Хотын дарга Су.Батболд үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөөд багагүй хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл НИТХ-ын ээлжит хуралдаан энэ сарын 28-нд буюу ирэх баасан гарагт хуралдаж, дараагийн хотын даргыг сонгох билээ. Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгатай таван үг солилоо.
-НИТХ-ын баасан гарагт хуралдах ээлжит хуралдаанаар Хотын даргыг сонгох бололтой. НИТХ дахь АН-ын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Хотын даргад нэр дэвшүүлэх хүн тодорхойгүй байгаа. Хэнийг нэр дэвшүүлэхээ олонхи шийднэ. АН-ын бүлэг нийслэлийн ИТХ-д 11 суудалтай. Тэгэхээр манай бүлгийн байр суурьнаас үл хамаарч эрх баригчид хотын даргад нэр дэвшүүлэх хүний нэрийг оруулж ирэх ёстой юм.
-Хотын дарга тэр болж магадгүй гэсэн таамаг олон бий. Хувь төлөөлөгчийн зүгээс та хотын даргыг сонгож, томилох асуудалд ямар бодолтой байна?
-Хотын даргыг НИТХ-ын төлөөлөгчид дотроосоо сонгох ёстой гэсэн байр суурьтай байна. Хотын даргыг гаднаас сонгосноор ИТХ-тай хамтран ажиллаж чадахгүй, хотын ажил удааширч ямар их бэрхшээлтэй байдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харлаа шүү дээ. Тэгэхээр хотыг удирдах хүнийг НИТХ дотроосоо сонгох нь хамгийн зөв шийдэл гэж харж байгаа юм.