ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Нурбек: Монгол Улс “PSLD” дурангийн мэс заслыг нэвтрүүлсэн дөрөв дэх улс боллоо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-05

“Грандмед” эмнэлгийн нуруу, нугасны мэс заслын эмч Б.Нурбектэй ярилцлаа.

-Дэлхий дахинд дөрвөн улсад хийдэг нуруу нугасны дурангийн мэс заслыг танай эмнэлэгт хийдэг гэж дуулсан. Энэ мэс заслын талаар тайлбарлаач. Энэ төрлийн мэс засал хийдэг дөрвөн улсын нэгэнд манай улс орж байна гэсэн үг үү?

-Анхны дурангийн мэс заслыг 1973 онд Кембрин гэх хүн хийсэн байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн дискний ивэрхий буюу бидний нэрлэж заншсанаар диск нь цүлхийсэн хүмүүст хийдэг мэс засал юм. Харин бидний нэвтрүүлээд байгаа шинэ төрлийн дурангийн мэс засал бол 2016 онд гарсан PSLD гэх мэс засал юм. Манай улс энэ мэс заслыг нэвтрүүлсэн дөрөвдэх улс болсон. Уг мэс заслын хувьд дискний ивэрхийг авахаас гадна мэдрэлийн сувгийн нарийслыг засдагаараа давуу талтай. Хүний мэдрэлийн үйл ажиллагаа нугалам дотор тусгай сувгаар явдаг бөгөөд тэр суваг нарийсахыг мэдрэлийн сувгийн нарийсал гэж нэрлээд байгаа юм. Энэ суваг нарийссанаар мэдрэл дарагдан өвдөлт өгч эхэлдэг. Дээр үед голдуу 50-иас дээш насны хүмүүс энэ өвчнөөр өвддөг байсан бол одоо жин ихтэй, биеийн хүнд хөдөлмөр эрхэлдэг зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан залуучууд их өвдөх болсон. Нуруу огт өвдөггүй хүмүүсийн “MRI” зургийг харахад 24 хувьд нь тодорхой хэмжээний сувгийн нарийсал үүссэн байдаг. Гадаадын нэг эрдэмтэн нуруу нь огт өвддөггүй 21 хүнийг долоон жилийн турш судлахад тэдний долоо нь мэдрэлийн сувгийн нарийслын оноштойгоор мэс засалд орсон байдаг. Тиймээс нуруу өвдөх зовиургүй байлаа гээд эрүүл гэсэн ойлголт биш юм. 

-Тэгэхлээр нуруу нугасны дурангийн мэс заслыг манай улс өмнө нь хийж байсан юм байна. Шинээр нэвтрүүлсэн гэх мэс засал бол түүний ахисан түвшний  арга гэж ойлгож байна?

-Өмнө нь хийж байсан дурангийн мэс заслын хувьд зөвхөн дискний ивэрхийд зориулсан мэс засал байсан. Тус дурангийн мэс засал нь үр дүн багатай байсан юм.

-Энэ төрлийн мэс заслыг манай улсад хийж эхэлснээс хойш хичнээн хүн орсон бэ. Хэзээнээс хийж эхэлсэн юм бол?

-2018 оны нэгдүгээр сард PSLD мэс заслыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар 100 гаруй хүнд энэ мэс заслыг хийгээд байна. Мэс засалд орсон хүмүүсийн дийлэнх нь өндөр настай хүмүүс байгаа. Залуучуудын хувьд ихэвчлэн дискний цүлхийлттэй холбоотойгоор өвддөг бол настай хүмүүс мэдрэлийн сувгийн нарийслаар голдуу өвдөж байна. Энэ төрлийн зовиуртай хүмүүс манай улсад түгээмэл байгаа хэдий ч төлбөр тооцооны асуудлаас шалтгаалан мэс засалд орж чадахгүй байгаа хүн олон байна.

-Ямар өртгөөр хийдэг юм бол?

-Манай эмнэлэг 2000-3000 мянган ам.долларын хооронд энэхүү мэс заслыг хийж байна. БНСУ-д 20 мянган ам.доллароор хийдэг юм билээ. Манай эмнэлгийн хувьд түүнээс 10 дахин хямд үнээр хийж байна гэсэн үг.

-Мэс засалд орсон тохиолдолд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлэх үү?

-Одоогоор хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт байхгүй. Гэхдээ миний хувьд улсын эмнэлэг, хувийн эмнэлэг гэж ялгалгүйгээр мэс заслын зардлын тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас хөнгөлдөг байхыг дэмжиж байгаа.

-Мэс засалд орсон хүмүүст хэдэн жилийн баталгаа өгдөг бэ. Үр дүн нь хэр баталгаатай байдаг юм бол?

-Эмнэлгийн байгууллагад баталгаа гэсэн ойлголт байдаггүй. Бид зөвхөн үр дүнг ярьдаг. Тухайн мэс заслын хувьд 92 хувийн үр дүнтэй, найман хувийн эрсдэлтэй байдаг. Одоогоор эрсдэл гарсан тохиолдол байхгүй байна.

-Таныг олон улсад урилгаар илтгэл тавьж, лекц уншдаг гэж дуулсан. Энэ талаараа сонирхуулаач? Хаана хаана илтгэл хэлэлцүүлсэн бэ?

-Олон улсын хуралд оролцогчдыг дөрвөн түвшинд хуваадаг. Эхнийх нь хуралд оролцож, илтгэлүүд сонсох түвшний хүмүүс. Хоёрдугаар шатлалынх нь тус хуралд илтгэлээ явуулж, тэнцсэн тохиолдолд олон улсын хуралд өөрийн илтгэлээ хэлэлцүүлдэг оролцогчид байдаг. Тус хуралд 10 мянган илтгэл очлоо гэхэд эхний найман илтгэлийг л шалгаруулдаг жишээтэй. Тэр 8-д багтаж чадвал илтгэлээ хэлэлцүүлнэ гэсэн үг. Миний хувьд эхний 2, 3-н жилд илтгэлүүд маань тэнцэж, АНУ болон Австралид өөрийн илтгэлүүдээ хэлэлцүүлсэн. Харин гуравдугаар түвшний оролцогч гэдэг нь олон улсын хуралд тусгай урилгаар очиж, илтгэл хэлэлцүүлдэг оролцогчыг хэлнэ. Дөрөвдүгээр шатлалын хувьд тэрхүү хурлыг удирдан, зохион байгуулж явуулдаг хүмүүс байдаг. Дэлхий дахинд АНУ, Ази болон Европ гэсэн гурван төрлийн арга байдаг. 1973 онд эхэлчихсэн бичил мэс заслыг манай улсад 2013 онд төлөвшүүлэхийн тулд хуулахаас өөр арга байхгүй. Хуулж авахдаа энэ гурван аргын алиныг нь авах вэ гэдэг асуудал гардаг.

Манай улсын хувьд Азийн буюу БНСУ-ын эмч арга барилыг нутагшуулсан. Алийг нь баримтлах вэ гэдгийг сонгохдоо энэ чиглэл нь зөв байна уу, үгүй юу гэдгийг жил бүр заавал баталгаажуулж байх ёстой юм. Бидний хувьд эхлээд илтгэлээ Австрали руу явуулахад баримталж байгаа чиглэл зөв байна гэсэн хариуг өгсөн. Түүний дараагийн жил АНУ руу явуулсан. Мөн ялгаагүй яг зөв байна хэмээн дүгнэсэн юм. Тиймээс нэгэнт замаа зөв олсон учраас технологийг илүү сайжруулах хэрэгтэй. Миний өмнө нь хэлэлцүүлж байсан илтгэлүүд мэс заслын үр дүнг ярьж байсан бол сүүлийн үеийн илтгэлүүдийн хувьд шинэ технологиудыг ярьж байна. Эрүүл мэндийн салбарт гадны орны эмчилгээний аргыг нэвтрүүлнэ гэдэг цамцны үйлдвэрийн цамц хийх аргыг даган дуурайж хийхтэй адил зүйл биш. Энэ нь хүний биед хийгдэх ажилбар учраас хуулсан ч гэсэн учиртай хуулах ёстой. Тухайн үндэстний онцлог, ахуй амьдралын байдал зэргийг нь харгалзан, Монгол Улсын гэсэн тодорхой аргыг гаргаж ирж байна гэсэн үг. Олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлнэ гэдэг нь тэр аргаа л танилцуулж, шалгуулаад байна гэсэн үг. 

-Тэгэхлээр мэс засал хийх арга нь улс болгоных өөр өөр гэсэн үг үү?

-Тийм ээ өөр байдаг. Салбар бүхэн өөр, өөр арга барилтай байдаг юм. Тухайлбал АНУ хавдрын салбарт дэлхийд тэргүүлдэг бол, Япон улс зүрхний салбарт, БНСУ нуруу нугасны салбарт гэх мэтчилэн. Тиймээс бид тэдгээрийн дундаас өөрийн гэсэн технологи, арга барилтай болох нь чухал.

-Нуруу нугасны өвчин Монгол Улсад хэр их байна вэ. Үүний шалтгаан нь юу байна вэ?

-Нуруу нугасны өвчин дэлхийд тэргүүлээд байгаа өвчнүүдийн нэг биш. Дэлхийн бүх орнууд адилхан байгаа. Гэхдээ сүүлийн үед нурууны өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа. Орчин үеийн анагаах ухааны гол зорилго бол хүнийг насыг уртасгах юм. Тэгвэл хүний нас уртасахад түүнийг дагаад амьдралын чанар нь сайн байх ёстой. Чанартай амьдрахын тулд нуруу нугас гол үүрэг гүйцэтгэдэг. Нас ахих тусам хүний нуруу нугас өвддөг. Өвчилж байгаа шалтгааны хувьд янз бүр байна.  Эрдэмтэд хүнд ажил хийдэг хүмүүсийг  ажил хийдэггүй хүмүүстэй, удаан хугацаагаар суугаа ажил хийдэг хүмүүсийг бусад төрлийн ажил эрхэлдэг хүмүүстэй харьцуулан судлахад бүх хүний нуруу ялгаагүй 30 хувийн өөрчлөлттэй гарсан байдаг. Тиймээс дэлхийн анагаах ухааны эрдэмтэд хүн хүний царай, төрх өөр байдаг шиг дискний чанар нь мөн өөр өөр байна гэж тодорхойлох болсон. Өөрөөр хэлбэл,  удаан сууснаас дискний чанар нь мууддаг хүн байхад  хичнээн удаан суусан ч дискний чанарт өөрчлөлт орохгүй хүмүүс байдаг. Тэгэхлээр өвчний шалтгааны хувьд тухайн хүний биеийн онцлог, бүтцээс хамаарч байна гэсэн үг. 

-Диск гэдэг ойлголтыг тайлбарлаж өгөөч. Нурууны үеийг хэлээд байна уу?

-Хүний үенд нугалам гэж байдаг. Тэр нь тонгойж, гэдийх хөдөлгөөн хийхээс гадна нугасыг хамгаалж байх үүрэгтэй эрхтэн юм. Тэгвэл нугалмыг тонгойх, гэдийх хөдөлгөөн хийхэд дунд нь аморжины үүрэг гүйцэтгэж байдаг эрхтэн юм. Диск гэдэг их өвөрмөц эрхтэн л дээ. Хүнийг найман нас хүртэл судастай байснаа, түүнээс хойш судасгүй болчихдог. Тийм учраас найман наснаас хойш эрт элэгдэлд орох эрсдэл өндөр болдог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэжээл байхгүй болчихдог гэж ойлгож болно. Шүд цоороход эм уугаад эргээд битүүрдэггүйтэй адилхан диск нэг л гэмтвэл эргээд хэвэндээ ордоггүй. 

-Дискээ хамгаалахын тулд яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Монгол Улсад нэг гажуу тогтолцоо үүсээд байгаа юм. Мэдрэлийн чиглэлээр төгссөн хүн бүр нуруу нугасны тухай ярьдаг, физик эмчилгээ төгссөн хүн бүр нурууны тухай ярьдаг. Гэтэл нурууны мэргэжилтэн гэж тусдаа бэлтгэгдэх ёстой байдаг. Манай улсад тусад нь бэлтгэхгүй байна. Тиймээс нурууны өөрчлөлттэй байвал аль болох эрт оношлуулж, хамгаалах тусгай дасгалуудыг хийж байх хэрэгтэй. Гэхдээ дасгал болгон сайн гэсэн үг биш. Спорт болгон хүний биед сайн биш. Тухайн хүнд тохирох дасгалыг мэргэжлийн хүмүүс үзэж, оношилж байж зааж зөвлөнө. Түүнээс биш нэг хүнд сайн нөлөө үзүүлсэн дасгал нөгөө хүнд мөн тохирно гэсэн ойлголт биш юм.

-Үе мөч дугарч байгаа нь диск нь гэмтсэн гэсэн үг үү?

-Дуу авиа гарна гэдэг физикийн талаас тайлбарлах юм бол хоёр вакум зүйл салахдаа дуугардаг. Аливаа үе дотроо шингэнтэй гадна талдаа хоёр капсултай байх бөгөөд тэдгээр капсулын дунд вакум зай байдаг. Тиймээс үе дуугарна гэдэг өвчин биш хэвийн үзэгдэл юм. 

-Манай улс нуруу нугасны шинэ төрлийн дурангийн мэс заслыг хийдэг дөрвөн орны нэг гэсэн. Тэгэхлээр нуруу нугасны эмчилгээгээр дэлхийд эхний тавд ордог гэж ойлгож болох уу?

-Дурангийн мэс засал гэдэг 1973 онд эхэлсэн тухай түрүүн хэлсэн. Гар утас аналоги технологи руу шилжлээ гэдэг шиг дурангийн мэс заслын шинэ үе эхэлж байна гэсэн үг. Өмнөх аргууд нь хоцрогдож байгаа юм. Тэр шинэ эрин үе эхлэх эгзэгийг тааруулан манай улс тэрхүү шинэ технологид шилжиж байна гэж ойлгож болно. Манай улс шинээр нэвтэрч байгаа PSLD технологийг нэвтрүүлсэн дөрөв дэх орон болсон. 

-Олон улсын хурлуудын тухай сонирхуулахгүй юу?

-XXI зуун мэдээллийн зуун гэж ярьдаг боловч анагаах ухааны хамгийн үнэн, зөв мэдээлэл олон улсын хурал дээр л яригддаг. Интернэтэд байгаа олон янзын мэдээлэл болон судалгааны ажил хийсэн мэдээлэл гээд бүгд өөр өөрийнхөө технологийг магтсан л мэдээллүүд байдаг. Тэгвэл олон улсын хурал яагаад болж, дэлхийн анагаах ухааны салбарынхан өрсөлдөөд илтгэл тавиад байна вэ гэдэг нь олон улсын технологиос хамгийн зөв мэдээллийг атгаж авахын төлөө юм. Миний өмнө хэлсэн IV шатлалын хүмүүс буюу олон улсын хурлыг удирдаж явуулдаг хүмүүс бол тэр зөв мэдээллийг л атгаж байгаа юм. Зөв мэдээллийг атгаж, шинэ технологийг байнга нэвтрүүлж байдаг гэсэн үг. Миний хувьд III шатлал буюу олон улсын хуралд урилгаар илтгэл хэлэлцүүлэх түвшинд явж байна. Орчин үеийн анагаах ухаан, нуруу нугасны салбарт хамгийн чухал хэрэгтэй зүйл бол нэгдүгээрт тэрхүү олон улсын хуралд байнга оролцдог, хурлыг удирддаг баг хэрэгтэй. Хоёрдугаарт мэс заслыг маш сайн хийдэг чадвар хэрэгтэй. Гуравдугаарт мэс заслын чадварлаг баг, дөрөвдүгээрт дэмждэг захиргаа байх хэрэгтэй. Манай “Грандмед” эмнэлгийн хувьд эдгээр нөхцлүүд бүрдчихсэн байгаа юм. Энэ жил Япон, Тайланд, БНСУ зэрэг орнуудад урилгаар очиж лекц хэлэлцүүлсэн. Ирэх жил АНУ, Индонез улсын хамтран зохион байгуулах олон улсын хуралд уригдсан байгаа. Мөн Филиппин улсын олон улсын хуралд уригдсан.\

-Энэ хурлуудад манай улсаас хэр олон эмч оролцдог юм бэ?

-Манай улсад нуруу нугасны эмч маш цөөн. Нийлээд 10 гаруй эмч л байна. Хамгийн гол нь Монгол Улсаас нэг хүн олон улсын хурлын IV шатлалд орлоо гэхэд дараагийн эмчийг оролцуулахад дөхөм болно. 

-Ярилцсанд баярлалаа.