Монгол Улс 100 гаруй улсын тусгай хамгаалалттай газар нутагтай. Харин Хөвсгөл аймаг нийт нутгийнхаа 27 хувийг тусгай хамгаалалтад авсан цөөхөн аймгийн нэг. Тусгай хамгаалалттай газрын чухал хэсэг болох Улаан тайга буюу Дархадын цэнхэр хотгор гэж бий. Тэнд амьдардаг тайгын иргэд, байгаль хамгаалагч нарын талаар Хөвсгөл аймаг дахь Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхтэй ярилцлаа.
-Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын онцлогийн талаар ярилцлагаа эхэлье?
-Манай газар Хөвсгөлийн хойд хязгаар, Монголын швейцарь гэж нэрлэгдсэн Улаан тайгын дархан цаазтай газар, хорьдол сарьдагийн дархан цаазат газар, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газар гэсэн гурван том хэсгийг хариуцаж, хамгаалдаг. Манай ажлын гол зорилго нь дархад нутгийн тайга, Хөвсгөлийн хойд хязгаар, биологийн төрөл зүйлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилготой үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн цэнгэг усны томоохон мөрөн болох Енсей мөрөн Улаан тайгаас эх авдаг. Мөн Байгаль нуур, Ангар, Сэлэнгэ зэрэг таван том гол, мөрөн эх авдаг чухал усан сан бүхий цэвэр усны хагалбар бүхий газар юм. Дархадын хотгорт 1000 орчим нуур бий. Биологийн төрөл зүйлийн хувьд мөн л аугаа их баялагтай. Энд Монголын улаан номонд орсон зэрлэг цаа буга, халиу, цоохор ирвэс, аргал, янгир, хүрэн баавгай гэх мэт нэн ховор амьтад нутагладаг. Тиймээс ан амьтад болон тэдний, амьдрах орчныг хамгаалах, тоо толгойг өсгөн үржүүлэхэд бидний ажлын гол зорилго оршдог.
-Хүмүүс ан амьтдын арьс үс, эд эрхтнийг худалдаалах зорилгоор хулгайгаар агнаж байна. Танай хамгаалалтын бүсэд ийм асуудал хэр их тохиолддог вэ?
-Манай газар нутаг байгалийн нөөцөөрөө баялаг учраас алт, олборлох, хууль бус ан хийх, эрсдэлүүд байсан. 2012 оноос Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар байгуулагдаж ан амьтдыг хамгаалах, тэдний амьдрах орчныг хамгаалснаар буруу ажиллагааг бүрэн таслан зогсоож чадсан. Таслан зогсоож чадсан учраас өмнө нь устаж байсан халиун буга, бадан хүдэр, тул загас, хандгай эх нутагтаа ирж, тоо толгой нь мэдэгдэхүйц өслөө. Аргал хонь 30 гаруй байсан бол 120 орчим боллоо. Хандгай буга 2017 онд 180-200 болж өссөн. Зөвхөн Хорьдол сарьдагийн хэмжээнд шүү дээ.
-Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар тайгад амьдардаг цаатан иргэдтэй хэрхэн хамааралтай ажилладаг вэ?
-Манай тусгай хамгаалалттай газарт маш цөөхөн хүн амьдардаг. Учир нь тусгай хамгаалалтай газрын гол онцлог нь тайга нутаг. Хүн амьдрах нөхцлөөр харьцангуй хязгаарлагдмал, цас их унадаг, мал аж ахуй эрхлэх боломж бага. Энэ хэсэгт таван хошуу малаа малладаг ердөө 30 гаруй өрх бий. Бусад нь тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Харин Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолбор газарт цаа буга малладаг, цаатан иргэд амьдардаг. Энд 50 орчим урц айлын 300 гаруй цаатан иргэн 2000 гаруй цаа буга маллан амьдарч байна. Бидний хамгаалалтын нэг зорилго нь иргэдийн цаа малаа маллах, амьдрах орчныг хамгаалах зорилготой, нөгөө талаас тэдний ахуй соёлыг хөгжүүлэх зорилготой байдаг. Тиймээс цаатан иргэд тусгай хамгаалалтай газрын хуулиар зөвшөөрөгдсөн бүсэд уламжлалт аж ахуйгаа эрхлээд, аялал жуулчлалаараа тодорхой хэмжээний орлого олдог.
-Цаатан иргэдийг үндэсний цөөнх гэж үзээд төр засгаас ихэд харж үздэг болсон. Тэдний ахуй амьдрал ямар байдаг вэ?
-Тайгын иргэдэд монголын бусад иргэдээс илүү тэтгэлэг, тэтгэмж олгодог. Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж, цаа малаа маллаж тайгад амьдарч буй иргэдэд сар бүр 200 орчим мянга, хүүхдэд түүний 50 хувийг нь олгодог. Энэ нь Монголын төр энэ хүмүүсийг цалинжуулж байна гэсэн үг. Нэгэнт цалин авсан бол ажил хийх ёстой. Хийх ажил нь юу вэ гэвэл, энэ нутагтаа тайгаа хамгаалах ёстой. Тайга нутгаа хойч ирээдүйдээ үлдээхийн төлөө хайрлан хамгаалуулах зорилгоор тэтгэмж олгож байгаа шүү дээ.
-Энэ хэмжээний мөнгөн тэтгэмж олгоод, хүүхдийг нь их дээд сургуульд үнэгүй сургаж байна. Төв суурин газарт ойр байх тусам цаатан хэмээх Монголын өвөрмөц ахуй соёл устаж үгүй болох вий, гэж санаа зовж явдаг юм?
-Мэдээж хүнээ хөгжүүлэх, ая тухтай амьдруулах төрийн бодлого явж байгаа байх. Үүний тулд мэдлэг боловсролтой болгох, хүүхдийг нь сургах, эмнэлгийн үйлчилгээг хүргэх бодлого байх шаардлагатай гэж боддог. Нөгөө талаас тайгын иргэдийг уламжлалт ахуй амьдрал соёлоо дээдлэн хөгжүүлж, энэ хөгжлийнх нь гол түлхүүр, аялал жуулчлалаас тодорхой хэмжээний орлого олж, амьдрах нөхцөл бололцоог хангаж байна гэсэн үг. Ингэснээрээ заавал төвд очиж байр, байшинд амьдар гэсэн чиглэлийг бариагүй шүү дээ. Хамгийн гол нь тайгадаа, уламжлалт аж амьдралаа устгахгүй, хадгалж үлдээх боломж байгаа гэдгийг тодорхойлж байна. Энэ бодлогыг цаашдаа ч бариад явна. Тайгын иргэд орчин үетэй хөл нийлүүлж байгаа ч, үүнийг сайн ойлгож, ухамсарладаг. Юм хөгжөөд унаа, хөсөг сайжирсан учир эрүүл мэндийн үйлчилгээг сумын төвдөө ирээд авчихдаг. Сумын төвийн эмч нар нь тайга руу машин тэрэг, цаагаар иргэдээ үзнэ. Хуучны урцандаа төрдөг байсан зүйл байхгүй болсон.
-Тайгын хүн амын өсөлт ямар түвшинд байна. Тэдний дунд цус ойртолт их болсон тухай их ярьдаг?
-Миний ажигласнаар тайгын иргэдийн тоо бага багаар нэмэгдэж байгаа. Анх цөөхөн хэдэн ах дүү нараас бүрдсэн хүмүүс Монголд ирж байсан түүх бий. 300-600 орчим болов уу даа. Цаатан иргэд дархад хүнтэй гэр бүл болж байна. Хотын хүмүүстэй суусан. Тэр ч байтугай гадаадын хүнтэй суусан ч тохиолдол бий шүү дээ /инээв/. Тийм айхтар цус ойртоод, мөхлийн ирмэгт хүрсэн зүйл байхгүй. Өөрсдөө ч түүх, удам судраа сайн мэддэг хүмүүс.
-Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрыг хамгаалахад тулгамддаг асуудал, бэрхшээл нь юу байна. Хүйтэн сэрүүн уур амьсгалтай хангай газар, араатан амьтан элбэгтэй ой хөвч гээд эрсдэл өндөртэй нөхцөлд ажиллаж байна шүү дээ?
-Байгаль хамгаалагчид олуулаа, эсвэл машинаар давхиад ажлаа хийнэ гэж байхгүй. Тайгын байгаль хамгаалагч гэдэг бол үнэхээр өвөрмөц ажил. Тайгад ганцаараа л явна. Үхэх сэхэх нь хатуухан хэлэхэд тайгын хуулиар л зохицуулагдана. Тэр ямар хууль вэ гэхээр, тайгад амьд явах урлаг, амьд явах ухаан. Тэрнээс биш дэвтэр дээр бичсэн хууль дүрэм, хэн нэгэн даргын заавраар явах боломжгүй. Байгалийн эрсдэл, цаг агаарын нөхцөл араатан амьтнаас хамгаалах, хулгайн анчдаас өөрийгөө хамгаалахад зохицож амьдардаг. Төр засгаас гол анхааралдаа авах зүйл бол тайгын байгаль хамгаалагчийн ахуй нөхцөл, цалин хөлс, тэтгэвэрт гарах насыг өөрчлөх асуудал. 50, 55 настай байгаль хамгаалагч тайгад явган ажил хийж чадах уу, үгүй юу. 1-2 метр өндөр цасан дээр явах нь энүүхэнд. Сайлагийн даваагаар давж чадвал чи амьд гарна, чадахгүй бол үхнэ. Тэр бол тайгын хууль. Ядаж л байгаль хамгаалагч 55 насандаа тэтгэвэрт гарах хэрэгтэй. Бодит амьдрал дээр тайгад 55-аас дээш настай хүн ажиллах боломж үнэхээр байхгүй. Хэцүү шүү дээ. Онцгой албадууд бол 40, 45 насандаа тэтгэвэрт гарч байна. Энэнээс цааш гүйж харайж чадахгүй гээд улс тэдэнд гавьяаны амралтыг нь өгчихдөг. Тайгад гүйж харайхгүй ч гэсэн түүнээс илүү эрсдэлтэй амьдарч, ажиллаж байгаа. Манайх 31 байгаль хамгаалагчтай. Манай байгаль хамгаалагчдаас хамгийн олон хоног буюу 265 өдөр тайгад, хушны ёроолд хонож өнжиж байсан ч тохиолдол байдаг. Майхантай бол майхантай, майхангүй бол цасан дээр унтана шүү дээ. Байгаль хамгаалагчдын нийгмийн байдлыг олж харах л хэрэгтэй.
-Ажлын нөхцөл хүнд, эрсдэлтэй байхын хэрээр цалин хөлс, тэтгэврийг боломжийн тогтоож өгөх үү?
-Одоо байгаль хамгаалагчийн цалин 490 орчим мянган төгрөг байдаг. Нэмэгдэл гэх зүйл байхгүй. Гэхдээ төрд олон жил ажилласан, зэрэг дэв нэмэгдвэл дээд тал нь 600 мянгад хүрэх нь дээд хэмжээ юм даа. Гэтэл 400 мянган төгрөгийн цалин авдаг байгаль хамгаалагч сарын 20-27 хоногт нь тайгад, үлдсэн өдрүүдэд нь ар гэртээ амьдарч байна шүү дээ. Үнэхээр өвөрмөц мөртлөө, эрсдэлтэй ажил. Хуучны тэтгэвэрт гарсан хүн ой хамгаалагч хийдэг сэтгэлгээгээр биш, байгаль хамгаалах төрийн алба өөр болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ хүмүүсийн цалин хангамж, нийгмийн байдлыг өөрчлөх цаг болсон. Ганц би биш, олон байгаль хамгаалагч, нутгийг иргэд, удирдлагууд, төрийн бодлогыг тодорхойлогчид ярих цаг нь болсон. Жишээ нь түймэрт ажиллалаа гэж бодьё, байгаль хамгаалагч хамгийн түрүүнд очно. Гал унтраагаад бүх хүн яваад өгөхөөр хамгийн сүүлд түймрээс ирнэ. Ой хээрийн түймэрт ажилласан онцгой байдлын ажилтан нэг өдрийн нэмэгдэл 1.5 өдрөөр бодогддог. Тэд бүтэн өдөр ажиллаад 1.5 өдрөөр авдаг бол, байгаль хамгаалагчид бүтэн өдөр ажиллаад нэг өдрийн цалин авдаг. Бусад хүмүүс томилолт авдаг бол бид авахгүй гэх зэргээр ялгавартай талууд бий.
-Тэгэхээр тэтгэврийн хэмжээ бас бага гэсэн үг үү?
-Тэтгэврээ нийгмийн даатгалын хуулиараа л авна. Олон жил ажилласан бол 400 орчим мянга, цөөхөн жил ажилласан бол 300 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа.
-Аливаа эрсдэл тохиолдоход биеэ яаж хамгаалах вэ?
-Бие хамгаалах хэрэгсэл, унаа, харилцаа холбоо гээд олон зүйл ярих шаардлагатай болно. Ярьж л байхаас өөр арга байхгүй. Буу зэвсэг байхгүй үед араатан дайрна, хил зөрчигч таарна, хулгайн анчин таарна, тэд ямар үйлдэл гаргахыг мэдэхгүй. Гэтэл бид хүн буудах эрх байхгүй. Миний хэлээд байгаа тайгын эрсдэлтэй нөхцөлд яаж биеэ авч гарах уу гэдэг нарийн ухаан, ердөө л тайгын хууль.
-Тайгын иргэд их хууль тогтоомжид хэр захирагдаж амьдардаг вэ. Заримдаа үндэсний цөөнхөөрөө далимдуулдаг тухай яригддаг?
-Тайгын хүмүүс дураараа байх ёстой гэдэг зүйлийг зарим хүмүүс ярьдаг. Миний хувьд үүнтэй ер санаа нийлдэггүй. Тайгын хүмүүс чинь зэрлэг хүмүүс биш шүү дээ. Бидэнтэй л адилхан соёлт хүн төрөлхтөн. Бусадтай адилхан, Монгол Улсын нутаг дэвсгэрт амьдарч байгаа хэн ч гэсэн хуульд захирагдах л ёстой.