Сар шинийн баяр дөхсөн энэ үед ахмадууд “Насны хишиг”-ээ зүүдлэх шахам хүлээж байгаа нь жавар тачигнасан өвлийн хүйтнээр банкны үүд сахин өдрийг барж байгаа өр өвтгөм дүр зургаас илхнээ харагдаж байна. Холбогдох байгууллагын нэгэн эрхэм телевизийн нэвтрүүлгээр “Насны хишиг”-ийг энэ сарын 20-ны өдрөөс эхэлж өгнө гэснээс үүдэж, ийнхүү өглөөнөөс оройг хүртэл банкны үүдэнд урт дараалал үүсгэх болсон аж.
Өөрсдөө дугаарлаад явахгүй байгаа
Бид нөхцөл байдлыг сурвалжлахаар үдийн 13:00 цагийн үед 100 айлын Төрийн банкинд очлоо. Банкны үүдэнд хоёр талаасаа хүүхдээр түшүүлсэн 80 орчим насны эмээ шатаар өгсөж явахтай таарав. Итгэмжилсэн хүнээ явуулаад насны хишгийнхээ мөнгийг авч болох талаар түүнд хэлэхэд “Миний мөнгийг авчраад өгөх хүн бараг байхгүй. Хоёр зээтэйгээ амьдардаг юм. Өөрөө ирж аваад сурчихсан. Итгэмжлэх хүнээр авахуулна гэвэл явдал ихтэй юм шиг байна билээ” гэв. Дотогш ороход банкны хүлээлгийн танхим дүүрэн хүнтэй байх бөгөөд, банкны ажилтан эмэгтэй “Ар араасаа дугаарлаад зогс. Битгий хонь, мал шиг бужигнаад бай” хэмээн зандран, тэднийг эгнээ үүсгэн зогсохыг шаардаж байгаа. Урт дараалалд удаан зогссон ахмадууд бие биенээ халамжлан үүдний хэсэгт тавьсан сандалд ээлжлэн сууж хөлөө амрааж байх аж. Тэдний дунд дөрөв дэх өдрөө өглөөнөөс орой хүртэл дугаарлаж байна хэмээн бухимдах хүн ч олон байлаа. Зарим нь буруу мэдээлэл тараасан гэж хэвлэл мэдээллийг буруутган бухимдаж байв. Иргэдийн мэдээлснээр Дамбад байрлах Төрийн банкны салбарт хоёр өдөр дугаарласны эцэст тус банкнаас хороодоор нь хуваарилалт хийж, эдгээр ахмадуудыг 100 айлын салбараас “Насны хишиг”-ээ авахыг зөвлөсөн аж. Банкны мэргэжилтнээс насны хишиг олгож байгаа эсэхийг тодруулахад “Санхүүжилт нь дөнгөж сая орлоо. Систем файлыг бүрэн уншиж дуусахад иргэдэд тараах гэж байна” гэв. Өмнөх өдрүүдэд санхүүжилт ороогүй байсан бол иргэдийг өдөржин дараалалд зогсоож, төвөг удах хэрэг байсан уу гэж асуухад “Үүнийг бид мэдэхгүй. Мэдээлэл авъя гэвэл төв банкнаас зөвшөөрөл ав. Өөрсдөө дугаарлаад явахгүй байгаа хүмүүсийг бид хүчээр тараалтай биш” гэсэн хариу өглөө.
Харин хажуухан талд нь байрлах “Хаан” банкинд ороход гуравхан үйлчлүүлэгч байх аж. Учрыг асуувал “Насны хишиг”-ийг зөвхөн Төрийн банкаар тараадаг аж. Бид хотын төвд байрлах Төрийн банкны хэд хэдэн салбараар ороход, яг адилхан дүр зураг угтаж байв. Иргэдийн хэлж байгаагаар танхим дүүрэн бужигнасан эдгээр ахмадууд өглөөг бодвол 10 дахин багасчихаад байгаа нь энэ гэнэ. Иргэдийн ярьснаар хамгийн их ачаалалтай байгаа Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн орчимд байрлах салбарт 15:00 цагийн үед очлоо. Өглөөгүүр энэ банкны гаднах хашаа дүүрэн байсан бөгөөд, дарааллаас болж эмх замбараагүй байдал үүсч, эцэст нь цагдаа нар ирж зохицуулсан тухай дугаарлан зогсох иргэд ярилаа. Доторх танхим дүүрсэн тул иргэд гадаа дугаарлах бөгөөд, банкны хоёр ажилчин нэг хүнийг гаргаад, нөгөө хүнийг оруулах замаар зохицуулалт хийж байлаа. Ээлжээ хүлээн өвлийн хүйтнээр өдөржин гадаа зогссон иргэд өмнөх өдөр дугаарлаад амжилт олоогүй учраас өглөөний зургаан цагт ирж, дараалалд зогссон тухайгаа ярьж байсан юм. Зохицуулалт хийж буй банкны ажилтнаас өмнөх өдрүүдэд насны хишиг тараагаагүй юм бол иргэдэд мэдээлэл өгөөд тараачих боломжгүй байсан эсэхийг лавлахад “Бид мэдээлэл өгсөн. Санхүүжилт орж ирээгүй учраас “Насны хишиг” тараахгүй гэсэн зарлал наасан. Иргэд өөрсдөө тарахгүй, сайн дураараа өдөржин дугаарлаж байна” гэв. “Насны хишиг”-ээс гадна одонгийн мөнгө, цалинтай ээж, жирэмсний мөнгө зэрэг тэтгэмжүүд орж байгаа учраас ачаалал ийм байдалд хүрснийг банкны ажилчид учирлалаа. Харин тэтгэмжээ авахаар хэдэн өдөр дараалалд зогссон иргэд ийн ярьж байна.
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны өндөр настан Д.Пагма
-Би гурав дахь өдрөө дугаарлаж байна. Өчигдөр 17:00 цаг хүртэл Дамбын банкинд дараалалд зогссон ч “Насны хишиг”-ээ авч чадаагүй. Манай хорооныхныг 100 айлын салбараас ав гэсэн болохоор ирлээ. Өнөөдөр өгөх юм шиг байна. Хороо ихтэй учраас биднийг ийшээ явуулж байгаа юм гэнэ.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн н.Бурмаа
-Би өнөөдөр ирлээ. Энд байгаа хүмүүсийн хэлж байгаагаар гурав, дөрвөн өдөр дугаарлаж байгаа бололтой юм. Өглөө ирэхэд санхүүжилт ороогүй мөнгө өгөхгүй гэж байсан. Одоо харин өгөх гэж байх шиг байна. Хөл өвдөөд энд суугаа хэдэн хөгшинтэй ээлжилж сууж хөлөө амраалаа. Өнөөдөрхөн ирсэн би ингэж ядарч байхад хэдэн өдөр зогссон энэ хөгшчүүд хэцүүдэж байгаа байх.
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны өндөр настан н.Чулуун
-Телевизээр “Насны хишиг”-ийг энэ сарын 20-ны өдрөөс өгч эхэлнэ гэж ярихаар нь тэр өдрөөс эхэлж банкинд дугаарлалаа. Одоо дөрөв дэх өдрөө зогсож байна. Би 76 настай хүн. Хөл, гар өвдөөд үнэхээр хүнд байна. Дэнжийн мянгын Хадатын “Хаан” банкинд өгнө гэхлээр нь тэнд өглөө 06:00 цагт очсон. Гэтэл “Насны хишиг” “Хаан” банк өгөхгүй гэхлээр нь ийшээ ирлээ. Хөгшчүүдэд хэдэн төгрөг өгөх гэж биднийг ингэж зовоох хэрэг байдаг л юм байх даа. Банкны ажилчид юм асуухаар зандраад, ахмадуудтай их муухай харьцах юм. Үнэхээр хүнд сурталтай байна.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн н.Жараа
-Бүх буруу халамжид байна. Бид энд гурав хоног дугаарлалаа. Хөгшин залуугүй толгой эргээд уначих гээд байна. Хөөгдсөн ч орчихож юуны магад гээд сууж байна. Би хоёр өнчин хүүхдийн мөнгө авдаг юм. Өглөө зургаан цагт ирсэн болохоор толгой өвдөөд байна. Халамжийн төв Төрийн банкинд мөнгө орчихсон гэдэг, Төрийн банк нь мөнгө ирээгүй гээд хүлээлгээд байх юм. Би ирэх тавдугаар сард 65 нас хүрнэ. Настай хүмүүст өдөржин зогсоно гэдэг үнэхээр хүнд даваа.
Дурын банкны дансаар “Насны хишиг” авах боломжтой
...Хоног тоолон хүлээсэн тэтгэмжээ авахын тулд хэдэн өдрөөр банкны үүд сахисан ахмадууд ийн бухимдаж байна. Нэг банкны хашаа дүүрч, цагдаа шүүхдээ тулсан үймээн болж байхад өөр нэг банк гуравхан үйлчлүүлэгчтэй байх жишээтэй. Нөхцөл байдал ийм байхад эрх бүхий байгууллагууд ямар зохицуулалт хийж байгааг тодруулахаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд очлоо. Тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундралаас энэ талаар тодруулахад “ “Насны хишиг” олгох журмын дагуу цагаан сарын баяраар олгох тэтгэмжийг нэгдүгээр сарын 25-наас олгох ёстой. Гэтэл энэ сарын 20-ны өдрөөс ахмадын насны хишиг орж байна гэх ташаа мэдээлэл гарсан. Төрийн сан болон Сангийн яамнаас өнөө өглөө 11:00 цагт тэтгэмжийн мөнгөний эрхийг нээсэн. Өнөөдрөөс эхлээд Төрийн банкаар дамжуулан ахмадууд “Насны хишиг”-ээ авч байна. Гэхдээ зөвхөн Төрийн банк гэлтгүй иргэд өөрийн харилцагч банкныхаа дансыг холбуулаад авч болно. Хорооныхоо нийгмийн ажилтанд хандаад өөрийн харилцагч банкны дансаа холбуулах боломжтой.
Ахмадуудыг заавал өөрийн биеэр ирж ав гэсэн шаардлага огт тавиагүй. Өөрийн ойр дотны хүнээ итгэмжилж, тэр хүнээрээ дамжуулан мөнгөө авах боломжтой. Гэвч ахмадууд өөрсдөө очиж аваад хэвшчихсэн учраас тэр зуршлаасаа салахгүй байх шиг байна” гэсэн тайлбар өглөө. Банкуудад ачааллыг хуваарилж, бүх банкаар тэтгэмжийг тараадаг болох талаар ямар бодлого баримталж байгааг тодруулахад “Иргэдэд халамж олгохдоо банкуудтай гэрээ хийдэг. Бүх банкаар олгодог болох асуудлыг судалж байгаа. Өнөөдөр Сангийн яамныхантай хуралдаж, энэ зохицуулалтыг хийх шаардлагатай юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Иргэдийг чирэгдүүлж байгаа үйлчилгээнд яаралтай арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн” хэмээв. Таягтай нь таягаа тулж, түшүүлэх нь түшүүлэн байж дүн өвлийн хүйтнээр төрийн хишиг горьдож зогсоо элэг эмтрэм энэ байдал төрийн харалганаас болсон уу, ахмадуудын харалганаас болов уу.
Идэр залуу насаа эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд зориулж, насныхаа адагт төрийн хишиг хүртэх гэж энэ хөгшид идэр есийн хүйтэнд тэвчээр шалгах “цээрлүүлэлт” хүртэх юм гэж үү.