ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Долгормаа: Хэн сайн хөдөлмөрлөнө, тэр хүн үр шимийг нь илүү сайн хүртэнэ

O.Admin
2018-12-20

Энэ удаагийн “Хөлсний амт” буландаа  Дархан-Уул аймгийн Орхон сумын  Бат-Өлзийн I  багийн тариаланч Жамъяангийн Долгормааг урилаа.  

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Жамъяангийн Долгормаа гэдэг. Би арван жилийн сургуулиа Дархандаа төгсөөд,  Орхоны жимс ногооны сангийн аж ахуйд МХЗЭ-ийн илгээлтээр ирж хөдөлмөрийн гараагаа эхлэснээс хойш 35 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.  Зах зээлд нийгэм бүхлээрээ шилжсэн тэр үед ч  хүнсний нарийн ногоо тариалсаар л байлаа даа.

-Таныг ханьтайгаа хамтарч төмс, нарийн ногоо тариалдаг гэж дуулсан. Энэ талаараа яриач?

-Тийм ээ.  Миний ханийг  Т.Ганбат гэдэг.  Хамаг ажлыг минь л нугалдаг гол түшиг тулгуур минь юм даа. Бид   их бага талбайд жил бүр хүнсний ногоо тариалж өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй жил бүр доод тал нь 40-50 хүн өдрөөр нь цалинжуулж ажиллуулдаг. Түүнээс  гадна,  гэрээгээр оюутан залуусыг мөн ажиллуулж,  ажлын байрыг түр болон байнгын байдлаар буй болгож олон өрхийн амьдралд дэм тус болж явна. 

-Зарим нэгэн тоо баримт дурдвал?

-Бид сүүлийн таван жилд 5-10 га газар ногоо тариалж 80-100 хүн түр ажиллуулжээ. 2018 оны хавар гэхэд л   10 га газарт хүнсний ногоо тариалсан. Тухайлбал,   төмс 1.5 сот, шар манжин гурван га, сонгино 50 сот, лууван хоёр га, лууван 1.5, өргөст хэмх 1.5 сотод тариалж,  чамгүй ургац хураан авчээ. 

-Таны ажилдаа баримталдаг зарчим гэвэл та юу хэлэх вэ?

-Зөвхөн тариаланч ч биш ер нь хүн бүрийн ажил амьдралдаа баримталж байгууштай зүйл бий байх. Миний хувьд аав, ээжээс  өвлөгдөн ирсэн аливаад чин шударга, тууштай үнэнч байх гэх мэт зан чанарууд л байна. Түүнээс биш яг тэгнэ, ингэнэ  гээд л хатуу бариад байх зүйл гайгүй. Ерөөс  тариаланч хүний ажил тийм ч хялбар биш шүү дээ. Хавар болохоор хүнсний ногоо тариалах талбайгаа цэвэрлэж, бууц асгаж, үрээ авч бэлтгэл ажил эхэлдэг.  Тавдугаар сарын 1-нээс газар хагалах, хашаа барих ажил үргэлжилж, 10-20-дын  хооронд тариалж дуусдаг. 6, 7, 8 саруудад бүх ногоогоо 6-10 удаа усалж, зэрлэгийг нь түүнэ. Ингээд л ямарч амралтгүйгээр ажиллаж,  бороо ороход үед л нуруу тэнийдэг дээ.

-Намар гэдэг ёстой л тариаланч хүний хийсэн ажлынхаа үрийг хардаг улирал даа. Өнгөрсөн намрын дүнгээ хэр тавиулсан бэ?

-Яах вэ, ингэж хөдөлмөрлөснийхээ үр шимийг үзээд,  намрын цагт арвин ургац хураагаад зогсож байх ч сайхан шүү. Намар наймдугаар сараас эхлэн газрын  өгөөж, үр шимээ хүртэж эхэлдэг. Энэ л бидний хавар,  зуны хэдэн  сарын хичээл зүтгэл хөдөлмөрийн үр дүн, үржил үнэлгээ болдог. Ногоогоо сайн арчилбал арвин, муу арчилбал бага л ургац авдаг учраас энэ саруудад хэн хүнгүй л хичээж ажиллахаас аргагүй шүү дээ. Хэн сайн хөдөлмөрлөнө, тэр хүн үр дүнг нь амсана гэдэг биз дээ. Өнгөрсөн намрын тухайтад манайхан 50тн ургац хураасан. Энэ бол чамлахаар зүйл биш. Дараа жил илүү л хичээж ажиллана гээд хэн хүнгүй л бодож сууна.

-Аливаа ажлын ард сайн хамт олон, хамтрагч их чухал. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сайн хамт олон гэдэг их чухал шүү. Бидэнтэй ажилладаг хүмүүс итгэлийг минь алддаггүй юм. Би  өдөрт завсар зайгаар нь  хамт олныхоо хоол цайг хийж, хань минь  ургацаа хураан хүмүүстээ заавар зөвлөгөөгөө өгч ажилладаг.  Ханийн минь түшиг  гэж ямар чухал зүйл байдгийг үгээр хэлэхэд багадна. Хэдий цалин хөлсийг нь өгдөг ч хамтарч ажиллаж буй хүмүүстээ чин сэтгэлээсээ амт чанар сайтай сайхан хоол хийж өгч байх нь миний бас нэг гол үүрэг.

-Хавартаа тарилаа, намартаа хураалаа. Харин хурааснаа нөөшилж, хадгалж, өвөл хавартаа хэрэглэнэ, хүртээнэ гэдэг бас ч гэж яггүй том ажил байх шүү?

-Тийм. Манайх 10 дугаар  сард сүүлчийн хураалт дуусч,  зоориндоо ногоогоо хадгалж авна даа, тэгээд л нэг сайхан амьсгаа авмаар болно шүү дээ. Бид  авто машины хаягдал дугуй ашиглан хашаандаа  40 тоннын даацтай зоорь барьж авсан. Түүндээ ногоогоо хадгалж,   11 дүгээр сараас дарханчуудынхаа хоол хүнсэнд амт нэмэхээр ногооны лангуун дээр жижиглэнгээр зарж байгаа. Манай ногоо борлуулалт сайтай шүү. Нөөшилсөн ногоог маань хэрэглээд сурчихсан байнгын хэрэглэгч олонтой болохоор даршилж, давсалж нөөшилсөн ногоонууд маань дороо л борлочихдог юм.

-Өөрийн тарьсан ногоогоо борлуулж суухад ёстой л нүүр бардам байна биз?

-Тэгэлгүй яах вэ. Би яг одоо өөрийн гараар хийсэн алаг салат буюу Дунайский буюу алаг салат, огурцы, байцаа гэх мэтээ борлуулж байна. Би 1986-1987 онд Болгар улсад мэрэгжил дээшлүүлэх курсэд суралцан төгсөж ирсэн. Тэнд болгар багш нараас сурснаараа ногоогоо нөөшилдөг юм. Амт ч сайхан болдог. Ерөөс манай Дархан,  Сэлэнгийнхэн чинь шимтэй сайхан хөрсөн дээр ажиллаж амьдарч яваа хувьтай хүмүүс. Дээр нь бүгд хөдөлмөрч шүү дээ. Хамгийн гол нь хүн бүр л  “Хийж бутээе, чанартай сайхан зүйлээр олон түмэндээ үйлчилье” гэсэн чин сэтгэлтэй хүмүүс. Ер нь хүмүүс муу муухай юм хийж яах юм бэ. Мэдэхгүй нэг удаа хууртаад авна.Дахиад хэзээ ч тэр хүнээс авахгүй шүү дээ.  

-Ингэхэд таны удамд, аав ээж тань тариаланч хүмүүс байна уу?

-Үгүй дээ. Миний аав насаараа жолооч хийсэн. Ээж минь бас насаараа л оёдол үйл хийлээ. Ээж минь одоо ч Дархандаа энх тунх сайхан амьдарч байна. Миний ээжийг Ц.Нацагсүрэн гэдэг. Одоо 90 дөхсөн буурал байна даа.  Бид аав ээжээс ах дүү долуулаа. Бүгд л өөр өөр мэргэжилтэй. Газар “самардаж” яваа нь би л байна. Гэхдээ би энэ мэрэгжилдээ дуртай. Аливаа хүний хөдөлмөрч, дайчин, нямбай гээд сайн, муу бүхий л чанарууд гэр бүлийн суурь хүмүүжлээс ихээхэн хамааралтай гэж боддог.  Миний аав ээж хоёр чинь хэдэн хүүхдээ “Өөрийн хөлсөөр олсон хоол амттай” гээд хүмүүжүүлчихсэн юм билээ. Үгээрээ нэг их сургаад байнга номлоод  байхгүй ч үйлээрээ үлгэрлэчихсэн.

Ц.ЭнхтҮвшин