Өнөөдөр жиндүүхэн байна. Жиндүү жиндүүдээ өрцөн цаанаас минь хачин их жиндүүлж байна. Өөрийг нь тэврэх гэж хүлээсэн мэт Өнжүүлийн бор толгоддоо очихоор өвгөн буурал найрагч минь мордлоо. Сэтгэл уйтай байна. Монголын яруу найргийн нэгэн гэрэлт сүмбэр оргил- суу билигт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Боржигоны бор талынхаа элгэнд шингэв. Таны минь мөнхийн бүтээлүүд зуун зуунд гэрэлтэж монгол хүн бүрийг ухааруулж, уяруулж байх болно.
Ээжийн тухай хачин сайхан хайлан бичдэг найрагч Лхагвасүрэн ахаас өөр олонгүй гэвэл гайхах хүн үгүй. Ээжийгээ, аавыгаа, өвгөдөө, эх орноо, эх нутгаа, үнэнийг дэндүү тунгалаг бичдэг монгол найрагч минь, хаан найрагч минь. Таны шагласан омголон, бадрангуй, гэрэлт мөрүүд монгол түмний оюун санаанд үеэс үед үргэлжлэн шүншиглэгдэх болно.
Ухаантай байхаас
Тэнэг нь илүү эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд
Бадаг зүүд шиг
Бүдэг заяа тэмтрэхэд
Урт бодол агшиж
Уйдах юм шиг санагдавч
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяаг санаж
Өөдлөх уруудахын хорвоод би
Өөрийн эрхгүй хоргодно...гэсээр та минь одлоо. Тэнгэр мэт бүтээлээ үлдээгээд тэнгэр боллоо та минь. Баатар энэ тэр гэх олон гуншин чимэг хэрэггүй, Бавуугийн Лхагвасүрэн гэдэг л өөрөө монголчууд бидэнд байсан гайхамшиг билээ.