ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-10

Улс үндэстэн үйлдвэрлэгч, сэтгэгч, тэмцэгч байж хөгждөг нь байгалийн гэхээсээ илүү амьдралын хууль гэж хэлж болно. Энэ гурав цогцоороо хосолж байж тухайн улс дэлхийд өөрийн гэсэн мөртэй, нэртэй болж үндэстнээ авч үлдэх түүхэн замыг туулж ирсэн. Манай залуус амьдрахуйн хуулиас гадуур гишгэхгүй гэхдээ шинийг эрэлхийлж, өөрийн олсон санаагаа бизнес болгох гэж тэмүүлж явна. Сэтгэх нэг хэрэг.

Харин олсон санаа, эхлүүлсэн бизнесээ өргөжүүлж, зах зээлтэй болгох гэхээр эрэлтийн болон тоног төхөөрөмжөө сайжруулах хөрөнгө дутагддаг. Өөрөөр хэлбэл гацаанд ордог гэсэн үг. Банкнаас зээл авахаар өндөр хүүнд нь “шатах” гээд байдаг. Бага хүүтэй зээл олддоггүй гээд олон бэрхшээл тохиолддог. Энэ л орон зайг нөхөх зорилгоор “Монгол” телевиз “Шарк танк” бизнесийн реалити шоу нэвтрүүлгийг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. АНУ-аас эхэлж, дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн реалити шоу нэвтрүүлэг манай оронд ч үр дүнгээ өгч байгаа гэхэд болно. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг.

Ажил хийхэд амжилт, алдаа дагаж явдаг гэсэн үг бий. Энэ нэвтрүүлэг ч гэсэн амжилт, алдаа хоёртой хамт явж ирсэн. Шаркууд зах зээлд орон зай бий гэдгийг мэдэрсэн бизнест хөрөнгө оруулж, тодорхой хувийг нь эзэмших эрхтэй болж, өрөөлд тусалж, өөрийн хөрөнгөө арвижуулах нэгэн боломж нээгддэг. Гарааны бизнесээ эхлүүлж байгаа аж ахуйн нэгж, иргэнд ч гэсэн өөрийн санаагаа зөв ойлгуулж чадвал, эргэлтийн болон тоног төхөөрөмжөө шинэчлэх хөрөнгө босгох сайхан боломж бүрдэнэ. Ийм л нэвтрүүлэг олны хүртээл болж, багагүй үзэгчтэй болсон төдийгүй нэлээд олон хүн бизнесээ өргөжүүлэх боломж нээгдээд байгаа.

Саяхан болсон нэвтрүүлэгт 12 жил гутал хийж буй нэгэн залуу бизнесээ танилцуулсан. Ийм урт хугацаанд нэг л бизнесийг уйгагүй хийнэ гэдэг асар их тэвчээр, тэмцэл гэдийг шаркууд маань хамгийн түрүүнд мэдэрч, гурван эрэгтэй шарк хөрөнгө оруулахаар болсон. Үүний дараа өндөг, сүү, японы ногоон цай хольж хийсэн бүтээгдэхүүнээ “Уураг” гэж нэрлэсэн үйлдвэрлэгч бизнесээ танилцуулж, шаркуудаас дэмжлэг авах гэсэн ч чадсангүй. Харин шаркууд түүнд компанийнхаа тодорхой хувийг санал болгож, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү бага хүүтэй зээл авбал ашигтай юм байна гэж зөвлөж буй харагдсан.

Гэтэл дээрх хоёр бизнесмен маань гарааныхаа бизнесийг багахан өргөжүүлэх төсөл хийгээд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар хөөцөлдсөн боловч, эхний шалгаруулалтад тэнцсэн ч яг зээл олгоход хасагдсан байсан гэж хөтлөгчид танилцуулж байсан. Тэгэхээр эндээс харахад шаркууд маань төр дэмждэггүй жижиг дунд үйлдвэрийг хөл дээр нь босгоход өөрийн хөрөнгө төдийгүй санаа, бизнес ухаанаа харамлахгүй хамтран ажиллая гэж хэлж буй нь бас нэгэн давуу тал ажиглагдсан.

Цэргийн офицер хүн нийслэлийн утааг бууруулах зорилгоор цахилгаан зуух санаачлан цалингаасаа илүүчлэн түүхий эдийг нь худалдан авч оюун ухаан уралдуулан байж хийсэн дулаан хуримтлуулагчтай бүтээгдэхүүнээ танилцуулсан. Энэ цахилгаан зуухны онцлог нь зохион бүтээгч нь өөрөө гэртээ туршиж, монгол гэрт хэрэглэх нь цахилгааны болон өрхийн санхүүг хэмнэж, агаарын бохирдлыг бууруулах сайн талтай гэдгийг амьдрал дээр харуулсан нь давуу талтай байлаа. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор зарласан уралдаанд шилдэг бүтээлээр шалгарч, гуравдугаар байр эзэлж 20 сая төгрөгийн шагнал авсан бүтээл байлаа.

Шаркууд агаарын бохирдлыг бууруулахад ганц зуухтай ноцолдох нь үр ашиггүй гэдгийг хэлж байсан ч тэд бас зүгээр сууж болохгүй гэдгийг мэдэрч байсан. Ингээд дулаан хадгалагчтай цахилгаан зуухыг үйлдвэрлэхэд шаардлагатай 78 сая төгрөгийг хоёр шарк хөрөнгө оруулахаар болсон. Гэхдээ энэ бизнесээс тэд ямар ч хувь авахгүй хөрөнгө оруулъя. Энэ зуухыг улам боловсронгуй болгож, өөрийн өртгийг нь хямдруулж, үнийг нь буулгах хэрэгтэй хэмээн зөвлөж байсан. Тус зуух 1.4 сая төгрөгийн үнэтэй юм байна. Ийм сайхан санаачилгууд шаркуудаас гардаг ч бас шүүмжлэлтэй хандах, эмзэглэл төрүүлэм үйлдлүүд ч харагддаг.

Гарааны болон жижиг бизнес эхлүүлж яваа хүмүүсийн санаа бизнесийн нууцад дэндүү халдаж, адил төрлийн бизнес хийх гэж  санаж яваа мөнгөтэй хүн үзвэл мөрөөр нь яваад үйлдвэрлэлээ эхлүүлчих хэмжээний нууцыг нь яриулах юм. Ингэж бизнесийн нууцад халдаж болохгүй л юм шиг санагддаг. Тухайлбал: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатаас “Танай компани хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийнхөө сэлбэгийг яг хаанаас оруулж ирдэг вэ” гэсэн асуулт асуувал яг тэндээс авдаг гэж л лав үнэнээ хэлэхгүй байх. Энд сууж буй бүх шаркууд адилхан. Гэтэл гарааны бизнес эрхлэгчийг ийнхүү телевизийн дурангийн өмнө түнтэгнүүлж, бүх нууцыг нь дэлгэх хэрэг байгаа гэж үү. Авах хүн бөхийж, өгөх хүн гэдийдэг гэдэг л энэ юм шиг санагддаг.