ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Батбаяр: Намуудад авлигаас сэргийлсэн дүрэм, журам, тогтолцоо алга

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-14

“Транспэрэнси Интернэшнл” ТББ-ын тэргүүн О.Батбаяртай намуудын авлигын эрсдэлийн нөхцөл байдлын талаар цөөн хором ярилцлаа.

-Намуудын санхүүжилт ил тод байх ёстой. Гэтэл далд шинжтэй байгаа нь авлигатай холбогдох боломжтой гэдэг талаар яриад байгаа. Чухам ямар шалтгаанаас болж ингэж дүгнээд байна вэ?

-Бид саяхан судалгаа хийж үзсэн. Тэр судалгаа, үнэлгээнээс харахад, намын санхүүжилт, ил тод байх нь авлигаас сэргийлэх үндэс болдог. Нам авлигагүй байвал улс орон хээл хахуульгүй болно гэсэн үг. Бид өмнө нь намуудын санхүүжилтэд үнэлгээ хийж байсан. Үнэлгээ хийж байхад нам нягтлан бодох бүртгэлийн хуульд хамаарагддаггүй. Улс төрийн нам тайлангаа олон нийтэд ил тод мэдээлдэггүй. Намд өгч байгаа хандив нь бүртгэлгүй байдаг нь тодорхой болсон. Дээрээс нь, намын санхүүжилтэд хяналт тавих ёстой төрийн байгууллагуудад хууль эрх зүйн орчин хангалттай биш байдаг. Намын санхүүжилтэд аудит хийх ёстой Төрийн аудит нь хуулийн хоригтой. Төрийн аудитын хуулиар намд аудит хийх эрхгүй болчихсон. Төрийн аудитын газар намын санхүүжилт, сонгуулийн үйл ажиллагаанд аудит хийе гээд очих юм бол “Танай Төрийн аудитын хуульд зөвхөн төрийн оролцоотой болон төсвийн байгууллагад л аудит хийж болно гэж заасан. Тийм учраас намын үйл ажиллагааг шалгах эрхгүй” гээд л амыг нь хаана. Нягтлан бодох бүртгэлийн хуульд ч намууд тайлангаа мэдээлэх гэсэн заалт байхгүй. Тиймээс намууд сонгуулийн санхүүжилтээ яаж босгосон тайлангаа дурын нэг аудитын компаниар хийлгэж, төрийн аудитын газарт өгдөг. Төрийн аудитын газар хуулиараа зөвхөн дүгнэлт гаргаад л явуулах ёстой. Гүнзгийрүүлж шалгах ямар ч эрхгүй. Үүнийг бүрэн аудит гэж хэлэхгүй. Ингэж л намын санхүүжилтэд шалгалт хийж байна. Нам ингэж өөрөө хамгаалж, дипломат эрхтэй болсон. Гадна талаасаа төр­ийн байгууллагуудаас намууд өөрсдийгөө ингэж хамгаалж чаджээ. 

-Төрийн аудитын байгуул­лагаас ингээд хамгаалчихдаг юм байж.  Дотоод хяналт гэж байна уу?

-Дотооддоо авлигаас сэргийлэх ямар ч механизм байхгүй. Олон улсын жишгээр нам ч бай, компани ч байна уу хамаагүй, авлигатай тэмцэх хууль, журмын хүрээнд авлигын эсрэг удирдамжтай байх ёстой. Түүнийхээ дагуу ажилладаг байх ёстой юм. Үнэлгээ хийдэг, мэдээлдэг, сэргийлдэг. Хэрвээ нам дотор нь авлигын асуудал гарвал журмынхаа дагуу арга хэмжээ авдаг. Авлига авах эрсдэлтэй албан тушаалтнуудаа тодорхойлох ёстой. Манайхаас хамгийн эрсдэлтэй байх албан тушаалтан хэн байх вэ. Хандив авдаг, бүртгэдэг хүмүүс нь юм уу. Өгдөг хүн нь үү. Санхүүгийн албаныхан нь уу. Эсвэл бүр намын дарга нь эрсдэлтэй юм уу гэдгээ тогтоодог байх хэрэгтэй. Дээрээс нь манай намд хандив өгч байгаа аж ахуйн нэгж, компани цэвэр үү, үгүй гэдгийг тогтоох шаардлагатай юм. Хэрвээ хууль бусаар олсон мөнгөө хандивлах гэж байгаа бол авахгүй байхыг журамлаж өгөх ёстой. Манай байгууллага танай намд хандив өгье гэхээр “Буцаагаад биднээс ямар нэг зүйл хүсэхгүй биз дээ. Цэвэр чин сэтгэлийн хандив уу” гэдгийг нь асууж байж авдаг байх ёстой юм. Тэгж байж дотоод хяналттай болж чадна. Гэтэл манай аль ч намд ийм дотоод журам гэж байхгүй байна. Аль ч байгууллага галын аюулаас сэргийлэх дүрэм, журам­тай, хариуцсан ажилтантай. Хулгайгаас сэргийлсэн журам­тай, камер суурилуулсан байдаг. Гэтэл яагаад авлигаас сэргийлсэн дүрэм, журам, хяналтын тогтолцоо байдаггүй юм бэ. Ийм л учраас намууд авлигын эрсдэлд өртөөд байгаа. Үүнээсээ болоод өнөөдрийн ЖДҮ-ийн зээлийн асуудал босч ирээд байгаа юм. Нам хэнээс хандив авахаа нарийн тогтоож өгөөгүй учраас компаниудаас мөнгө авчихсан. Түүнийхээ хариуд буцаагаад бага хүүтэй зээл өгсөн. Үндсэндээ нам авлигад өртсөн эрсдэл үүсчихээд байна. 

-Танай байгууллагаас одоо намуудын авлигын эрсдэлийн үнэлгээг хийх гэж байгаа гэсэн. Яг хэзээ хийх вэ?

-Намууд авлигын эрсдэлийн үнэлгээгээ хийлгэх хэрэгтэй. Дээрээс нь авлигын эсрэг дүрэм, журамтай боло шаардлагатай байна. Улс төрийн намуудын тухай хуулийг зайлшгүй өөрчилж, санхүүжилт, сонгуул­ийн асуудлыг цэгцлэхгүй бол болохоо болилоо.  Хуульдаа өөрчлөлт оруулаад, улс төрийн нам Төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэдэг, нягтлан бодох бүртгэлийн хуулийн үйлчлэлд хамаардаг болгох хэрэгтэй. Намыг ардчилсан болгохын тулд хуульд нь “шүгэл үлээгч”-ийн дүрэм, журмыг оруулж өгч, холбогдох хууль, тогтоомжийг гаргах ёстой. Хэрвээ нам энэ бүх дүрэм, журмаа зөрчсөн бол шийтгэл хүлээдэг. Сонгуульд орох эрхийг нь хасдаг тогтолцоог бий болгох шаардлага байна. Тэгж байж нам цэвэршинэ. Нам цэвэршвэл улс цэвэрших юм байна гэдгийг хаана хаанаа ойлгочихлоо. 

-Намуудад авлигын эрсдэлийн үнэлгээг анх удаа хийх гэж байна уу. Яг яаж хийх юм бол. Намууд зөвшөөрч, хамтарч ажиллах уу?

-Намуудад авлигын эрсдэл байна уу гэдэгт үнэлгээ хийнэ. Танайд авлигаас сэргийлэх бичиг баримт, хариуцсан ажилтан байна уу. Сургалт, сурталчилгаа хийж байгаа юу, ажилчдаа хамруулж байна уу гэдгийг нь асууна, судална. Хэрвээ үгүй гэж хариулбал “Танайх эрсдэлтэй юм байна. Хандив авахдаа өгч буй компаниа судалдаггүй юу. Тийм бол эрсдэл байна гэсэн үг” гээд л, дүгнэлтээ гаргах юм. Энэ үнэлгээг хийсний дараа намын дарга, удирдлагууд авлигын эрсдэлээ тооцож, дүрэм, журмаа гаргах ёстой гэдгийг ойлгоно. Ний нуугүй хэлэхэд, одоо энэ талаар хэн ч мэдэхгүй, ойлголтгүй байгаа. Нам, компани, тэр битгий хэл ТББ-ууд ч гэсэн ийм үнэлгээтэй байх ёстой.  Бүр шинээр ажилтан авахдаа хүний нөөц нь  “Та манай намын хэн нэгэн хүнтэй хэлхээ холбоотой юу. Та урьд нь авлигад холбогдож байсан уу” гэдгийг асуух ёстой. Цаашлаад нам дотор хэн авлига авах эрсдэлтэйг тооцох ёстой, хүний нөөц. Тиймээс энэ үнэлгээг хийх нь намуудад хэрэгтэй.  Бид үнэлгээгээ ойрын үед хийхээр төлөвлөж байгаа. Намуудын удирдлагууд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Авлигаас сэргийлнэ, эрсдэлийн үнэлгээ хийлгэхээр гарын үсгээ зурчихсан байгаа.