Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.
-Монголын Эмэгтэйчүүдийн холбоо 2018 оноос “Хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоох” зорилтыг тавьсан байх юм. Өмнө нь ийм зорилт тавьж байгаагүй юм байна. Хүчирхийлэлгүй нийгмийг цогцлоохын төлөө Эмэгтэйчүүдийн холбоо яаж ажиллах юм бэ. Эмэгтэйчүүд ямар оролцоотой байвал энэ зорилтод хүрч чадах бол?
-Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-ны энэ жил 95 нас хүрч байна. Монголын түүхэнд Эмэгтэйчүүдийн холбооны оруулсан хувь нэмэр, үүрэг их. Ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүд рүү чиглэсэн бодлогын хэмжээний маш олон ажлыг хийж байсан түүх бий. Бид өнгөрсөн намар бодлого, бүтцийн томоохон өөрчлөлтийг хийж цаг үетэйгээ хөл нийлүүлэн охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замаа шинэчилж байна. Өмнө нь хүчирхийллийн эсрэг бодлого, чиглэл байгаагүй гэж хэлж болохгүй. Хүнд хэцүү дайны он жилүүдэд ч энэ байгууллага зөвхөн охид эмэгтэйчүүдийн төдийгүй Монголын нийгмийн сайн сайхны төлөө бодлого, үйл ажиллагааг чиглүүлж ирсэн байдаг.
Харин өнөө цагт охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаад буй ямар асуудлыг нэн тэргүүнд авч үзэх вэ гэж шинэ удирдлагын хувьд бодлого тодорхойлж, эхний ээлжинд хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа юм. Сүүлийн үед хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд шил шилээ дараад гарч ирэх боллоо. Хүүхэд, эмэгтэйчүүд, охидтой холбоотой хүчирхийлэл жин дарахуйц их гарч байгаа нь эхчүүдийн сэтгэлийг зовоож байна. Эмэгтэйчүүдийн холбооны хувьд ирээдүйн хүчирхийлэгч биш иргэнийг бэлтгэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Иймд хүчирхийлэлгүй нийгмийг бий болгоход гэр бүл хамт олон нийгмийн бүхий л харилцаанд эерэг хандлагатай болгох, соён гэгээрүүлэх чиглэлд МЭХ-ны 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын салбар зөвлөл нэг зорилгын дор үйл ажиллагаагаа зангидан ажиллаж байна.
-Эмэгтэйчүүдийн холбооны шинэ удирдлагууд ажлаа авснаасаа хойш ямар ажил амжуулж байна вэ?
-Шинэ удирдлагууд, баг бүрэлдэхүүн ажлаа аваад таван сар гаруй л боллоо. Энэ хугацаанд өрхийн судалгааг хийгээд дуусч байна. Өрхийн судалгаа учраас өрхтэй холбоотой бүхий л асуудлыг судална гэсэн үг. Охид эмэгтэйчүүдийн хөндөгдөж буй эрх ашгийн асуудлыг бид хүн амын бүлэгтэй холбож бус улс орны нэгж болсон өрх гэрийн хүрээнд, олон талаас харж байгаа юм. Судалгааны эцсийн дүн гараагүй байна. Ирэх тавдугаар сарын 1 гэхэд судалгааны дүн эцсийн байдлаар гарчихна. Мөн 2020 он хүртэлх бодлого үйл ажиллагааны стратеги баримт бичгээ шинэчилж байгаа. Ирээдүйд охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эх орон эх дэлхийдээ хувь нэмрээ оруулахад МЭХ нь хэрхэн ажиллах вэ гэдэг бодлого юм. Мэдээж үүнийгээ Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилттой уялдууллаа. Стратеги баримт бичгийн эхний төсөл бэлэн болсон, аймаг сумын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санал авч ирэх дөрөвдүгээр сард нийтээрээ хэлэлцээд, баталж ажилдаа орно.
Харин 2019 онд МЭХ хийж, хэрэгжүүлж байгаа бүхий л үйл ажиллагаандаа хүчирхийллийн асуудлыг хөндөж, нийгмийг соён гэгээрүүлэх, бодлогын түвшинд оролцох, хууль санаачлагчдад нөлөөлөх, тэдэнд саналаа өгөх гээд олон ажлыг хийхээр зорьж байна. Энэ сарын 7-ны өдөр “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. Монголд анх удаа 1000-аад ээж цуглаж, хүчирхийллийн эсрэг чуулсан. Орон нутгаас 560 гаруй эмэгтэй оролцсон. Бүх дүүрэг, баг, сум, хорооны төлөөлөл ирлээ. Олон нийтийн болон төрийн, ТББ-ын төлөөлөл ч оролцсон өргөн хэмжээний чуулган боллоо. Чуулганаас найман санал гаргаж, холбогдох хүмүүст хүргүүлсэн. Нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлье гээд соёлыг түгээгч есөн залууг батламжилсан. Нийгэмд манлайлж яваа залуучуудыг сонгосон. Энэ шагнал биш. Энэ залуучууд манлайлагч байгаагийн хувьд үнэ төлбөргүй лекц уншиж, нийгмийн хариуцлагаа үүрэх юм. Ирэх дөрөвдүгээр сараас соён гэгээрүүлэх ажлын хүрээнд сургуулиудтай хамтарч ажиллана.
-Монголд өрх толгойлсон 79 мянган эмэгтэй, эцэггүй 30 гаруй мянган хүүхэд байна гэсэн тоо гараад байна. Энэ бодит уу. Танай байгууллагаас энэ төрлийн судалгаа хийсэн үү?
-Бид өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн хурал хийхдээ Үндэсний Статистикийн хорооноос хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг авсан. Тэгэхэд, өрх толгойлсон 72 мянга гаруй ээж байна гэсэн мэдээлэл өгсөн. Өнгөрсөн оныг бодвол өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо буурсан. Өнгөрсөн онд 78 мянга гаруй өрх толгойлсон эмэгтэй байсан бол 6000-аар буурчихаад байна. Харин 18-аас доош насны 36 мянга гаруй хүүхэд эцэггүй өсч байна гэсэн тоо бий. 72 мянган эмэгтэй, 36 мянга гаруй хүүхэд гэдэг бага тоо биш шүү.
-Энэ бол гэр бүл салалт асар их байгааг харуулж байна. Залуучууд үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй. Үүний цаана эмэгтэйчүүд, хүүхдийг хохирч байгаа харуулж байгаа юм. Эмэгтэйчүүд холбоо энэ чиглэл рүү хандсан ямар ажил хийхээр төлөвлөв?
-Сүүлийн 17 жилд гэр бүл салалт дөрөв дахин нэмэгдсэн гэдэг тоо баримт байна. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргасан тоо баримтаар 2018 онд 2945 гэрлэлтээ цуцлуулжээ. Жилд дунджаар 17-18 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Зөрөөд 3-4 мянган хос салдаг гэсэн тоо баримт бий. Салалтын маш олон шалтгаан байгаа. Хувийн ааш араншин, эдийн засгийн нөхцөл байдал, насны ялгаа гээд юу эсийг дурьдаж болох билээ. Хэдийгээр асуудал байгаа ч гэсэн гэр бүл салалт ийм хэмжээнд хүрэхээр болсон уу гэдгийг анхаарах цаг болсон. Гэр бүл гэдэг нийгмийн суурь. Гэтэл нийгмийн суурь “цуураад” эхэлчихлээ. Бид цуурч байгаа сууриа яаж бэхлэх вэ, цууралтыг нь хэрхэн зогсоох билээ гэдгээ л ярих ёстой. Мэдээж бодлогын түвшинд буюу хуулиар зохицуулах шаардлагатай. Нөгөө талаар хуулиа сурталчилж, хүмүүст хүргэх ажлыг маш дутмаг хийж байгаа.
Гуравдугаарт, гэр бүлийн боловсрол. Гэхдээ энэ гурав дахь биш нэгдүгээрт тавих ёстой асуудал шүү. Хүүхэд, залуусаа зөв хүн болгож төлөвшүүлэхэд боловсролын салбар хамгийн их үүрэг оролцоотой. Тиймээс боловсролын салбарт маш том өөрчлөлт хийх хэрэгтэй юм. Ялангуяа гэр бүлийн боловсрол, хүн болж төлөвшихөд чиглэсэн хичээл ордог баймаар байна. Хүн бүхэн математикч болдоггүй .Харин хүн бүр аав ээж болдог. Тиймээс ямар аав ээжийг бэлдэх, хэрхэн зөв хүн болж төлөвших, амьдралд бэлдэх, асуудалд зөв нухацтай, хариуцлагатай ханддаг болгож төлөвшүүлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай хичээлийг сургалтын системд оруулж өгмөөр байна. Энэ зайлшгүй хэрэгтэй. Бид сургалтын систем хүлээгээд, хэзээ нэгэнт цагт өөрчлөлт орно гэж хараад суухыг хүсэхгүй байна.
Тиймээс МЭХ сургууль болгонд клуб байгуулж байгаа. Байгуулаагүй сургуулиудад сургуулийн захиргаагаар нь дамжуулан өсвөр үе рүүгээ чиглэсэн соён гэгээрлийн ажлуудыг зохион байгуулахаар хамтран ажиллах асуудлаа яриад эхнээсээ бэлэн болж байна. Өсвөр үе рүүгээ чиглэсэн соён гэгээрлийн ажлуудыг заавал клубын хэмжээнд хийх бус илүү өргөн цар хүрээтэйгээр олон залуучуудыг хамруулах нь чухал. Би түрүүнд хэлсэн, соёлыг түгээгч залуучууд өсвөр үеэ зөв хүн болоход нь бага ч болов тус дэм болъё гэж зорьж байна. Ирээдүйд ямар хүн болохоо мэдэхгүй, ямар хүнтэй үерхэхээ, аль мэргэжлийг сонгохоо шийдэж чадахгүй байгаа залууст зөв сонголт хийхэд нь тусалж, ухамсарт нь ойлгуулбал илүү хэрэгтэй. Тиймээс соён гэгээрүүлэх чиглэлд илүү түлхүү ажиллана. Тэгж байж ирээдүйд залуус зөв сонголт хийж, хийсэн сонголтоо хадгалж, тогтвортой гэр бүлийг бий болгох болов уу гэж бодож байна.
-Гэр бүлийн тухай хуульд хаврын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулах байх. МЭХ-оос тодорхой саналуудыг хүргүүлэх талаар мэдээлэл хийхдээ дурьдаж байсан. Саналаа хүргүүлсэн үү?
-Одоо мөрдөгдөж байгаа Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан. 20 жилийн дараа энэ хууль хаврын чуулганаар орж хэлэлцэгдэх гэж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг яриагүй биш ярьсан. Зургаан удаа ажлын хэсэг байгуулж, хоёр удаа хуулийн төсөл өргөн барьсан юм билээ. Харамсалтай нь ямар нэг шалтгаанаар унасан байдаг. Бид одоо шинээр батлах гэж байгаа Гэр бүлийн тухай хуулийн төслийг баталж өгөхийг шаардаж байгаа юм. Энэ хуульд алдаа байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хуулийг баталснаар бид нийгмийн суурь болсон гэр бүлийн асуудлаа бодлогоор дэмжихэд нэг алхам урагшилна гэж ойлгож байгаа. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байхад нийгмийн суурь болсон гэр бүлийн тухай 20 жилийн өмнө батлагдсан хуультай өнөөдрийг хүлээ.
Ямар ч зүйл алдаа оноо байдаг. Гэхдээ сайжруулаад явах нь чухал. Түүнээс гадна, хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалт орсон байсан. Гэтэл Ажил олгогч эздийн холбооноос энэ заалтыг хасах нь зөв гэдэг санал өгсөн. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Ажлын байрны бэлгийн дарамтын талаар Монголд төдийгүй дэлхий нийтээрээ ярьж, шийдвэрлэхээр бодлогын хэмжээнд ажиллаж байна. Гэтэл Монголд бүр Ажил олгогч эздийн холбоо нь ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалт хуульд оруулах хэрэггүй гээд хасах гээд байж байгаа нь үнэхээр харамсалтай үйлдэл.
-Одоо хуулийн төслөөс энэ заалтыг хасчихсан юм уу?
-АОЭХ нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгачихсан байгаа АББД-тай холбоотой заалтыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хүний амь амьдрал, ажил хөдөлмөр, нэр төртэй холбоотой учраас тэр бүр ил гараад байдаггүй. АББД-тай тэмцэх Иргэний нийгмийн байгууллагуудын эвслийн 765 хүн хамруулсан онлайн судалгаагаар 64 хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байсан гэж хариулсан бөгөөд 2.5 хувь нь эрэгтэйчүүд, 97.5 хувь нь эмэгтэйчүүд. Ажлын байрны бэлгийн дарамт маш олон янз. Сэтгэл санааны, албан тушаалын, бие хэлэмжийн, эдийн засгийн, ёс зүйн гээд олон янз байдаг.
Тиймээс энэ талаар хөндөж ярих цаг болсон. Энд бас нэг зүйлийг ярихгүй бол болохгүй. Бага насны хүүхдийг хүчирхийллийн асуудал. Өдөрт л нэг хүүхэд ямар нэг байдлаар зодуулж, хүчирхийлэлд өртөж байна. Өнгөрсөн долоо хоногт дөрөвхөн настай бяцхан хүүхдийг зодсон хэрэг гарч, нийгмээрээ шагшраад л өнгөрсөн. Бид ирээдүйн иргэдээ, бяцхан үрсээ яаж хамгаалах талаар бодлогын түвшинд ярьж, шийдэх цаг болсон. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг дагуулдаг гэдэг. Хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох гэж байгаа бол хүчирхийлэгч биш иргэнээ л бэлтгэх ёстой юм.
Нөгөө талаар, бага насны охидын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой аймшигтай хэрэг гарах боллоо. Өнгөрсөн долоо хоногт цагдаагаас гаргасан судалгааг харахад, 2019 оны нэг, хоёрдугаар сарын байдлаар 69 охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн байсан. Бага насны охидын бэлгийн хүчирхийллийг дандаа ойр дотны хүмүүс нь үйлдсэн байдаг. Хойд эцэг, хамаатных нь ах, аавынх нь найз гээд. Ойр дотны хүмүүс нь үйлддэг учраас олон хэрэг дарагдаад өнгөрөх магадлалтай. Тийм учраас шүүх таслан ажиллагааг хийж байгаа хүмүүст ял завших тохиолдол гаргахгүй байхыг шаардсан шаардлага хүргүүлж байгаа. Энэ төрлийн хэрэг шүүхийн шатанд очоод, сарниж алга болдог тохиолдол маш их бий. Тиймээс хууль, шүүхийн байгууллага энэ төрлийн хэрэгт ёс зүйтэй, хянамгүй хандмаар байгаа юм.
-Гэр бүлээсээ салсан эрчүүд хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөггүй асуудал маш их гардаг гэсэн. Эмэгтэйчүүдийн холбоо энэ асуудалд анхаарч ажиллана гэсэн үү?
-Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т тодорхой хүрээнд нийтийн ашиг сонирхлыг хангасан шаардлага бүхий этгээд шүүхэд нэхэмжлэх гаргах эрхтэй гэж заасан байдаг. Хүүхэд, байгаль орчин гээд тодорхой хүрээнд нэхэмжлэх гаргах эрхтэй. Тиймээс хүүхдийнхээ тэтгэмжийг авч чадахгүй байгаа ээжүүдийг МЭХ-нд ханд гэж уриалж байгаа. Бид та бүхний өмнөө шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэгэнт шүүхээр ороод, тэтгэмжээ тогтоолгочихсон мөртлөө авч чадахгүй байгаа маш олон ээжүүд бий. Хүүхдийн тэтгэмж төлөх ёстой аавуудын 50 гаруй хувь нь үүргээ биелүүлдэггүй гэсэн тоо баримт байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай болон Зөрчлийн тухай хуульд маш яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулахгүй бол энэ байдал хэвээрээ л үргэлжилнэ.
Шүүхээс тухайн эрэгтэй хүүхдийнхээ тэтгэмжийг төл гээд шийдвэр гаргачихлаа. Төлөхгүй явсаар 18 жил болчихвол хариуцлагаас мултарч болдог. Хуулийн нэг заалт байгаа л даа. Тэтгэмжээ төлөхгүй гурван сар буюу түүнээс дээш хугацаа өнгөрвөл Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгох заалт. Харин хүүхдэд сард өгөх тэтгэмж 100-320 орчим мянган төгрөг байдаг. Тухайн хүний орлогоос хамаараад ихэнхдээ л 100-120 мянган төгрөгийн тэтгэмж төлдөг. Тэгвэл сар бүр 120 мянга төлөх үү. Эсвэл гүрийж гүрийж байгаад нэг удаа 100 мянган төгрөг төлөх үү гэдэг сонголт хийнэ биз дээ. Ийм л хуультай байна. Тиймээс энэ хуулийг өөрчилж өгөөч гэж байгаа юм. Заавал төлүүлдэг л байх хууль хэрэгтэй. Тэгэхгүй болохоор 18 жилийн хугацаанд нэг удаа тэтгэмжээ төлбөл яах юм.
-Гэрлэлтээ батлуулдаггүй, хамтран амьдрагч гээд яваад байдаг. Салах сарних дээрээ тулбал дахиад л эмэгтэйчүүд хохирдог. Энэ асуудлыг яаж шийдэх вэ. Эмэгтэйчүүд өөрсдөө мэдлэгтэй, мэдээлэлтэй болох хэрэгтэй байна?
-Гэр бүл болж буй эрэгтэй, эмэгтэй хувь хүмүүсийн хариуцлага маш чухал. Статистикийн хорооноос төрөх эмнэлгүүдэд очиж, төрж байгаа ээжүүдийн дунд судалгаа хийж. Гэтэл төрж байгаа нийт эмэгтэйчүүдийн 45 хувь нь гэрлэлтийн баталгаагүй байсан. Энэ бол иргэн хүний хариуцлагатай холбоотой. Энэ асуудлыг анхаарахгүй бол дийлэнхдээ эмэгтэйчүүд хохироод үлддэг. Хүүхэд гаргахаасаа өмнө гэрлэлтээ батлуулдаг байх хэрэгтэй. Би өмнө нь ярьж байсан, гэрлэлтийн гэрээтэй баймаар байна, хуульд оруулах шаардлагатай гэж. Одоо хаврын чуулганаар хэлэлцэх хуульд гэрлэлтийн гэрээтэй холбоотой заалт орж байгаа. Зарим нэг хүмүүс гэрлэлтийн гэрээг жадлан эсэргүүцэж, утгагүй гэж хэлж байна. Хуулиар эхнэр нөхрийн, айл гэрийн дотоод нарийн харилцаануудыг зохицуулах боломжгүй. Харин гэрээгээр зохицуулах боломжтой. Гэрлэлтийн гэрээ гэдэг соёлт нийгэмд байх ёстой хамгийн зөв зохицуулалт. Эхнэр, нөхөр хоёр сууж байгаад бүх зүйлээ гэрээлж, зохицуулах боломжтой юм. Хэрвээ Гэр бүлийн тухай хууль батлагдвал Монголын гэр бүлүүдийн харилцааг нэг шатаар ахиулж, сайжруулна гэдэгт бид итгэлтэй байгаа.