ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦААСНЫ АРИУНАА

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-18

Сүүлийн үед залуус, ялангуяа бүсгүйчүүд төрөл бүрийн гар урлал сонирхож, хийж оролдож, баяжуулж, ахисхийвэл эх орондоо нутагшуулж байна. Тэдний нэг  Батзоригийн Ариунаа гэх бүсгүйг гар урлаачид “Цаасны Ариунаа” гэдгээр нь илүү таньдаг. Одоогоос  10-аад жилийн өмнө Ариунаа анхны хүүгээ гаргачихаад гэртээ сууж байхдаа эзэмшсэн мэрэгжлийнхээ дагуу өөрийгөө хөгжүүлэхийн зэрэгцээ  гар урлалын шинэ сонин бүхнийг сонирхон оролджээ. Ингэхдээ цаасан урлал /дэлхийн нийтээр Quillng хэмээн нэрлэдэг/ -ийг онцгойлон сонирхож, суралцаж эхэлжээ. Ариунаа уг нь хувцасны дизайнер мэрэгжилтэй.

Мэрэгжлээрээ олон уралдаан тэмцээнд оролцсон , шаггүй сайн урлаач байсан ч цаасаар гайхамшгийг бүтээж болох энэхүү урлаг өөд эргэлт буцалтгүй орсон байна. Түүний сонирхол нь мөрөөдөл,  улмаар том зорилго болжээ. Б.Ариунаа өөрийн сурч мэдсэнийг бусдад түгээн дэлгэрүүлэхийг бас нэгэн зорилгоо болгодог эмэгтэй. Бас ч гэж хөл гарын хорин хуруунаас давсан шавь нартай. Тэд нь бүгд өөр өөрийн урланг нээж, багш шигээ сайн урлаач болохоор шамдаж буй. “МонГал” хэмээх уран бүтээлийн нэгдлийн  тайзны арын томоохон чимэглэлийг харсан бүхэн дуу алдана. 100 м хавтгай дөрвөлжин талбай бүхий ханыг зөвхөн нарийн зүссэн өнгө өнгийн цаасаар битүү чимэглэснийг  харсан хүн дуу алдахаас аргагүй. Жаахан алсхан зогсоод харахад сонгодог уран зураг шиг харагдах энэ бүтээлийг ойртоод үзвэл өнгө өнгийн, нарийн зүссэн цаасаар урласан гэхээр дуу алдахаас ч аргагүй. Ариунаа “Цаасан урлал”- аа “Эрчисийн үр” хэмээн монголчилж нэрлэдэг. Үнэхээр л эрчилж хуйлсан цаасаар бүтээж буй урлал. Тэрээр “Цаас бол гайхамшиг. Цаасан хуймал урлалаа “Эрчисийн үр” гэж нэрлэсэн.

Сайхан бүхнээ шингээж эрчилсэн эрчис айл бүрт аз жаргал авчирна гэж зөгнөдөг” Хэмээн нэгэнтээ ярьж байсныг санаж байна. Хүн сонирхлоо ажил, ажлаа аз жаргал болгож чадна гэдэг бас нэгэн гайхамшиг юм. Дуртай сонирхолтой ажлыг нь дэмжиж тусладаг ар гэр, хань ижил гэдэг бол хүнд тэр бүр тохиогоод байдаг зүйл биш. Харин Ариунаагийн хань, ээж, эгч, дүүс нь түүнийг үргэлж дэмжиж, “Уран хүч” хэмээх компани хүртэл байгуулаад авсан. Ганцаар ажиллахаас хамт олноороо ажиллах нь ямархан  далайцтайг бүгд л мэдэх хойно доо. Бяцхан энгэрийн тэмдэг, урилганаас  эхлээд бүхэл бүтэн телевизийн студи, рестораны болоод хуримын чимэглэл гээд цаасаар хийж л болох бүхнийг тэр урлаж байна. Б.Ариунаа зөвхөн цаас эрчлээд суудаг нэгэн биш. Уралдаан тэмцээнд оролцож, хэн нэгэнд тусалж, зарим нэгний хүсэл зоригийг дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг нэгэн.

Ариунаа дөрвөн хүүхдийн ээж, одон тэмдэгт бүсгүй. Тиймээс ч “Одонтой ээжүүд” хэмээх группийн ажилд хамгаас идэвхтэй оролцдог. Ариунаа бага охиндоо “Эрчисхэн” гэдэг нэр хайрласан нь бас л сонирхолтой. Ажилдаа дур­тай хүн гэхэд арай л хэтрүү юм. “Хүүхдээ гаран гартал ажлаа хийж, цаасаа хуйлаад гаргасныхаа дараа нэг ч их удалгүй нялх хүүхдээ тэврээд ажилдаа явчихдаг” хэмэээн найз нөхөд нь түүнийг “шүүмжилдэг”. Хүн ажил хөдөлмөрөөрөө “овоглоно” гэдэг үнэхээр л сайхан шүү. Намайг Батзоригийн Ариунаа гэхээсээ илүү “Цаасны Ариунаа” гэхээр л олон хүн танина даа гэсээр инээмсэглэх түүний ширээн дээ эрчлэгдэхээ хүлээх мэт түм түмэн цаас овоолгоостой.