ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Цогтгэрэл: ЖДҮХС-гаас гэхэд л 6977 зээл олгосон байгаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-01

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн асуудлаар МҮАН-ын, үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.

-ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан тухай яригдаж байна. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан сайд нарын садан төрлийг дэмжих сан болоод хувирчихсан нь эндээс харагдаж байгаа юм. Маш олон жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, иргэд 50 сая төгрөг авахын төлөө 5-10 жил хүлээж байгаа. ЖДҮХС-гаас зээл авах гэж 14 жил хөөцөлдөөд одоог хүртэл авч чадаагүй иргэн өчигдөр ярьж байна билээ. Тэр хүний хувьд гар урлалын үйлдвэр эрхэлж, түүнтэйгээ зэрэгцүүлэн уран зураг, яруу найраг, кино зохиол бичдэг хүн юм билээ. Ийм хүнд зээл олддоггүй атлаа сайд дарга нарт хэдэн тэр бумаар олгоод байгаа нь шударга бус хэрэг. Гэтэл их хэмжээний мөнгө зээлсэн дарга нар түүнийгээ зориулалтын журмаар бус банкинд хадгалуулах юм уу банк бус санхүүгийн байгууллагаар хэд дахин өндөр хүүтэй эргэлдүүлж, мөнгө угааж байгаа. Энэ бол үнэхээр ёс зүйгүй асуудал мөн. Тэд хариуцлага хүлээх ёстой. 

-Зээл авсан гэх гишүүдийн ихэнх нь 950 сая төгрөг авсан гэж байна. Энэ ямар учиртай юм бол. Гажуудлыг яаж  залруулах ёстой гэж үзэж байна вэ?

-2006 онд батлагдсан Сангуудын тухай хууль гэж бий. Энэ хууль батлагдсанаас хойш улсын хэмжээнд 29 сан байгуулсан байдаг. Сан бүрийг холбогдох сайд нарын багцад хуваарилдаг. Эдгээр сангуудад нийт 236 удаа нэмэлт оруулсан. Өөрөөр хэлбэл, шинэ сайд гарах бүрт өөрсөддөө тааруулах гэж нэмэлт хийдэг юм. Үүнтэй холбоотойгоор маш олон сангуудыг хаасан. Учир нь сангийн мөнгийг хэрэглэчихээд эргээд тайлагнах гэхэд бүгд орооцолдох болдог учраас шууд хаачихдаг. Тиймээс бүх сангуудыг анх байгуулагдсан цагаас эхлээд бүгдийг нь мөшгиж, шалгах хэрэгтэй юм. ЖДҮХС-гаас гэхэд л жижиг, дунд үйлдвэрийн зориулалтаар 6977 зээл олгосон байгаа. Үүний дөнгөж 20 хувь нь буюу 1500 орчим нь л очих ёстой эзэндээ хүрсэн. Үлдсэн 80 хувь нь хаана байна вэ. 7000 мянга орчим үйлдвэрүүд хаана байна вэ гэдгийг эрэн сурвалжилж, олох цаг болсон. 

-Үнэхээр ЖДҮХС-гаас сонгон шалгаруулалтгүйгээр мөнгө өгөх боломж байдаг юм уу. Сайд үүнд яаж оролцдог юм бэ?

-Яг яаж оролцдог гэдгийг мэдэхгүй байна. Би Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд байхдаа үйлдвэр хөгжүүлэх “888” төслийг шалгаруулаад нийгэм эдийн засагт онцгой чухал гэсэн жагсаалтыг гаргаж, тухайн үед Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам руу явуулж байлаа. Тэндээсээ арилжааны банкуудаар дамжин зээл олгогддог байсан юм. Олгосон зээлүүдийг эргээд үзэхэд ихэнх нь эрх мэдэл бүхий хүмүүс, банкны шийдвэр гаргагчид, тэдний ойр дотны хүмүүсээс гадна барьцаа баталгаагаа гаргаж чадах эдийн засгийн чадамжтай хүмүүс байдаг. Хамгийн гол асуудал нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд барьцаа гэх юм бараг байдаггүй. Тухайн үед Батлан даалтын сангийн хөрөнгө болгож 500 орчим сая төгрөгийн баталгаа гаргаж байсан. Тэр үед би энэ мөнгийг хоёр тэрбум төгрөг болгоё гэж хөөцөлдөж байлаа. Баталгаа, барьцаа гаргаж чадахгүй учраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээл авч чадахгүйд хүрнэ. Авлаа гэхэд хүссэн хэмжээний зээлээ авч чадахгүй. Тухайлбал, тэрбум төгрөгийн зээл хүссэн байхад 300 сая төгрөгийн зээл олгоход тухайн төсөл хэрэгжих ямар ч боломжгүй шүү дээ. Яг ийм шалтгаанаар олон төсөл хэрэгжихгүй байгаа. Мөн иргэд мэдээлэл дутуу, хөөцөлдөж чадахгүйгээс гадна барьцаагүйгээс үүдэж жирийн жижиг, дунд бизнес эрхлэгч зээл хүртэх нь маш хүндрэлтэй байгаа юм. Тэгэхээр сангууд хөрөнгө, мөнгөтэй хүнийг л дэмждэг болсон гэсэн үг. Зөвхөн Цэвэр агаар сангийн хөрөнгө мөнгө дутагдсанаас болж удирдлагууд нь шинэчлэгдсэн. Түүнээс бусад бүх сангууд зөрчил гаргадаг хэдий ч чимээгүй дараад өнгөрч байгаа. Сангуудыг хаагаад, шинээр нээгээд байгаагийн учир нь шинэ Засгийн газар гарч ирээд, тухайн санг ашиглах гэхэд өмнөх Засгийн газрын хүмүүсийнх байдаг. Тэднийг өөрчилж өөрсдийнхөө хүнийг тавихын тулд санг нь хааж, хуульд дахиж нэмэлт өөрчлөлт оруулж, тэр сувгаараа дахиад л идэж, уудаг. Ийм л замбараагүй, хяналтгүй зүйл байгаа юм. Төсвийн хяналт, зарцуулалт, орлого, сангуудын зарцуулалт, гадаадын зээл тусламж олон, түмэнд ил байдаггүй, хяналтгүй зүйлсийн идээ бээр нь шахагдаж эхнээсээ олон түмэнд ил болж байна. Үүнд хэвлэл, мэдээллийнхний үүрэг маш чухал гэдгийг хэлмээр байна.

-Ил болсон нь л ЖДҮХС-гийн зээл болохоос биш, ер нь бол бүх сангуудад ийм асуудал байна гэж ойлгож болох уу?

-Бүгдэд нь байгаа. Банкны тухай хууль 2006 онд батлагдаж, 2007 оноос сангууд байгуулагдсан байдаг юм. Энэ хооронд 40 тусгай сан байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар 29 сан ажиллаж байгаа. Эдгээр сангуудын үйл ажиллагааг бүгдийг нь анх байгуулагдсан үеэс  эхлээд зарцуулалтыг нь хайх ёстой. Ялангуяа үйлдвэрүүдийн зориулалтаар олгосон 6977 төслийн, тэр олон үйлдвэрүүдийг хайх ёстой юм. 

-Зээл өгсөнд нь хариуцлага тооцох ёстой юу эсвэл авсан нь хариуцлага хүлээх нь зөв үү?

-Үүнийг хууль хяналтын байгууллага шийдэх байх. Монгол Улсад үйлдвэрийг хөгжүүлэх гэж зүтгэж байсан хүний хувьд ЖДҮХС-гаас олгосон зээлийг  зориулалтын дагуу ашиглаад, үйлдвэрүүд бий болж, экспортлох хүчин чадал нэмэгдсэн байвал баярлана.  Түүнээс биш хэн нэгнийг буруутгахдаа гол нь биш юм. Харин зориулалтын бусаар ялангуяа улс төрийн зорилгоор ашигласан бол хариуцлага хүлээх ёстой. Үүнийг нотолж, хариуцлага хүлээлгэх нь хууль, хяналтын байгууллагын ажил. 

-Та дэд сайдаар ажиллаж байсан хүн учраас ямар боломж байдгийг сайн мэдэх байх?

-Ажлаа зохион байгуулж байгаа хэлбэрээс л шалтгаалах байх. Нөлөөллийн хувьд бол мэдээж 100 хувь нөлөөлөх боломжтой. Биднй үед тийм зүйл байгаагүй. Ном журмын дагуу шалгаруулаад Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яам руу явуулдаг байлаа. Зээл олгох эсэхийг шийдэх эрх бидэнд байгаагүй. Тэгээд дэмжигдсэн төслүүд нь арилжааны банкууд руу очдог байсан юм. Яам ямар ч зээл олгодоггүй байлаа. Гэтэл арилжааны банкууд мөнөөх барьцаа, баталгааг шаарддаг. Тиймээс барьцаагүйгээс шалтгаалж жижиг, дунд бизнес эрхлэгчид зээл авах боломж маш хомс. Арилжааны банкаар дамжуулах зовлон нь энэ юм.

-Тэгэхээр ямар журмаар олгох нь зөв юм бэ?

-Одоогийн зээл олгох зарчмаа өөрчлөөд Хөгжлийн банк, Төрийн банк нь энэхүү зорилтот зээлийг ямар нэг барьцаа шаардахгүй шууд олгодог болох ёстой. Шууд арилжааны банкинд хариуцуулчихвал эцсийн үүрэг хариуцлагыг арилжааны банк үүрнэ гэдгээр далимдуулж зээл олгохгүй, нөгөө бага хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкууд ашиглаад өөрсдөө өндөр хүүтэй зээлээ олгоод явчихдаг. 

-Таныг дэд сайд байх үед зээлийн эргэн төлөлт ямар байсан бэ. Хэн хяналт тавьдаг байсан бэ?

-Жижиг дунд үйлдвэрийн сан тухайн үед Хөдөлмөрийн яаманд байсан. Манайд бол хөнгөн болон хүнд үйлдвэрүүдийн төслүүд хамаардаг байсан юм. Эргэн төлөлтийг арилжааны банк хариуцдаг учраас шугамын дагуу төлүүлээд явж байгаа байх. 

-Шалгуур өндөр учраас жирийн иргэд зээл авч чадахгүй байна гэлээ. Шалгуурыг нь өндөр тавьж, анхнаасаа хөрөнгө мөнгөтэй хүмүүст зориулсан юм биш үү?

-Тийм учраас л Батлан даалтын сангийн хэмжээг өндөрсгөөд, зориулалтын дагуу зарцуулах төсөлд ямар нэг хүүний зуучлалгүйгээр шууд олгодог байх хэрэгтэй юм. Ингэхийн тулд Хөгжлийн банк болон Төрийн банк байгуулагдсан юм. Энэ хоёр банк өнөөдөр арилжааны банкуудтай яг адилхан бусад банктайгаа өрсөлдөөд арилжааны зээл олгоод байгаа юм. Үндсэн зориулалт нь нийгэм эдийн засагт чухал байгаа бага хүүтэй зээлүүдээ шууд олгох ёстой шүү дээ. 

-Зориулалтын бусаар ашиглаж байгаа талаар тоон мэдээ байна уу?

-Одоогоор чиг үүрэг байхгүй учраас энэ талаар нарийн мэдээлэл алга.