ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Ганбямба: Хэнтий аймгийн хэмжээнд ирэх онд 60 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-17

Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-Энэ жилийн төсөвт Хэнтий аймагт хэчнээн тэрбум төгрөг тавьсан бол. Аймаг дотооддоо ярилцаж, төсвөө зарцуулах ажлуудаа нэрлэсэн байх? 

-2018 онд үндсэндээ 50 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдсэн. Хуучирч муудсан, актлагдсан барилга, байшингуудыг бүгдийг нь нурааж, шинээр бариад эхэлсэн. 1957 онд баригдсан, хүүхдийн зулайнаас ч нимгэн болчихсон, мэргэжлийн байгууллагууд ашиглаж болохгүй гэчихсэн байшингуудаас эхэллээ. Татварын актлагдсан барилгыг мөн нурааж, шинээр барилаа. Олон жилийн өмнө Хэнтий аймаг тээврийн товчоотой байсан. Үүнийг эргэн сэргээж, шинэ тээврийн товчоотой боллоо. Энэ жил шинэ нисэх буудал барьж эхлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Кувейтын сангийн дэмжлэгээр энэ жил ажил нь эхэлнэ. Аймгийн төвлөрлийг сааруулах зорилгоор шинэ Өндөрхаан хот барьж эхэлсэн. Тэнд том цэцэрлэг эхлүүлснийг энэ жил дуусгана. 2019 онд дөрвөн ч суманд цэцэрлэг ашиглалтад орно. 2019 онд улс аймгийн хэмжээнд нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт туслаа. 

-Их мөнгө туссан юм байна. Онцлох ямар бүтээн байгуулалтыг хийх бол? 

-Тэглээ. Олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. 2019 он бол бүтээн байгуулалтын жил болох нь. Нэг сарын өмнө Азийн хөгжлийн банктай дөрвөн сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. 10 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Энэ мөнгөөр цэвэрлэх байгууламж барихаар болж, ажил нь эхэлнэ. Дулааны станцын ТЭЗҮ-г боловсруулаад дуусч байгаа. Станц барих мөнгийг БНСУ-ын “Экзим” банкны хөтөлбөрийн хүрээнд шийднэ. Аймгаас бол хоёр тэрбум төгрөг гаргах ёстой. Тэрнээс 700 сая төгрөгийг нь төсөвт тусгасан. Эзэн Чингисийн өлгий нутаг гэж өөр хоорондоо ярьдаг ч гадагшаа сурталчилгаа байхгүй, гүүгл мэп дээр ганц ч зураггүй л явж ирлээ. Тэгвэл үүнийг өөрчилж, маш олон зураг байршуулж, Хэнтий аймаг руу хэрхэн очих, аймаг орон нутгийн танилцуулга байршуулах ажлыг ч хийж байгаа. Чингис хааныг мэддэг хүн дэлхий даяар их атлаа, Хятадын хаан гэж ойлгодог. Хятадын Ордост том цогцолбор барьчихсан. Тэнд нь жилд 10 сая жуулчин очдог. Гэтэл Монгол Улсад ирээд үзэх зүйл ховор.

Тиймээс төрсөн нутагт нь ирээд үзэх юмтай байх ёстой гэж үзсэн учраас гурван том ордон барьж байгаа. Хүлэг баатар Боорчи, Их эзэн Чингис хаан хоёрын танилцсан газар гэж Хэнтий аймгаас 100 гаруй км яваад Батноров суманд байдаг. Тэнд тухайлбал хоёр баатрын духаа нийлүүлсэн баатрын дүрстэй ордон барьж байна. 18 метр өндөр гэхээр стандартаар бол зургаан давхар байшингийн хэмжээтэй ордон. Доошоо зоорьтой байгаа. Өнгөрсөн жил 50 хувийн гүйцэтгэлтэй байсныг энэ жил дуусгана гэж төлөвлөсөн. Мөн Биндэр суманд “Их хуралдай орд” гэж том бүтээн байгуулалт эхлүүлснийг мөн л 2019 онд дуусгана. 2019 онд төрсөн нутаг Дадал суманд нь Их эзэн Чингис хааны цээж баримал бүхий ордонг барина. Нийтдээ таван давхар байшин. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар буюу 19 сая ам.доллароор хийхээр тохирсон юм билээ. Сумаас 4-5 км газарт баригдана. Хатуу хучилттай автозамаар сумтай холбоно. Мөн энэ онд Дадал сум руу чиглэсэн хатуу хучилттай автозамын ажлыг эхлүүлнэ. Болж өгвөл Бэрх рүү дөхүүлчих юмсан гэсэн бодол байгаа. 20 км замын төсвийг баталсан байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цаашаа үргэлжлэх байх. Мөн баруун урд талын сум болох Бор-Өндөрөөс урагшаа Мянганы замд холбогдохоор 45 км замын ажлыг энэ жил бас эхлүүлнэ. 

-Танай аймгийн тухайд аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж байгаа. Тэр хэрээр ч төсвийн тодорхой хувийг энэ салбарт зарцуулдаг. Өнгөрсөн жил аялал жуулчлалаас хэр орлого олов? 

-Өмнө хэлсэнчлэн, өнгөрсөн жил бид хөрөнгө оруулалтад илүү анхаарлаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төсөвт бага мөнгө тавиад байхаар үр дүн муутай байдаг. Энэ жил төсвийнхөө 20 хувийг аялал жуулчлалд зориулах гэж оролдсон. Хоёрдугаарт, аялал жуулчлалыг татах эвент арга хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайлбал, “Чингис” фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд ч ажил хийнэ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутагт төдийлөн болдоггүй. Манайх харин 10-ыг зохион байгууллаа. Үндэсний сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнд гэхэд л 790 харваач оролцсон. Тэднийг дагаж жолооч, дасгалжуулагч гээд мянга, мянган хүн ирдэг. Тэд үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж худалдан авалт хийнэ. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлогод нөлөөлж байгаа юм. Мөн УАШТ-ээс гадна бүсийн аварга шалгаруулах хоёр том тэмцээнийг аймагтаа хийлээ. Шинэ баригдсан тээврийн товчооны нэг давхарт “Хэнтийд үйлдвэрлэв” дэлгүүр нээчихлээ. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймаг “Хөтөч хот” болж байна гэсэн үг. 

-Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэллээ. Хэнтий аймгийн тухайд сахилга хариуцлагатай холбоотой зөрчил дутагдал гарав уу? 

-Мерит зарчмын асуудал олон жил яригдсан даа. Намайг УИХ-ын гишүүн байхад л яригддаг байсан. 1996 онд тун аятайхан хууль батлагдсан юм шүү дээ. Даанч хэрэгждэггүй байсан юм. Төрийн албаны шинэ хууль гарлаа л гээд байна. Үүнийг хэрэгжүүлэх л чухал байна. Шинэ хуульд одоо ч бас өөрчлөлт оруулмаар санагдаад байгаа. Аймаг сумын Засаг дарга нар бол төрийн алба доторх улс төрийн албан тушаалтан. Тэд томилгоонд их зохимжгүй байдаг. Төр нь төрийн албыг өөрөө томилдог. Тийм системийг бий болгох ёстой юм. Аймгийн Засаг дарга сургуулийн эрхлэгч, захирлыг томилж байна шүү дээ. Үүнийг болих хэрэгтэй. Тэд чинь улс төрийн албан тушаалтан, сонгуулийн дараа өөрчлөгдөөд яваад өгнө. Тэгээд л үлдсэн нь тэрний хүн, энэний томилгоо гэсэн нэр зүүгээд ажлаа ч хийж чаддаггүй. Мэргэшсэн төрийн албан хаагчтай болох чиглэлд бид ажиллана, хуулийг ч хэрэгжүүлнэ.

Сахилга, хариуцлагыг сайжруулахтай холбоотой олон ажил хийгдэж байгаа. Ажлын хэсэг гараад салбар бүрийн албан хаагчидтай өдөр бүр л хуралдаж байна. Хууль журмыг зөрчихгүй ажиллах маш чухал. Өмнө нь бол ерөнхий явж ирсэн юм билээ. Миний хувьд бүх албан хаагчидтай сахилга, хариуцлагын гэрээг байгуулна. Захирлуудтай байгуулах гэрээнд гэхэд л сахилга, хариуцлагын асуудлыг тусгаж өглөө. Үр дүнтэй холбож өгснөөр урамшуулал ч яригдана, мөн сахилга хариуцлагын асуудлыг ч хамт ярина. Сахилга, хариуцлагын баг гаргаж бүх шатанд ажлын байрны үзлэг явууллаа. Зөрчил олон гарсан. Ажлын байрандаа архи уудаг гэх мэт зөрчлөөс үүдэж, төрийн албанаас дөрвөн хүн халагдсан. Ажлаас халагдах хүртэл арга хэмжээг ч нэлээд олон хүн авсан. Ганцхан хариуцлага тооцоод байна гэж байхгүй. Урамшуулах тогтолцоог ч бас хэрэгжүүлж байна. Тухайлбал, Элсэлтийн Ерөнхий шалгалт дээр 800 оноо авсан багш, сурагчийг аль алиныг нь нэг сая төгрөгөөр урамшуулна. 

-ЭЕШ-аар хойгуур байранд ороод байдаг шүү. Урамшууллын тогтолцоо хэрэгжсэнээр үр дүн гарч эхэлсэн үү? 

-Гаралгүй яахав. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд найман байраар урагшилсан. Хамгийн сүүлд буюу Баян-Өлгий аймгийн урд 20 дугаарт жагсдаг байсан. Өлгий нутгийн ард түмэн бол хэл, соёлын ялгаа заагаас эхлээд хүндэтгэх шалтгаан олон бий. Цаашдаа эхний 10-т орж ирэхийн тулд урамшууллын механизмыг илүү өргөжүүлнэ. Хүүхдүүдийн дунд түвшин тогтоох шалгалтыг анги бүрээр явууллаа. Сэдвийн хоцрогдол арилгах чиглэлээр давтлага хичээл орж байгаа. Энд амжилт гаргасан багш нарыг урамшуулна. Хувийн хэвшлийн байгууллагуудаас бас тусламж гуйж байгаа. Тухайлбал, ЭЕШ-д 780, 790 оноо авсан хүүхдүүдийг та бүхэн урамшуулаач гэж хүсэж байгаа. БСШУС-ын сайдын тушаалаар багш нарын цалинг ажлын үр дүнтэй нь холбож өгөхөөр болсон. Энэ бол маш эрүүл акт.

Нийтээр нь нэмээд байвал ажил сайжрахгүй. Эцсийн үр дүнтэй холбосноор сайн багш хэдэн ч сая төгрөгийн цалин авах боломжтой гэсэн үг. Ийм үр дүнтэй тогтоол журам гаргах саналыг тавьдаг л юм. Хууль гаргаад, түүнийгээ дагаад журам гаргавал зүгээр болов уу гэж санагддаг. Ардчилсан нийгэмд нэг том хэм хэмжээ байдаг. Өөрөөр хэлбэл, төр захиргааны байгууллагын бүх албан хаагчид зөвхөн хуульд заасан үйл ажиллагаа явуулна. Хувь хүмүүс бол өөр шүү. Иргэд бол хуулиар хориглоогүй бүхнийг хийж болно. Энэ нь шал өөр зарчим байгаа биз. Гадаадад цалинг тэдэн хувиар өсгөөд гэвэл ойлгохгүй. Тэнд хэн сайн ажиллаж байгаа нь урамшуулал авдаг, бас цалин нь өндөр. Австралийн Засгийн газраас танайх төрийн албан хаагчдынхаа цалинг яаж нэмж байна гэж асуухад ерөөсөө ойлгоогүй гэдэг онигоо байдаг даа. Тэнд зөвхөн үр дүнгээр цалинжаад явчихдаг байгаа юм. 

-Орон нутгийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдал хэр байв. Энэ жил хэдэн толгой мал тоолуулсан бэ? 

-Оны зааг дээр 4.6 сая толгой мал тоолууллаа. Улсын хэмжээнд малын тоо толгойгоор дөрөвдүгээр байрт орлоо. Өмнөдэлгэр сум Монгол Улсын хэмжээнд хамгийн олон малтай сумаар тодорсон бол Хэрлэн сум дөрөвдүгээр байрт орсон. Мал сүрэг анх удаа дөрвөн сая хүрлээ гэж өнгөрсөн жил хэлж байсан бол энэ жил огцом өслөө. Отрын бүс нутгийн статустай Хэрлэнбаян-Улаан суманд оторчид их очдог. Илүү их өвстэй биш ч отрын статустай учраас янз бүрийн газраас ирэхдээ халдварт өвчин тээж ирэх гээд байдаг талтай. Бид халдвартай мал авахгүй гэж нэлээд үзэж байна. Аймгийн хэмжээнд таван сая шахуу мал өвөлжиж байна. Энэ жил илүү их хар байгаа.