Монголчуудын амьдралыг залгуулж авч яваа салбар бол үеийн үед хүнс, хөдөө аж ахуйн салбар байсан. Цаашид ч байх болно гэдэгтэй хэн ч маргахгүй. Бид уул уурхай, нүүрс гэж л яриад л байгаа болохоос яг идэж, мэрж буй салбар нь энэ л дээ. Тэгэхээр монгол орны судас нь болсон энэ салбар хоёр сар гаруй хугацаанд эзэнгүй “сайдгүй” байлаа.
Тухайн салбарт цаг үеийн болон нэн яаралтай шийдэх олон асуудал шийдлээ хүлээж байсан. Түүнийг шийдэхгүй цаг алдах нь монголчуудын хувь заяа, үндэсний аюулгүй байдалтай шууд хамааралтай. Ийм л чухал салбараа хоёр сар гаруй хугацаанд сулд нь ганхуулсан УИХ саяхан сайдтай болголоо. Нүгэл нүдээ олно гэдэг шиг удаан дуншсаны эцэст харин ч овоо хашир “бурхи” томиллоо гэж олны ам сайтай байна. Ч.Улаан бол шинэ хүн биш.
Тэрээр долоон удаа сайдаар томилогдож, улс орны аж ахуйн болон төрийн ажилд нухлагдсан нэгэн. Өөрөөр хэлбэл долоо буудуулсан чоно л гэсэн үг. Ийм хашир туршлагатай хүн энэ салбарыг зүгээр л нэг манаад суухгүй байх гэсэн гэгээн хүлээлт шогшиж явна. Махны үнээс эхлээд экспортын гол нэрийн бүтээгдэхүүн, газар тариалангийн шинэчлэл гээд олон асуудал сайд хүсэмжлэн алгаа тосон хүлээж байна.
Ирэх өвөл бид стратегийн гол бүтээгдэхүүн болох улаан буудайгаараа дотоодын хэрэгцээгээ хангаж чадах уу гэх зэрэг олон асуулт хариулт нэхэж байгааг Ч.Улаан сайд мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна. Олон жил сайд хийсэн түүний туршлага олон түмнээ тэжээдэг энэ салбарыг эхийг нь эцээгүй, тугалыг нь тураахгүй аваад явчих чадал бий. Харин одоо түүний шийдвэр хэр оновчтой байхыг хүлээх л үлдлээ.