Төрийн албаны шалгалтаар явж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан тушаалтнууд Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замдаа буюу Солонготын даваанд осолдсон мэдээллийг хүргэсэн бид өмнө нь хүргэсэн билээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ослын газар дээр Завхан аймгийн зургаан албан хаагч ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газрын хоёр албан хаагч, Гэмт согог судлалын гурван эмч, хоёр сувлагч, ар гэрийн хоёр хүн, Зэвсэгт хүчний 303-р ангийн нисэх багийн дөрвөн хүн гээд нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг нисдэг тэргээр өнөөдөр өглөө 08:00 цагт Улаанбаатар хотоос хөөрсөн. Нисдэг тэрэг гурван цагийн дараа Завхан аймгийн Тосонцэнгэлд бууж шатахуунаа цэнэглээд, сая Цахир суманд очсон. Эмч нарын баг осолд орсон хүмүүсийг үзэж, Улаанбаатар руу нисэх бэлтгэлээ хангаж байна гэсэн мэдээлэл аваад байна. Осолд орсон хүмүүсийн гурвынх нь биеийн байдал хүнд, хүндэвтэр гэсэн оноштой байна" гэсэн юм.