Тэртээх 40 жилийн өмнө амьдралын эрхээр зүү утас сүвлэн анхны шаглааг хийж асан 13 настай жаахан охин бол өнөө цагийн “Ур ундрах” компанийн захирал, Аюурзанын Алтантуяа юм.
Эцэг, эхээсээ өнчирч хоцорсон жаахан охин хатуу орчлонг халгаж, дальдарч биш, сөрж боссон түүх ингэж эхэлсэн юмсанж. Амьдрал алгаа дэлгэхээрээ сайхан гэдэг. Үнэхээр ч тийм ажээ. Тэр цагийн дулимаг жаахан оёдолчин өнөөгийн монгол түмний оёдол, урлалын чиг хандлагыг тодорхойлж, уламжлалын түүчээ болж явна. Түүний байгуулсан “Ур ундрах” компани эгэл ардын дээлээс эхлээд төрийн тэргүүний гоёлыг хүртэл урлаж, 15 жилийг үджээ. “Ур ундрах” хэмээх нэрийг МУСГЗ Пүрэвбат лам хайрласан бөгөөд, үеийн үед монгол хүний ур ухаан ундран байхыг билгэдсэн нэр хэмээн А.Алтантуяа гуай хуучлав. Тэрбээр оёдлын салбарт ажилласан 40 жилийн хугацаандаа 20 гаруй мянган оёдолчинд багшилсан бөгөөд 200 гаруй гарын шавьтай гэнэ. Уран ээжийн авьяасыг өвлөж төрсөн болоод өөрийнхөө хоёр охиноо ч мөн оёдлын салбарт ажиллуулж байгаа аж. Том охин нь ээжийнхээ компанид хувцасны дизайнер бол харин бага охин нь малгайн дизайнераар ажилладаг байна. Түүний аав, ээж хоёулаа гарын ур дүйтэй, удмын уран хүмүүс байжээ. Тиймээс ч тэрбээр үр, хүүхэд ач зээгээ гарын урлал, эгэл жирийн хөдөлмөрөөс хэзээ ч хөндийрүүлэхгүй хэмээн ярих аж. Эмэгтэйчүүдээ үйл ураар нь шинждэг байсан монгол туургатны эртний уламжлал, хөдөлмөрт суурилсан сэтгэлгээ хэзээ ч тасрах ёсгүй гэж ярив. Үнэхээр хөдөлмөрт суурилсан сэтгэлгээ гэдэг монгол түмний дархлаа мөн. Балчир наснаасаа хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэсэн тэрбээр өнөөдөр санасандаа хүрч чаджээ. Гэвч сэтгэл чилээж, санаа зовниж явдаг зүйл багагүй байдаг аж.
Үндэсний хувцасыг загвар нэрийдлээр эвдэх нь буруу хэмээн үздэг байна. Сүүлийн үед монгол дээл болон олон ястны үндэсний хувцсыг загвар хэмээн үндсэн хэв маягийг алдагдуулж байгаад ихэд эмзэглэж явдаг аж. Дархад уу эсвэл буриад хүн үү гэдгийг өмссөн дээлийг хараад ялгадаг байсан тэр цаг үе шиг өнөөгийн хүмүүс ч ямар үндэсний хувцас өмссөн бэ гэдгийг хараад л мэддэг байх хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Тийм ч учраас “Ур ундрах” компани чанарыг эрхэмлэж, уламжлалыг барина гэсэн үндсэн чигийг барьж ажилладаг аж. А.Алтантуяа гуайн сэтгэл чилээн эмзэглэж явдаг бас нэгэн зүйл бол монгол оёдолчид БНХАУ болон Өвөрмонгол руу олноор гарч байгаа явдал юм. Сүүлийн жилүүдэд Өвөрмонгол руу манай улсын олон зуун авьяаслаг уран оёдолчид гарч, тэдний урласан бүтээлүүд тухайн улсын оёдлын салбарыг тодорхойлж, монгол ур ухаан, монгол хэв маяг шингэсэн тэдгээр бүтээлүүд харийн орны соёл, хэв маяг болон хувирч байгаа нь хамгийн харамсалтай хэрэг хэмээн ярилаа. Төрийн дэмжлэг дутмагаас үүдэн тэдгээр олон зуун оёдолчид амьдралын эрхээр ийнхүү хилийн чанадыг зорьдог аж. Тэрбээр “Монголын төр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих шаардлагатай. Төрийн түшээд таван саяын үнэтэй костюм өмсөөд даналзах бус, бидний урласан үндэсний хувцсыг өмсөх нь л дэмжиж байгаагийн нэг хэлбэр шүү дээ” хэмээн ярив.
Хамгийн гол нь өрхийн үйлдвэрлэл гэхээсээ илүү үйлдвэрлэл явуулж, ажлын байр нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олгож, ажлын байрыг өргөжүүлэх замаар дэмжлэг үзүүлбэл илүү олон хүнд үр өгөөжтэй гэдгийг ч онцолж байлаа. Түүнээс хэдэн салбартай вэ хэмээн асуухад “Салбарын тоог нэмнэ гэхээсээ илүү хэрэглэгчдэд чанараараа танигдахыг хүсдэг. “Ур ундрах” гэсэн нэрийг хэлэхэд л хамгийн түрүүнд чанар гэдэг ойлголт хүмүүсийн толгойд буудаг бол тэр л амжилт шүү дээ” гэсэн юм. Үнэхээр ч түүний хэлснээр ямар ч зүйлд тооноос илүү чанар л амжилтын үндэс байдаг билээ.
“Ур ундрах” компани нэг загварыг бүх нийтийн хэмжээнд биш зөвхөн тухайн захиалагчид зориулдгаараа онцлог гэнэ. Өөрөөр хэлбэл, таны захиалж хийлгэсэн ямар ч загварыг таниас өөр хэн ч өмсөхгүй гэсэн үг юм байна. А.Алтантуяа гуай оёдлын газрууд бие биенийхээ хийсэн бүтээлийг хуулбарлан, тархай бутархай байдлаар явах биш, нэгдэн нийлж, нэгэн зорилгын төлөө ажиллаж чадвал Монголын оёдлын салбар илүү боловсронгуй болж, хөгжих боломжтой гэдгийг ч хэлэв. Ингэж чадвал оёдолчдоо экспортод гаргах биш монгол хүний ур ухаан шингэсэн бүтээлүүдээ дэлхийн зах зээлд хүргэх боломжтой аж. Оёдлын салбарт тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол оёдолчин олдохгүй байгаа явдал. Залуу үеийн охид диплом өвөртөлж, компьютерийн ард суухыг эрхэмлэх болсон учраас эртнээс эдүгээг хүртэл уламжлан ирсэн монгол эмэгтэйн үйл ур тасалдах аюул хаяанд байгааг учирлав. “Ур ундрах” компани олон хүнийг ажлын байраар хангаж, цалинжуулж байгаа аж. Тэдэнд тулгараад байгаа асуудлын нэг нь татвар. Тиймээс манай сониноор дамжуулан төр засгийг оёдлын салбарт ажиллаж байгаа иргэдийн татварыг эргэж нэг хараач гэсэн хүсэлтийг тавьсан юм.
Юу байна, түүгээрээ дайл гэдэг. А.Алтантуяа гуай яг л тийм сэтгэлтэй эмэгтэй юм билээ. Тэрбээр “Болор цом” яруу найргийн наадмын шагналт байруудад жил бүр өөрийн брэндийн үндэсний хувцас бэлэглэдэг уламжлалтай гэнэ. Харин энэ жилийн “Болор цом” яруу найргийн наадамд байгаль хамгаалах сэдэвтэй шүлгээр оролцсон найрагчдад үндэсний иж бүрэн хувцас бэлэглэнэ гэдгээ дуулгав. Мөн оёдолчин байхын бахархам сайхан зүйлсээс эхлээд энэ салбарын гажуудал, алдаа эндэгдлийг ч ярив. А.Алтантуяа гуай Олон улсын үзэсгэлэнгээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж явсан залуу насаа дурсах дуртай юм билээ. Өөрийн авьяас билэг, ур ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан урласан бүтээл нь дэлхийн энтэй үнэлэгдсэнд одоо ч бахархаж явдагаа ярьсан юм. Хөдөлмөрлөж, сэтгэл гаргаж, уйгагүй байж чадвал амжилтад хүрдэгийг өөрийн амьдрал, туулсан замаараа батлан харуулжээ.
Оёдолчин бүсгүйтэй ярилцсан богинохон хугацаанд хөдөлмөр хүнийг хүчтэй бас хүнлэг болгодог гэдгийг ойлгосон юм. Үеийн үед үйл бүтэж, ур ундарсаар байх болтугай, сайхан эгч минь.