ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьтны ертөнцөөр аялсан нэг өдөр

O.Admin
2019-03-12

Нийслэлчүүдийн нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн газрууд нэмэгдсээр байна.  Үүний нэг нь “Ulaanbaatar Zoo and Aquarium” амьтны хүрээлэн юм. Тус хүрээлэнд хэдэн төрлийн амьтныг хаанаас оруулж ирдэг, ямар орчинд үйл ажиллагаа явуулж буйг сурвалжилхаар тус амьтны хүрээлэнг зорилоо. 

“Алтай” хотхоны зүүн талд, Хараагүйчүүдийн үндэсний төвийн хажууд байрладаг тус төвийн үүдээр ороход сэтгэлд нэг л дотно дуу чимээ угтсан юм. 

Улсдаа цөөхөн байдаг амьтны хүрээлэнгийн нэг болох “Ulaanbaatar Zoo and Aquarium”-ыг  том хүн арван мянга, хүүхэд таван мянган төгрөг төлж, тус хүрээлэнгийн ховор сонин амьтдыг үзэх боломжтой аж. Хаалгыг татан дотогш ормогц шилэн лангуу байрлах бөгөөд бяцхан хүүхдүүдийн сонирхлыг татах тобот, сармагчин, имж зэрэг олон төрлийн чихмэлүүдийг эгнүүлэн тавьсан харагдлаа. Тэдгээр чихмэл тоглоомуудыг амьтны хүрээлэнгийн үйлчлүүлэгчдэд худалдаалдаг бололтой юм. Лангууны ард зогсох хорь гаруй насны эмэгтэй “Тавтай морилно уу” хэмээн инээмсэглэн угтлаа. Бид менежерт нь ирсэн хэргээ тайлбарлахад уриалгахнаар хүлээж авав. Тус амьтны хүрээлэн үүдэндээ хүлээлгийн жижгэвтэр буйдан тавьсан нь тав тухтай байдлыг бүрдүүлжээ. Цааш ороход аварга том аквариумуудыг эгнүүлжээ. Тус бүр нэг тоннын багтаамжтай энэхүү шилэн хоргонд төрөл бүрийн загас, жараахайнууд сүлжилдэн байх аж. Харин нөгөө талд нь долоон метрийн урттай шилэн хоргонд Амазон мөрнөөс гаралтай 20 орчим махчин загас байв. Яг л кинонд гардаг шиг махчин загас хагас алхмын зайд нааш, цааш сүлжилдэх нь айдас хүргэх боловч сонирхол татна. Цааш явж үзвэл том торонд эгдүүтэй  хоёр сармагчин жижигхэн модондоо дүүлэн тоглож харагдана. Торон дээр нь “Ойртож болохгүй” гэсэн бичиг байхыг хараахад их л ууртай учраас ийнхүү бичсэн болов уу.

Дэргэд очтол нэг нь ундааны савны бөглөөг амандаа зуун, шүдээ арзайлгасан нь үнэхээр дэггүй гэдгийг нь илтгэх аж. Шилэн хорго бүрийн дээд талд ямар амьтан, хаана амьдардаг гэдгийг нэг бүрчлэн тайлбарласан байх бөгөөд энэхүү сармагчныг Макак-резус буюу нохой сармагчин гэдэг байна. Тэд усанд сайн сэлдэг бөгөөд дунджаар 25-30 жил насладаг гэнэ. Эрэгчин Макак ойролцоогоор 60 см өндөр бол эмэгчин нь 50 см өндөр, 20-25 см сүүлтэй аж. Маш ховор тохиолдолд ихэрлэдэг амьтан хэмээн мэдээллийн самбарт бичжээ. 

Тэдэнд гар утас ойртуулж үзэхэд их л сонжингүй анхааралтай ажиглаж байлаа. Тус төвийн тайлбарлагч “Хамаагүй ойртуулж болохгүй, шидчихдэг юм” хэмээн анхааруулав. Ийнхүү ойртож үзсэний дараа ууртай байх гэсэн бодол минь ор тас мартагдсан юм.
Өхөөрдөм, бяцхан сармагчнаасаа салж дараагийн өрөөнд орлоо. Энэ бол могой болон матрын өрөө. Өрөөний голд байрлах том аквариумд нэг матар хөдөлгөөнгүй хэвтэнэ. Тал бүрээс нь ажиглаж байтал гэнэт өөдөөс амаа ангайн дайрахад нь сандран цочсоныг нуух юун. Гэнэтхэн том амаа ангайн, шүдээ ярзайлган дайрсан энэ догшин матрыг хэр хэмжээтэй, хаана нутагладаг болохыг нь сонирхлоо. Түүнийг  “Кайман” гэдэг бөгөөд Төв Америк болон Өмнөд Америкийн хойд хэсгээр нутагладаг гэнэ. Дотроо гурван зүйл байх бөгөөд дунджаар 2.5 метр урттай 60кг жинтэй байдаг аж. Харин том зүйл нь 3.5 метр урттай 200кг жин хүрдэг махчин амьтан гэж тайлбар хэсэгт бичжээ.  

а
Caption

Бид хүрээлэн үзэж буй Дуламсүрэн гэх эмэгтэйтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр “Хамгийн түрүүнд үүдэнд байсан сармагчин нүдэнд туссан. Их хөөрхөн амьтан байна. Олон төрлийн загасыг нэг дор харах маш сонирхолтой санагдаж байна. Өмнө нь зурагтаар л харж байсан. Ийм ойроос харсандаа баяртай байна. Маш гоё газар нээгдсэн юм байна” хэмээн тус амьтны хүрээлэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. 

Бид цааш явж горхины чимээ сонсогдсон намуухан тасалгаанд орлоо. Хадан хавцал  мэт сарайсан хаднаас ус хоржигнож, загас дүүрэн горхи руу цутгаж буй тэр хэсэг үнэхээр л амгалан тайван орчинг бүрдүүлсэн байлаа. Мөн урт улаан буйдан дээр тухлан сууж олон зүйлийг бодохын сацуу борооны дараах үнэр, голын чимээг сонсох нөхцлийг бүрдүүлсэн байв.  Энэ өрөө амралтын гэмээр тухтай аж. Цагаан цэнхэр өнгийн гэрэлтүүлэгтэй цэлгэр тасалгаанд өнгө өнгийн загасыг шилэн хоргонд байлгах бөгөөд тэнд хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатар бяцхан Немо ч байлаа. Үзэхэд урамтай, хараад ханашгүй олон төрлийн амьтдаас бүрдсэн энэ орчин тухайн газарт оччихсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь гайхалтай. Нэгээс нөгөө рүү шилжин явсаар хонин гүрвэл, гурван төрлийн яст мэлхий, зараа, аалз, могой гээд олон төрлийн амьтныг багтаасан дараагийн тасалгаанд орлоо. Далайн гаралтай амьтдаас ялгаатай нь тэднийг харахад сэтгэлд нэг л ойр санагдсан юм. Учир нь далай гэхээс илүү хээр тал, цэцэг навч алагласан талд төрсөн учраас ч тэр үү сэтгэлд нэг л дотно мэт санагдлаа.

Говь газар явахдаа олон ч удаа гүрвэлтэй таардаг нь түүнийг мэдэх гол шалтгаан болох байх. Түүнийг хэсэг зуур харж зогссоны дараа шилэн цонхны дээд талын тайрбарыг харсан юм. Тэнд “Монголын говийн нэгэн чимэг болох хонин гүрвэл нь  нарийн урт биетэй, зун цагт олон гууждаг, хос богинохон хөлтэй, урт сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан юм. Ихэнх хонин гүрвэлийн биеийн урт 12-14 см бөгөөд тавдугаар сард ичээнээсээ бүрэн гарч, үржилд орон 10-12 өндөг гаргадаг” хэмээн тайлбарласан байв. Дулаан чийглэг газар нэг л мэдэхэд сэрүү татаад явчихлаа. Орчин тойрноо ажин харвал ч гарах хаалганы хажууд байгаа болоод ч тэр үү амьтад бүгд буланд шигдчихсэн унтаж харагдлаа. Тэр даарсан юм болов уу гэсэн бодол төрөв. Тэнд өмхий хүрэн, молточин туулай, тэжээвэр харх, хярс үнэг, тогосон сүүлт буюу босоо сүүлтэй тагтаа, шиншила, хэрэм, мануул, энэтхэг тогос зэрэг олон төрлийн амьтдыг энэ өрөөнөөс харж болох юм.

Гэвч тэдний зарим нь нүүрээ бууруулж, буланд шигдчихээд унтаж байх. Хамгийн ууртай гэмээр амьтан нь мануул юм. Хөдөлгөөнгүй суучихаад ойртож очихоор нүүр амаа ярзайлган ууртай нь аргагүй харна. Гэхдээ тэд ганцаардмал. Ганц нэгээрээ амьдардаг тул дархлалын систем муу хөгжсөн, дархлаа маш султай амьтан хэмээн тайлбарт дурдсан байлаа. Түүний хажууд гоёмсог дэгжин өнгөтэй  хос тогос ийш тийш сэлбэлзэн, хашлаган дотроо алхана. Өдөө дэлгэхээр үзэсгэлэнтэй гэгддэг тогосыг ойроос харна гэдэг үнэхээр гайхалтай санагдлаа. Олон зүйл төрлийн амьтдыг үзээд явж байхад нэг л зүйл санаанд орсон нь бид үүнийгээ өргөжүүлж, тэлсээр Монголын хамгийн том “Зоо, Аквариум парк ” болгочихоод монголчууддаа төдийгүй гадны аялагчдад үзэх харах зүйлтэй болговол сайхан даа хэмээн мөрөөдөж явлаа.

Ийнхүү зүйлийн олон амьтантай хүрээлэнтэй танилцсаны дараа тус паркыг үүсгэн байгуулагч, менежер Э.Мөнхтулгатай уулзаж, амьтны хүрээлэн байгуулсан түүхийг нь сонирхлоо. Тэрбээр “Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо таван үндсэн, хоёр цагийн ажилтантай. Бид 2017 оны арванхоёрдугаар сарын 29-нд үүд хаалгаа нээж байсан юм. Засвар үйлчилгээ амьтад гээд бага багаар нэмсээр өнгөрсөн оны зургаан сард үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлсэн. Одоогоор манай аквариумд 60 гаруй төрлийн загас байгаа. Ихэнхийг нь Монголоос заримыг нь Хятадаас авсан. Цаашид амьтны тоогоо нэмэх төлөвлөгөөтэй байгаа. Амьдрах орчин, хооллолтоос шалтгаалаад үхэх тохиолдол ч байдаг. Үхсэн амьтдынхаа  заримыг устгасан, заримыг нь хөлдөөсөн байдалтай байна. Загасны хувьд төрөл зүйлээсээ шалтгаалаад үнэ нь ялгаатай. Ховор загас л гэхэд үнэтэй нь 300-400 мянга , хямдхан нь 5-10 мянган  төгрөгийн үнэтэй байгаа” хэмээн ярилаа. 

Хүүхэд гэлтгүй томчууд ч гэсэн чөлөөт цагаа зөв өнгөрүүлж, байгальтайгаа ойр байж мэддэггүй зүйлээ мэдэж авах боломжийг нээж өгсөн нь магтууштай юм.

Д.Отгонтуяа