өнгөрөгч есдүгээр сарын 24-ний өдөр гарсан. Захирамжид  газрын доорх гүний усыг батлагдсан буюу гэрээнд заасан боломжит нөөцөөс газрын тосны олборлолтод хэтрүүлэн ашиглаж байгаа юм. Тиймээс энэхүү үйлдлийг түдгэлзүүлэн зогсоох, газрын тосны 19 болон 21 дүгээр талбайгаас шороон замаар олон салаа зам гарган тээвэрлэж байгаа. Энэ нь хатуу хучилттай авто зам барих тухай, барьсны дараа тээвэрлэлт хийх тухай, аймгийн ИТХ-ын тогтоол ЗТХ-ийн сайдын тушаалыг мөрдөж ажиллахгүй байгаа учраас холбогдох хуулиудыг зөрчиж, шаардлага хүлээж авахгүй байна. Тиймээс хуулийн дагуу тээвэрлэлтийг зогсоох шийдвэр гарсан.

-Хатуу хучилттай автозамаар тээвэрлэлтээ хийж болно биз дээ. Нийтэд нь зогсоох шийдвэр нь гаргасан жаахан учир дутагдалтай юм биш үү?

-Дорнод аймгийн Матад сумын 19 дүгээр талбайгаас хатуу хучилттай замаар  газрын тосны тээвэрлэлтийг хийж байгаа. Бид зөвхөн шороон замаар олон салаа зам гарган явж байгаа тээврийн хэрэгслийг түдгэлзүүлсэн. Автозамаар тээвэрлэлт хийхийг нь зөвшөөрч байгаа.  Усны хувьд батлагдсан нөөцөөс хэтрүүлэн ашиглаж байгаа тул байгаль орчныг хамгаалах  үүргийнхээ дагуу шийдвэрээ гаргасан.

-Өмнө нь ийм асуудал гарч байсан уу?

-Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 24-нд тээврийг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байсан. Тэгээд АМГГ, Дорнод аймаг болон “Петрочайна дачин тамсаг” ХХК-тай гурван талт гэрээ байгуулсан. Энэ онд багтааж хатуу хучилттай замаар холбоно. Байгаль орчныг хамгаалж, нөхөн сэргээж ажиллана гэж  гэрээ байгуулсан боловч биелээгүй. Нөхцөл байдал иймдээ хүрсэн тул БОАЖЯ, УУХҮЯ зэрэг холбогдох газруудад хандсан. Тэдэнд хандаад энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй. Тиймээс ИХТ болон аймгийн Засаг дарга миний бие дээрх шийдвэрийг гаргасан.

-Улстөржилтөөс болж ийм шийдвэр гаргасан юм биш биз дээ?

-Улс төржөөгүй. Нутаг усныхаа байгаль дэлхийг бодсон шийдвэр.

-БНХАУ-тай  хийсэн гэрээ хэлцэлд хүндрэл учирч байна

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг”  ХХК нь Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Ер нь хаанахын ямар ч компани  бай Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг биелүүлж ажиллах ёстой. Төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд байгаль орчноо сүйдэлж болохгүй. Хятадад шороон замаар тээвэрлэлт хийдэг уул уурхай гэж байхгүй. Монголын байгаль орчны асуудал хамаагүй юу.

-Танд хариуцлагын асуудал ярьж магадгүй гэсэн мэдээлэл байна?

-Шийдвэр гараад сар болж байна. Хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй. Хэн нь буруу, хэн нь зөв  яриад байгаагаа тогтоолгож болно. Эх орныхоо төлөө бид шийдвэр гаргах эрхтэй. Энэ нутаг орон чинь хариуцах эзэнтэй шүү дээ. өнөөдөр ус чухал уу. Мөнгө чухал уу. Яагаад ингээд байгааг ойлгохгүй байна. Энэ өнөөдөр үүссэн асуудал огтоос биш.