ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Энхболд: Батлан хамгаалах төрийн бодлогын тулгуур баримт бичгүүд бүрэн утгаараа хэрэгжинэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-04

УИХ-ын чуулганы  энэ сарын 31-ний үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, мөн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр  “Батлан хамгаалах бол улстөржиж болдоггүй. Аль нэг нам дангаараа асуудлыг шийдвэрлэж хүч түрж шийддэггүй эмзэг салбар. Аль болох улс төрийн эв нэгдлийг хангаж нийтлэг улс орны эрх ашгийг хангаж улс төрийн хүчнүүд нэгдмэл шийдвэр гаргах учиртай онцлогтой салбар” гэсэн юм. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  “Энэ хууль анх удаа батлагдах гэж байгаа том хууль.  Хууль батлагдсанаар  цэргийн байгуулалт үйл ажиллагаанд өөрчлөлт орох шинэ хууль юм.  

Түүнчлэн Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар батлан хамгаалах төрийн бодлогын тулгуур баримт бичгүүд бүрэн утгаараа хэрэгжих бололцоо бүрдэх юм” гэдгийг тодотгож хэллээ. Улмаар байнгын хорооны саналаар Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “УБЕГ-ын дарга суманд ажилладаг бүртгэлийн ажилтныг томилсноор сайн зүйл огт гарахгүй. Үүнийг болиулах талаар байнгын хорооны хурлын үеэр яригдсан уу. Хэрэв тусгаагүй бол дараагийн хэлэлцүүлэгт оруулах хэрэгтэй. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, олон засаг захиргааны нэгжтэй, тархай бутархай оршдог улсынхаа  онцлог болоод  хөдөө орон нутгаа бодсон бодлого гаргах хэрэгтэй. Хуулийн этгээдийн бүртгэл дээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд тухайн газраа татвараа төлдөг байх ёстой. Энэ бол зарчмын том асуудал” гэсэн шүүмжлэлийг хэллээ.  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Томилгооны асуудлыг ажлын хэсгээр ярьсан. Төвлөрсөн удирдлагатай байхыг зөвшөөрч байна.

Орон нутгийн томилгоог төвөөс томилох нь үндсэн бүртгэлийн ажиллагааны гол суурь болсон үндсэн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангахад нэн чухал байна гэдэг үндэслэл тайлбарыг хэлсэн. Бүртгэл доороосоо эхэлнэ, бүртгэл үнэн, зөв байхад хяналтаа тавих нь бүртгэлийн системийн суурь нь гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм” тайлбарыг энэ үеэр өглөө. Мөн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Онлайн горимд шилжсэнээр аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ. Манайд цахим халдлага хамгийн ихээр гарч байна. Ялангуяа төрийн байгууллагууд руу гаднаас халдах халдлага хамгийн өндөр. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль нь гараагүй хэрэгжээгүй байхад цахимд шилжих нь цагаа олсон хэрэг мөн үү. Үндэсний дата төвөөр дамжуулан байгууллагууд мэдээллээ солилцоно гэж тусгасан байна.

Энэ байгууллага нь хэр найдвартай вэ” гэсэн асуултад  ажлын хэсгээс “Үндэсний дата төвд төрийн 37  байгууллагын мэдээллийн сан онлайн хэлбэрээр болон хуулбар хэлбэрээр байршдаг. Үндэсний дата төв 2009 онд ашиглалтад орсон. Энэ хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүйтэй холбоотой доголдол гарч байгаа. Энэ жил Дэлхийн банкны санхүүжилттэйгээр “Ухаалаг засаг”  төсөл хэрэгжинэ. Үүний хүрээнд шинэчлэлтүүд хийсэн” гэх тайлбарыг өгсөн юм.  Мөн Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөхөөр болов. 1993 онд баталсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага… хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн аж. Мал эмнэлгийн нэгдсэн, шуурхай удирдлагын босоо тогтолцоог бүрдүүлэх, мал үржлийн албаны чиг үүргийг бодлогын түвшинд зохицуулдаг байхын тулд УИХ-аас 2017 оны арванхоёрдугаар сард “Мал амьтны эрүүл мэндийн тухай”, “Малын генетик нөөцийн тухай” гэсэн хоёр хуулийг баталсан байна.