Бизнесийн салбарт гялалзаж яваа залуухан бизнесмэн О.Амартүвшин Монголын мянга, мянган бизнес эрхлэгчдийг нэгэн дээвэр дор нэгтгэж, удирддаг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Танхимын Ерөнхийлөгчид таван хүн нэр дэвшсэн бөгөөд шөнө 02.00 цаг хүртэл үргэлжилсэн хурлаар бизнес эрхлэгчид түүнд итгэл үзүүлэв.
25 настайдаа компаниа байгуулж, 14 жилийн дараа түүний байгуулсан “UFC” групп нь барилга, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, өнгөрсөн хугацаанд хэдэн арван тэрбум төгрөгийг улсын төсөвт төлсөн шилдэг татвар төлөгч компанийн нэг болж чадсан түүхтэй. Тэр бизнесийн салбарт яах аргагүй залуу лидер.
Өсч дэвжиж яваа чадварлаг бизнесмэн. О.Амартүвшин танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ “Танхим бизнесийн орчинг дэмждэг, бизнесмэнүүдээ хамгаалдаг, эдийн засгийг эрүүл байлгахын төлөө ажилладаг байгууллага байх ёстой. Энэ шинж чанар алдагдсан. Дуу хоолойгоо гаргаж чадахгүй болсон. Дөрвөн жилийн өмнө миний хийе гэж бодож байсан ажил яг хэвээрээ байна” хэмээж байсан юм. Тэгвэл бизнес эрхлэгчид түүнд итгэл үзүүлж, дөрвөн жилийн өмнө хийх гэж бодсоноо хийх боломж олгов.
Эдийн засгийн эрүүл байлгахын тулд попордог бус бодит асуудал ярьдаг, гарц шийдэл эрдэг байх ёстойг түүнд сануулж байна. Залуу хүний эрч хүчээр зоригтой ажиллаж, төрийн дарамт хэтэрхий их болсон энэ цагт бизнес эрхлэгчдээ дэмжиж, улс төрөөс ангид удирдаад явах болов уу гэж мянга, мянган бизнес эрхлэгчид түүнд итгэлээ. Одоо итгэлийг нь зүтгэлээр хариулж, Ерөнхийлөгчид өрсөлдөхдөө амласан бүх амлалтаа биелүүлэх шаардлагатай болж байна. Танхимын Ерөнхийлөгчийн төлөө таван хүн өрсөлдсөн гэхээр ямархуу эрх ашиг, албан тушаалын амбийц байдаг нь тодорхой. Тэр ч утгаараа амбийцаа дарж, албан тушаал, эрх ашгаас хол ажиллах үүргийг О.Амартүвшин авч байна.