Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн жолооч нар таван өдөр 08:00-11:00 цагийн хооронд Төрийн ордныг тойрсон замуудад тайван жагсаал хийнэ хэмээн мэдэгдсэн билээ. Энэхүү жагсаал нь өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Манай сонины сурвалжлах баг өчигдөр шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж буй жагсаалыг сурвалжлахаар Сүхбаатарын талбайг зорилоо.
Жолооч нар “Шатахууны үнийг 1500 төгрөгт тогтоон барь” “УИХ тар” гэх мэтээр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн уриа, лоозонг машиныхаа урд нааж, урт цуваа үүсгэн ар араасаа дуут сигналаа дуугаргасаар Төрийн ордонг тойрон явж байсан юм. Цагдаа нар замын хөдөлгөөнийг зохицуулан зам чөлөөлж байв. Жагсаалд оролцож байгаа машинууд сүүлдээ хоёр эгнээ болон явсан бөгөөд цагдаа нар бичиг баримт хураан авч, торгууль бичиж байна хэмээн хөдөлгөөнөө зогсоосон юм. Энэ үед цагдаа нар ирж “Зам дээр түгжрэл үүсгээд байна. Хөдөлгөөнөө үргэлжлүүл” гэв. Машины чиргүүл дээр микрофон барьж УИХ болон Засгийн газарт хандан бусдын өмнөөс дуу хоолойгоо илэрхийлж байсан залуу “Цагдаа нар жагсаалд оролцож байгаа жолооч нарын үнэмлэхийг хураагаад байгаа учир бид хөдлөхгүй” хэмээн хэлэхэд цаанаас нэг цагдаа ирж “Зөрчилтэй байсан этгээдийн бичиг баримтыг авсан юм. Зөрчлийг нь арилгуулсан тул буцааж өгнө. Одоо жагсаалаа үргэлжлүүлж болно” гэсэн юм. Жагсаал зохион байгуулж байгаа залуу “Бид хуулийн дагуу зөвшөөрөл авч, жагсаал хийж байгаа. Тиймээс цагдаа нар саад болох ёсгүй” гэж хэлээд цааш явав. Үүний дараа цагдаа нар жагсаал хийж байгааг баримтжуулж зураг дарж эхэлсэн юм. Өчигдөр энэхүү жагсаал нь 10:40 цагт аль хэдийнэ тарсан байлаа. Уг нь 11:00 цаг хүргэх байв. Гэтэл цагаасаа эрт тарах болсон шалтгаан тодорхой байсан юм. Жагсаал зохион байгуулж буй залуу хэлэхдээ “Ерөнхий сайд уулзана гэсэн гээд дагуулж явсан. Гэхдээ биднийг хуурсан. Та нарт дахиж итгэхгүй. Жагсаалыг зогсоох гэж оролдох хэрэггүй. Ингээд байвал жагсаалын хурц хэлбэрт шилжихээс өөр арга байхгүй” хэмээлээ.
Энэ үеэр жагсаалын талаар “Үнэн худлын дээс” нэвтрүүлгийн хөтлөгч М.Орхонтуулаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Жагсаалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Жагсаал тайван байдалтай, зарчмын дагуу явсан. Өнөөдөр иргэд маш их бухимдалтай байна. Тийм болохоор жагсаал удирдаж байгаа залуус хоёр цуваагаар зогсож зориудаар түгжрэл үүсгэж байгаа юм. Эдгээр хүмүүс бухимдлаа илэрхийлэх үүднээс сигналаа дарж байна.
-Та бүхний тавьж байгаа шаардлага юу юм бэ?
-Бид Ерөнхий сайд биднийг хүлээн авч уулзаач гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ хамгийн гол нь шатахууны үнийн хөөрөгдлийг буулгаж өгөхийг хүсч байна. Дэлхийн зах зээлд өнөөдөр найман ам.доллароор буусан байна. Солонгост 130 воноор буусан. Казахстанд 1100 төгрөгтэй тэнцэхээр хэмжээнд байна. Гэтэл манай улсад 2000 төгрөг гараад явчихсан. Энэ арай дэндэж байна шүү дээ. Үүний эсрэг маш бухимдалтай жагсаал хийгээд байж байгаа.
-Ямар үр дүнд гарахыг хүлээж байгаа вэ?
-Ерөнхий сайд биднийг хүлээж авч, албан ёсоор нүүр тулж уулзаж байж хэлэлцээрийн түвшинд хүрнэ гэж бодож байгаа. Уулзахгүй бол бид энд байдлаараа баасан гараг хүртэл жагсана.
-Энэхүү жагсаалд хэчнээн хүн оролцож байгаа бол?
-Өглөө 70 гаруй машин байсан. Одоо 200 орчим машин байх шиг байна. Яг нарийн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ талбайн баруун талаас зүүн тал хүртэл байхыг бодоход олон машин байгаа нь харагдаж байгаа юм. Өчигдөр 300 орчим машин байсан.
...Уг жагсаалд машингүй иргэд хүртэл ирж нэгдсэн байсан юм. Уншигч та бүхэнд иргэдийн байр суурийг хүргэе.
П.Очирбат: Бусдаас дутахааргүй хангамжтай байж ингэж болохгүй
-Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа жагсаалыг дэмжиж байгаа. Бензиний үнэ нэмэгдэхээр бүх юмны үнэ нэмэгддэг. Энэ нь ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа юм. УИХ-ыг тараах хэрэгтэй. Ерөнхийлөгч болон ард иргэдийн үгийг тоож хүлээж авдаггүй хүмүүс байсан байгаагүй ч ялгаагүй биз дээ. Тиймээс тарах нь зөв. Бүгд олигархиуд болчихсон. ЖДҮХС-гаас ард иргэдэд зээл олдохгүй байхад УИХ-ын гишүүд нийлж байгаад замаас нь авчихсан байх жишээтэй. Үүнээс болж иргэд бухимдаж байгаа. Өөрсдөө бусдаас дутахааргүй хангамжтай атлаа ингэж болохгүй. Хамаатан садан, ойр дотны хүмүүсийнхээ нэр дээр зээл авчихсан. Ийм байхад бухимдахгүй яах юм. Өөр арга байхгүй байна шүү дээ.
Т.Баярсайхан: УИХ тарах хэрэгтэй
-Ард түмний ядуурал туйлдаа хүрлээ. Төр засгийн тэргүүнүүдийг анхааралдаа авахгүй бол юунд ч хүргэж магадгүй. Бензиний үнэ нэмэгдэж, ам.долларын ханш өсөж байхад Засгийн газар, УИХ анхааралдаа авахгүй байгаа. Бензин, тос нэмэгдэхэд дээр байгаа олигархиуд буюу саарал ордонд байгаа хүмүүст нөлөөлөхгүй. Жирийн ард иргэдэд л хүндрэлтэй байгаа юм. Тиймээс энэ тэмцлийг дэмжиж өөрийн биеэр оролцлоо. УИХ тарах хэрэгтэй. Ялангуяа М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр болж бүтэхгүй, бүхий л зүйлийг хийсэн. Засгийн газар эдгээр олигархиудтай хамтран зохиомлоор шатахууны үнийг нэмж байгаа юм. Үүнээс болж ард түмэн жагсахаас өөр арга байхгүй. Ард түмэн бүгд дэмжиж байна. ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийг татах хэрэгтэй шүү. Ард түмний мөнгийг идэж хууль зөрчсөн хүмүүсийг зүгээр байлгаад байж болохгүй.
Д.Болд: Хийж чадахгүй бол ажлаа өг
-Энэхүү жагсаалыг дэмжиж байна. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн эдийн засаг, худалдан авах чадварт нөлөөлж байгаа. Ганцхан шатахууны үнэ нэмэгдсэн асуудал яригдаж байгаа юм биш. Нийгмээрээ төр засаг болохоо больчихсон, буруу тогтолцоо яваад байгаа юм. Ард иргэдийн амьдрал улам муудаж байна гэдгийг харуулахын тулд жагслаа. УИХ тарахыг ч бас дэмжиж байна. Хийж чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй. Шатахууны үнэ нэмэгдэж байна гэж жагсаж байгаа нь зүгээр л шалтгаан. Түүнээс биш нийгмээрээ болж, бүтэхгүй байна.