ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголчуудад хайртай Данзанова багш

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-27

“Данзанова багш ирэх нь үү. Данзанова багштай уулзахсан...” гэж хүмүүс бие биенээсээ сураглах нь  ойрхон чих дэлсэх аж. Мэргэжлийн өвчин ч гэх үү, ямартаа ч “Данзанова гэж хэн бэ. Хүмүүст ямар учиртай эрэл сурал болоод байна вэ” гэсээр нэхэн сурвалжилваас  ОХУ-ын иргэн ДАНЗАНОВА ВАЛЕНТИНА ВАСИЛЬЕВНА гэх бүсгүй байв. Бас ч гэж зүгээр нэг мод, ургамал сонирхогч биш. ОХУ-ын Буриадын Автономит улсын шилдэг фермер гэнэ.

Цөл болох нь холгүй болсон монгол орны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг  олон олон хүмүүсийн дунд  ДАНЗАНОВА ВАЛЕНТИНА ВАСИЛЬЕВНА  багшийг хүндэтгэн ярих, хүлээн уулзах хүмүүс цөөнгүй.  ОХУ-ын Буриадын Автономит улсын Усть-Хилок сууринд  төрсөн  тэрээр уг нь барилгын инженер юм. Данзанова багш одоо “Тохойские  саженцы” компанийн захирлаар ажиллаж байна. Түүнийг онцлохын учир тэрбээр манай  улсын  Сэлэнгэ аймгийн иргэдэд алим, чавга, жимс, жимсгэнэ тариалах талаар  сургалтыг 2012 оноос явуулж эхэлснээс хойш  жил бүр зөвхөн сэлэнгэчүүдээр тогтохгүй жимс жимсгэнэ, мод бут тарих сонирхолтой монгол иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан танхимын болон талбайн сургалтыг бодитоор явуулж эко аялал зохион олон удаа байгуулжээ. Олон зуун иргэд эдгээр сургалтанд хамрагдан  сурсан мэдсэнийхээ үр шимийг нь хүртэж байна. Манай тариаланчид 2-3 жилийн өмнөөс өөрийн ургацыг хурааж авч эхэлсэн нь энэ эгэл жирийн орос бүсгүйн ач тус хэмээн  шавь нар нь бахархана.     

Ховдын “Минжит булган хоршоолол”, Дарханы жимс, жимсгэний станц гээд олон газруудад тариалж байсан амтлаг, шүүслэг алимыг өнөө бид бараг л мартах шахсан. Тэгвэл одоо цагт олон газар, олон иргэд эх нутагтаа өөрийн гараар алим, чавга гэх мэт ховор төрлийн жимс, жимсгэнэ гоёлын мод бут тариалж, үржүүлж эхэллээ. Импортоор орж ирж буй алим, жимс жимсгэний тодорхой хувийг ч болов хангах гэж чармайж буй  Монголын тариаланч, сонрхогчид, цэцэрлэгчдэд зориулсан хэд хэдэн  удаагийн эко сургалт-эко аялалыг  ОХУ-ын Буриадын “Тохойский питомник” мод үржүүлгийн газрын талбайд  зохион явуулжээ. Монгол хүн бүрийг мод тарихад уриалж  өөрөө өмнө нь үлгэрлэж явна хүн бол ОХУ-ын иргэн Данзанова Валентина Васильевна.  Энэ хүний аав нь Буриад улсын “Тохой” суурингийн мод үржүүлгийн газрын захирлаар олон жил ажиллаж  байсан бөгөөд  эднийхэн дөрвөн үеэрээ дэлхийгээ  ногооруулах ажилд зүтгэж явна. Данзанова багш  Монголын 1000 гаруй иргэнд өөрийн сурсан мэдсэнээ түгээсэн. 

“Ардын засаг ч гэж юу билээ, авдаг өгдөг ч гэж юу билээ” гэдэг шиг анх бид чинь сорт байтугай, энэ мод тариалалтад харанхуй  байлаа шүү дээ. Улаан алим, шар алим л гэнэ шүү дээ. Юу ч ялгахгүй. Одоо бол  их томорсон.  Сорт ярина, моодноос хоцрохгүй л гээд л төрөл, зүйл бүрийн мод бутыг тарих гэж үздэг болсон.  Сибирийн цэцэрлэгчдээс хоцрохгүй гээд  л зүтгэж явна шүү дээ. Тариалалтын нэр төрлийн хувьд шүү дээ. Мэдээж дадлага бол одоогоор яаж гүйцэх вэ дээ. Гэсэн ч хичээж л явна. Энэ бүхэнд Данзанова багшийн ач тус их” хэмээн түүний монгол түншүүдийн нэг  “Мөрөөдлийн цэцэрлэг”  НҮТББ-ын тэргүүн Ш.Наранцэцэг хатагтай хэлээд “Монголчуудад их тусалж байгаа хүн шүү. Эдний хувьд бид жижигхэн худалдан авагч. Тоохгүй байх ч боломжтой. Гэтэл зургаан жил энэ хүнтэй зууралдсаны хүчинд  алим, чавга, лийр, интоор, тошлой гээд манайд сураггүй байсан өчнөөн төрлийн жимсийг тарьж эхэлсэн” гэв. Түрүүчээсээ үр шимийг нь үзэцгээж байна. Данзанова хатагтай Буриадын Автономит улсын шилдэг фермер. Тэрбээр монголчууд бидэнд элэгтэй нэгэн. Данзанова багшийн шавь нар монгол орны хаа сайгүй Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт, Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Булган гэх мэт олон газруудад бий. Монгол орны хөрс шороо нь эргэсэн газар нутгийг ногооруулахад оруулж буй Данзанова багшийн хичээл зүтгэл, хөдөлмөрийг Монголын Байгаль орчны яам үнэлж шагнаж байгаа тухай баяртай мэдээ ч энэ үед сонор мялаав.