ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Я.Содбаатар: Алтны татвар хэтэрхий өндөр байвал хөрөнгө оруулалт татарна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-18

УИХ-ын гишүүн Я.Содбаатараас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар зарим зүйлийг тодрууллаа. 

-Алтны татварыг 2023 он хүртэл 2.5 хувь хэвээр байлгахаар хэлэлцэж эхэллээ. Дөрвөн жилээр сунгаж байгаа шалтгаан нь юу вэ? 

-Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2014 онд 2019 он хүртэл таван жилээр сунгасан. Ингэж сунгах хоёр шалтгаан байсан. Хамгийн гол нь бид бүс нутагтаа ойролцоо татвартай болохгүй бол алтны наймааг хууль бусаар хийх, хар зах бий болох үзэгдэл гарч эхэлсэн. Монгол банкинд 2006 онд  жилдээ 18, 2005 онд 20 тонн алт тушааж байсан түүхтэй. Гэтэл 2014 онд 10 тонноос доошоо орсон. Тийм учраас валютын нөөцийн үндсэн бүрэлдэхүүн болдог, эдийн засагт гол нөлөө үзүүлж байгаа ашигт малтмалаа Монголдоо үлдээх, хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд татварын өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр 2.5 хувь дээр нэмэх нь үнээс шалтгаалах өсөн нэмэгдэх татварыг оруулж өгсөн. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр энэ хуулийн үйлчлэл дуусч байгаа юм. Тиймээс Засгийн газар 2023 он хүртэл сунгах саналыг оруулж ирсэн. Бүлгийн хурлаар Засгийн газрын саналыг дэмжсэн.  Манай бүс нутгийн улсууд, тухайлбал, Хятад, ОХУ, Казахстан улсуудын татвар бага. Казахстан таван хувийн татвартай. ОХУ зургаан хувийн татвар авч байгаа. Хятад 0.5 хувиас үнийн өсөлтөөс шалтгаалаад 5.5 хүртэл өсгөдөг татвартай. Гэтэл манай улс энэ хуулийг гаргахгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарсан 0-5 хувиа нэмээд, 9-10 хувийн татвартай болно. Алт олборлогч томоохон орнуудын хувьд хамгийн дээд тал нь зургаан хувийн татвартай. Гэтэл манай улс есөн хувийн татвартай байна. Бид эдийн засгаа бодож шийдвэрээ гаргах ёстой. Зарим хүмүүс Монгол дэлхийд байхгүй бага татвартай мэтээр буруу зөрүү яриад байна. Бид 2.5 хувь дээр нэмэх нь үнийн өсөлтөөс шалтгаалсан нөөц ашигласныхаа татварыг өгөөд явах нь эдийн засагт ашигтай гэж үзэж байгаа. Өнгөрсөн жил Монголбанк 20 тонн алт худалдаж авсан. Гэтэл он гарсаар нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тооцоод үзэхэд, алт тушаалт 81 хувиар буурсан. Алт шууд валютын нөөц бүрдүүлдэг, эдийн засагт нөлөөлдөг учраас анхаарахгүй бол болохгүй. Цаашлаад бид дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах эдийн засаг, үр ашгийн тооцоог хийж байна. Энэ асуудал шийдэгдэх байх. Зарим хууль дүрмээ сайжруулах, хяналтаа сайжруулах ажлыг хийнэ. Гэхдээ уул уурхайн салбар Монголын эдийн засгийн 80 хувийг бүрдүүлж байгаа үед татварын орчинг өрсөлдөх чадвартай байлгах хэрэгтэй гэж үзэж байгаа. 

-УИХ-ын гишүүд дунд алтны уурхайтай хүмүүс байдаг учраас лобби хийж байна. Татварыг бага хэвээр нь үлдээхээр зүтгэж эхэллээ гэх мэт янз бүрийн л мэдээлэл гарч байгаа. Хугацааг сунгаж байгаагийн цаана ямар  нэг ашиг сонирхлын зөрчил байгаа юм биш биз?

-УИХ-ын гишүүд уурхайтай эсэхийг би сайн мэдэхгүй байна. Байдаг ч байж болох. Ер нь Татварын нөхцөл байдал л ийм байгаа. Хэрвээ бид энэ хуулийг батлахгүй бол алтны татвар 10 хувь болно. Энэ бол нөөц ашигласны татвар. Нөөц ашигласны татвар орлогынх биш шүү дээ. Борлуулалтын орлого дээрээс нь шууд авдаг татвар. Монгол Улс тэр ашигт малтмалын эзний хувьд авах ёстой татвар. Дэлхийн нийтэд энэ татварыг 2.5-6 хувиар авч байна. Бид энэ жишиг рүү нь оруулж байгаа. 2.5 хувь дээр үнийн өсөлтөөс шалтгаалсан татвараа авна. Хэтэрхий өндөр татвар тогтоочихвол хөрөнгө оруулалт татарна. Эргээд валютын нөөц болоод эдийн засагт сөрөг нөлөөтэй. Тиймээс алтны татварыг одоо байгаа хэвээр нь үлдээх нь зөв гэж үзсэн. Өөр ямар нэг лобби байхгүй. 

-Өмнө нь 2014 онд таван жилээр сунгасан. Энэ хугацаанд алтны хууль бус наймааг болиулж, хяналтаа сайжруулах ажлыг төр хийх ёстой байсан. Гэтэл дахиад сунгахаар боллоо.  Магадгүй 2023 онд дахиад сунгах гээд яриад суух магадлалтай л харагдаж байна?

-Энэ талаар нэлээд ярьсан даа.  Парламентаараа хэлэлцэж байна. Одоохондоо эцэслэн баталчихаагүй байгаа учраас салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид үгээ хэлж, санаа оноогоо илэрхийлэх байх. Ер нь бусад улсуудтай жишиг татварын орчинтой байж бидний өрсөлдөх чадвар сайжирна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн талаар яриад байгаа. Яг барих хэрэгтэй юу, ашиг байна уу гэдгийг бид судална. Одоохондоо эцсийн шийдвэр гараагүй л байна. Бид хэд хэдэн оронд очиж, судалгаа хийсэн. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих гэж дөрөв, таван жил сунгаж байгаа юм биш. Эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлэх учраас сунгаж байгаа гэж ойлгож болно. 

-Алтны тушаалт 81 хувиар буурсан гэсэн шалтгаанаар л татварыг бага хэвээр нь үлдээх гээд байгаа юм шиг ойлгогдоод байна. Төр хяналтаа яаж сайжруулах юм бэ. Энэ талаар нэг их ярихгүй байх шиг?

-Алтны тушаалттай хол­боотой хяналтыг сайжруулах талаар гишүүд санал солилцож, бүлгийн хурлын үеэр ч ярьсан. Энэ жил хэд хэдэн боомтод 50 гаруй сая ам.долларын шинэчлэл хийж, хяналтыг сайжруул­лаа. Рентген аппаратуудыг суурилуулсан. Энэ мэт маш олон ажил хийж байна. Бид хяналтаа сайжруулахгүй, зөвхөн татварт анхаараад байгаа юм биш шүү.  Гэхдээ алтны татвараас болоод тушаалт нь муудаж байгаа нь бас үнэн. Ганцхан энэ жил ч биш, өмнө нь ийм тохиолдол гарч байсан. Би түрүүнд хэлсэн дээ. Ер нь манай гишүүд хяналт сайжруулах асуудлыг хэлэлцүүлэг болгон дээр ярьж байгаа. Төр гэж байгаа л бол хяна. Тухайн аж ахуйн нэгжийн уулын ажлын төлөвлөгөөнөөс нь эхлээд хяна. Тэнд хэр хэмжээний хөрс хуулж, уулын ажил хийж байна. Хэчнээн тонн алт олборлож байна вэ гэдгийг маш тодорхой хянах хэрэгтэй гэдгийг ярьж байгаа. Энэ ажлуудыг бид хийнэ, хяналтаа сайжруулж байна. Гэхдээ татварын орчин олон улсын жишгийн хэмжээнд байх ёстой.

-Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монголбанк барих талаар яриад байгаа. Монголбанкны гол үүрэг чинь арай өөр биз дээ. Засгийн газар энэ ажлаа хийхгүй юм уу?

-Засгийн газар л хийж байгаа шүү дээ. Казахстан руу явж туршлага судлахаас эхлээд олон ажил хийсэн. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн ажил олон жил яригдаж байгаа. Монголд алт цэвэршүүлэх үйлдвэр барих шаардлага үнэхээр байна уу гэдгийг  эдийн засгийн үр ашгийн тооцоо гарсны дараа л хэлнэ. Ашигтай бол барих ёстой. Монголбанкны тухайд, алт цэвэршүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл байдаг. Валютын нөөц бүрдүүлэх хүрээнд. Тэр хүрээндээ л оролцож байгаа гэж ойлгож байна.