Саяхан нас нэмлээ.
Оюутан ахуйдаа хүртэл тамхи ширхгээр зарж, мөхөөлдөс, ундаа борлуулж, цагаан утас барин гудамжаар явж, өнөөхөөрөө хүн яриулж, гудманд биллиард тоглуулж төлбөрөө хийдэг байлаа. Жуулчдад монгол дээл өмсүүлж, бэлэг дурсгалын дэлгүүр ажиллуулж өөртөө орох орон, оочих аягатай болж байлаа. Хүнсний дэлгүүр түрээсэлж, хувийн компанид ажиллаж, хувийн компани байгуулж, улсад долоон жил ажиллаж хүний дайтай амьдрах гэж өдийг хүртэл зүтгэлээ.
Энэ хүртэл архи ууж, тамхи татахгүйг хүртэл хичээж, хэрдээ биелүүлж, эрхэмлэж ирлээ. Амьдарлаа хүний дайтай авч явахын тулд хулгай хийсэнгүй, дээрэм тонуулд явсангүй. Хүн алж, хүрээ талсангүй. Чадлынхаа хэрээр бузраас хол буянд ойрхон явлаа.
Тэгээд үү? Амьдрал минь яг л 10 жилийн өмнө байсан байрандаа. Бишээ 20 жилийн өмнө байсан шигээ хий эргэсээр. Хагас өдрийн хоол, хугас жилийн хувцасны хэрэглээнээсээ давсангүй. Харин ч улам муудсаар л...
Ээж, аав хоёрыгоо жаргааж амжилгүй алдчихлаа. Эхнэр хүүхдүүдээ гадагш зугаалуулах бүү хэл, гадуур өмсөх олигтой хувцас авч өгч үзсэнгүй өдийг хүрлээ. Би ганцаараа өрх гэрээ муу авч яваад байгаа бол миний буруу. Миний арчаагүйнх. Би хүлээн зөвшөөрнө.
Гэтэл тэрсхэн өссөн найзууд минь надаас дутуугүй хичээл зүтгэлтэй залуучууд, надтайгаа адилхан хоёр, гурван хүүхэдтэй өрх толгойлсон эрчүүд, аанай л миний адил айл айлын халаасны өрөө хэсэж, арай гайгүй нь өр зээлээр байртай болж, банкны мөнгөндөө түүртэж явна. Эцэг, эхээс өвлөсөн хөрөнгөтэй л биш бол ихэнх нь ингэж ажиллаж, амьдарч байна. Тэгвэл энэ бүгд бидний буруу юу, хэнийх вэ?
Ухаан орсон цагаасаа улс орон сайхан болно гэсэн үлгэрт итгэж, арга ядсан нэгэн нь гадагшаа цувж байхад “эх орныхоо эзэн нь би” гэж хэнхэглэсэн тэр итгэл хаана байна. Одоо үлдсэнгүй.
Ахиад хэдэн жилийн дараа намайг холоо явахад, саяхан төрсөн үр минь миний насан дээр ирэхэд өр ширэнд баригдсан, өөдгүй муухай, ийм хогийн нийгэм үлдээмээргүй байна. Төр засаг нэрийн доор хэн нэгнийг нэр цохон шүүмжилмээргүй ч байна.
Би лав тэмцэнэ. Өөрийнхөө чадах чинээгээр, хэр хэмжээгээр. Тэглээ гээд нас минь богиносож итгэл минь унтарсан ч... Өөрийнхөө тулд, өшөө бас хүүхдүүддээ “чадах бүхнээ хийсэн” гэж хэлэх үгтэй үхэхийн тулд би ийм шийдвэр гаргасан юм.