“Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас
Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий
Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас
Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий хэмээн өмнийн говийн хилийн баганын дэргэд бичиж явсан залуу. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” зэрэг олон сайхан дуу зохиож явсан офицер, эх орон, ээж хоёрыгоо зүрхэндээ баринтаглаж явдаг Пунцагийн ганц хүү “Есөн эрдэнийн орон” найраглалаараа төрийн соёрхол хүртлээ. Эрхэм яруу найрагч маань “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Алтан тоос”, “Зургаан мөнгөн мичид”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн” зэрэг яруу найргийн олон сайхан номоо уншигч танаа өргөн барьсан билээ. “П.Бадарч ахын ярих нь шүлгээсээ гоё” гэсэн яриа бий. П.Бадарч ах үеийнхнийхээ тухай, яруу найрагч нөхдийнхөө хөгжилтэй түүхийг ярихаар салахын аргагүй. Үнэхээр амттайхан яриа болдог байлаа. Нэгэн үеийн зохиолчдын түүхэн роман сонсож байгаа мэт сайхан санагддаг билээ. Ярих нь хүртэл яруу найраг гэж манай үеийнхэн түүнийг хүндлэж явдаг юм.
Тэрбээр “...Ивээлт нарны нь цацрал алтан эрдэнэ
Элгэн уулсын нь оргил мөнгөн эрдэнэ
Илчийн улаан гал нь шүрэн эрдэнэ
Ээжийн цагаан сүү нь сувд эрдэнэ
Энгүй өргөн тал нь оюу эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Элбэрлийн цагаан гэр нь тана эрдэнэ
Энх үүрийн туяа нь зэс эрдэнэ
Эрхэт ардын нь эв ган эрдэнэ
Эх орон минь есөн эрдэнэ...” гэж эх орноо есөн эрдэнэтэй зүйрлэсэн яруу найрагч дэлхийд байхгүй.
Ямархан тансаг, яруухан эх оронтойгоо яруу найрагт мөнхлөж чадсан түүнд ийнхүү төр соёрхлоо хайрлалаа.