ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Билэгт: Би төрд өгөхийг хүсээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-04

УИХ-ын гишүүн М.Билэгттэй “Таван үг” солилоо. Түүнийг шинээр барьж буй хавдрын эмнэлгээ төрд худалдах болон  төрийн статустай болгох нь гэсэн мэдээлэл  байгаа билээ. Улмаар энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах үндэслэл болно гэсэн юм.

-Таныг барьж байгаа эмнэлгээ төрд худалдах  гэсэн. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Эмнэлэг барих болсон санал санаачилга анхнаасаа төрд худалдах  зорилго байгаагүй. Өндөр хөгжилтэй орны тусламж үйлчилгээг Монголдоо нутагшуулах байсан юм. Бид энэ зорилгынхоо төлөө явна.

-Танд эмнэлгээс өөр ашиг сонирхлын зөрчил байна уу?
-Шинээр баригдаж байгаа хавдрын эмнэлэгтэй холбоо­тойгоор зориуд ийм мэдээлэл тараад байна. Өөр надад ашиг сонирхлын зөрчил байна гэж юу байх вэ дээ.

-Та хувиас илүү төрийн статустай байвал дээр гэж бодсон юм уу?
-Би төрд өгөхийг хүсээгүй. Шаардлага байхгүй. Ямар ч компани том бүтээн байгуулалт хийхдээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ арилжааны банкнаас зээлээ аваад явдаг. Ийм л зарчмаар явж байна. Барилгын эхний ээлж ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Энэ бол өвдсөн,  шаналсан дугаараа хүлээсэн хүмүүсийн сэтгэл зүрхийг эмзэглүүлсэн мэдээлэл юм. Эмнэлэг ашиглалтад орсноор ачааллыг хэд дахин бууруулах боломжтой. Олон хүнийг аюулт өвчнөөс нь салгаж, амьдрал бэлэглэх  буянтай ажил. Үүнийг л улстөржүүлж байна даа.

-Та эмнэлгээ барихдаа  төрөөс мөнгө авсан юм уу?
-Тийм зүйл байхгүй. Би төрөөс тендерт ч  авч үзээгүй. Миний хийдэг зүйл биш. Зуун хувь хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа.