Амжилт бүрийн ард 99 хувийн хөдөлмөр байдаг гэдэг. Амжилт гэх уулын оргилд зөвхөн хөдөлмөр гэх нарийхан, бартаат жимээр явж хүрэх аж. Тэгвэл яг л энэ замаар явж, амжилтад хүрсэн хүн бол Дархан-Уул аймгийн Орхон сумын “Баялаг баян уул” хоршооны захирал, зөгийчин Г.Болорчулуун юм. Тэрбээр хүнсний технологич мэргэжилтэй хэдий ч хувь тавилан түүнийг зөгийн аж ахуйтай холбосон аж. Танихгүй газар шинэхэн бэр болж очсон тэрбээр хадам ээжийгээ даган зөгийн үүр анх удаа харж байсан гэдэг. Тэр цагаас хойш зөгийчин хадмынхаа гарын үзүүрт тусалж, зөгий маллах дөртэй болсон юм санж. Энэ тухайгаа дурсахдаа “Болгоомжгүйгээр зөгийгөө нааш, цааш болгон, арчлах хадам ээжийгээ хараад дороо үсрэх шахам түгшдэг байлаа. Сэтгэл байвал хүн ямар ч зүйлийг сурдаг юм билээ.
Тухайн үедээ дөхөхөөс нуруу сэрүү оргиж, шавьжтай ажиллана гэдэг хэзээ ч бүтэшгүй зүйл мэт санагдаж байсан ч өнөөдөр би ингээд зогсож байна. Юм бүхнийг өөрчилж чадах ганцхан хүч хөдөлмөр юм билээ” хэмээн ярив. Үнэхээр ч хөдөлмөр гэдэг хүч юм санж. Тийм учраас л тэр өнөөдөр жилдээ нэг тонн зөгийн бал хураан авах хүчин чадал бүхий зөгийн аж ахуй эрхэлж, олон арван хүнийг ажлын байраар хангаж байгаа биз ээ. Хөдөлмөрт гологдоогүй цагт ямар ч хүн амжилтад хүрдэг юм хэмээн Г.Болорчулуун гуай ярив. Аливаа зүйлийг ямар өнцгөөс харахаас шалтгаалаад тухайн асуудал саад уу, ташуур уу гэдэг нь тодорхойлогддог мэт. Тэрбээр “Баялаг баян уул” хоршоог 2017 онд байгуулж, эдүгээ найман өрхийн 16 гишүүнтэй, 30 бүл зөгийтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тэдний хоршоо зөгийн аж ахуй дагнан эрхэлдэг хэдий ч хоршоогоо өргөжүүлж, мод, модон материалын үйлдвэрлэл давхар эрхлэх болжээ. Мөн хүнсний ногоо даршлан худалдаалдаг байна. Хөдөлмөр байгаа газар эрч хүч оршиж, эрч хүч байгаа газар амжилт, цэцэглэлт үргэлж дагадаг ажээ.
Энэ жил “Баялаг баян уул” хоршоо нэг тонн зөгийн бал хураан авчээ. Зөгийгөө зун, намрын саруудад ууланд оторлож, уулын цэцэгсээс бал хураан авдаг юм байна. Зөгий арчилж, маллана гэдэг хүнээс өндөр мэдрэмж, ажиглалт шаарддаг болохыг Г.Болорчулуун гуай онцлов. Тэдний хоршооныхон зөгийгөө гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 01-ний хооронд зоориноос гаргаж, зургадугаар сарын 01-нд уулаар оторлодог аж. Ингэснээр зөгийн балын хүний биед үйлчлэх чанар дээшилж, эмийн ургамлуудаас гарч байгаа тул ходоод гэдэс, ядаргаа зэрэгт сайн нөлөө үзүүлдэг байна. Оторт гарснаас 20 хоногийн дараа буюу зургадугаар сарын 20-ноос наймдугаар сарын 20-ны хооронд балаа хурааж авдаг бөгөөд энэ хооронд балт ургамал дэлгэрч байдаг гэнэ. Зөгий ичдэг амьтан учраас өвөлдөө зооринд өвөлжүүлдэг юм байна. Анх занг мэдэхгүй хэдэн үүр зөгийтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан энэ хоршоо эдүгээ Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн Үндэсний холбоо болон сум, аймгуудын худалдааны төвүүдтэй хамтарч ажиллан, жилээс жилд өргөжин тэлж байгааг тэрбээр баяртайгаар ярьж байв. Үйлчилгээний чанараа сайжруулах үүднээс энэ жилээс хэрэглэгчиддээ хүргэлтээр үйлчилж байгаа гэнэ.
Цэвэр зөгийн балыг Дархан-Уул аймгаас гэртээ хүргүүлээд авах боломжтой аж. Зөгийг хүн шиг ойлгож, хүн шиг мэдэрч байж малладаг тухай Г.Болорчулуун гуай ярилаа. Үнэхээр ч сонсох тусам зөгийн амьдрал сонирхолтой аж. Тэрбээр зөгийнүүдийнхээ амьдралыг сонирхуулан ярих дуртай гэнэ. Тэд өвдөж, ханиад хүрч, бөөстөж, хачигтахаас эхлээд олон асуудал байдаг учраас байнгын хяналтын дор маллах шаардлагатай байдаг гэнэ. Тэд хүнээс ч илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй амьдардаг ажээ. Зөгий бүр өөр өөрийн хүлээсэн үүрэг, хариуцлагатай байх бөгөөд түүнийгээ ч ягштал биелүүлдэг болохыг Г.Болорчулуун зөгийч хуучлав. Хорвоод хамгийн ухаалаг амьтан хүн төрөлхтөн гэх авч бидэнд амьтнаас суралцах зүйл маш их байдгийг зөгийчин эгч учирлаж байлаа. Түүний хэлснээр амьтныг мэдэрч, ойлгох тусам хүний орчлонгоос тэс өөр ертөнц бидний өмнө нээгдэж байдаг гэнэ. Зөгийнүүдийнхээ зохион байгуулалт, тэдний амьдралын талаар яг л хүний тухай ярьж байгаа мэт хуучлах нь зөгийн тухай үлгэр сонсож байгаа мэт санагдах ажээ. Зөгий өндөглөдөг бөгөөд өндөг нь хоёр өөр хугацаанд хагардаг аж. Ажилчин зөгий 28 хоноод өндөгнөөс гардаг бол эх зөгий 14 хоногт гардаг байна. Хатан зөгий буюу эх зөгий үүр бүрт нэг байдаг бөгөөд зөвхөн өндөглөх үүрэгтэй ажээ. Харин ажилчин зөгийнүүд эх зөгийн өндгийг тэжээх, үүрээ цэвэрлэх, бал хураах зэрэг үүргийг хүлээнэ. Эдгээр ажлуудаа 4-5 багт хуваагдан, гүйцэтгэдэг байна.
Тэртээх олон жилийн өмнө халган байсан амьтан нь эдүгээ түүний амьдралын салшгүй хэсэг болоод зогсохгүй олон арван хүнийг хоолыг залгаж байгаа нь сайхан. Г.Болорчулуун гуай бүх зүйлийг хөдөлмөртэй холбон ярих ажээ. Тэгэхээс ч аргагүй. Хэзээ ч бүтэхгүй мэт санагдах зүйлийн ард зөвхөн хөдөлмөр, уйгагүй зан л гаргадгийг биеэр мэдэрч, туулсан хүний хувьд ийн ярих нь зүйн хэрэг биз ээ. Хүний амьдрал эргэлт, өөрчлөлтөөр дүүрэн юмсанжээ. Сүхбаатарын эгэл малчны хоньчин охин Дархан-Уул аймгийн зөгийчин болж амьдарна гэж хэн санах билээ. Тэрбээр “Амьдралд тохиолдож буй бүхэн учиртай байдаг гэдэгт итгэдэг. Анх айлын бэр болж очоод, зөгий маллаж амьдрах нь бүү хэл яаж долоо хононо доо хэмээн бодож байсан ч айж, халгаж байсан зүйл минь амьдралын минь салшгүй хэсэг болсон ” хэмээн ярьж байлаа. Байгаа бүхнээ баялаг болгож, тохиол бүрийг боломж болгон харж чадвал амьдралд үхэл хагацал, өвчин зовлонгоос өөр саад, тотгор баймгүй мэт...