Агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндэд хортой асуудлыг зөвхөн утаагаар хязгаарлаж, хамгийн аймшигт хор утаа мэт ойлгох нь дэндүү өрөөсгөл. Гэтэл түүнээс хэдэн арав дахин хортой, таны эрүүл мэндэд удам дамжин аюул учруулдаг автомашины батарей, аккумуляторын хор хөнөөлийг ойшоодоггүй нь харамсалтай. Бид энгийн нэг ахуйн хэрэглээ мэт гэр орон, ойр орчимдоо ил задгай байлгаад байдаг аккумулятор, тэр тусмаа автомашины батарей нь найрлагандаа хүний удмын санд нөлөөлж, сэтгэхүйн болон дотор эрхтэнүүдийн хямрал үүсгэдэг хүнд металлуудыг агуулж байдаг аж. Түүгээр ч үл барам сүүлийн үед монголчуудын өвчлөлийг тэргүүлээд буй төрөл бүрийн хорт хавдрын эх үүсвэр болдог гэдгийг “Аюултай хог хаягдлын үндэсний холбоо”-ны Нарийн бичгийн дарга, эрдэм шинжилгээний ажилтан П.Буянхишиг мэдээллээ. Тэгвэл нийслэлчүүдийн ихэнх нь бензин бага зарцуулдагийг нь бодож приус машин унадаг. Бидний өргөн хэрэглээ болсон “приус” маркын авто машины нэгэнд нь л гэхэд багадаа 40 ширхэг батарей байдаг гэнэ. Мэдээж хэрэглээгээ дагаж приус засварын газрууд ч 200 метр тутамд бий гэхэд хэтийдэхгүй. Гэтэл энэ олон засварын газрууд, приусны сольсон батарейгаа хаана хаяж, хэрхэн хадгалдаг юм бол. Энэ талаар сурвалжлахаар авто засварын газруудаар орлоо. Бидний очсон эхний приус засварын газар Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах тодорхой нэргүй “Приус засвар” гэх том хаяг бүхий газар байлаа. Хотын зах болоод ч тэр үү биднийг очиход тус газраар үйлчлүүлэх автомашинууд дараалал үүсгэсэн байв. Ачаалал ихтэй учраас бидэнд мэдээлэл өгөх завтай засварчин байсангүй. Засварчдын нэгний зөвлөснөөр засварын газрын эзэн Т.Энх-Оргилыг ирэхийг хүлээж, түүнээс приусны сольсон батарейнуудыг хаана хадгалдагийг нь тодрууллаа.
Түүний хэлснээр тус засварын газар долоо хоногт хамгийн ихдээ 50-60 батарей сольдог гэнэ. Зарим өдөр нэг ч батарей солихгүй байх тохиолдол ч олон аж. Тэрбээр сольсон батарейнуудыг тусдаа өрөөнд хадгалдаг гэсэн боловч тус газрын ойр орчим, хаалганы хажууд, ойролцоох замын дэргэд гээд энд тэнд сольсон батарейнууд харагдаж байв. Эдгээр ил задгай хэвтэж байгаа батарейг яагаад тусгай өрөөндөө оруулаагүй байгааг лавлахад “Биднийг ямар их ачаалалтай ажиллаж байгааг харж байгаа биз дээ. Бидний гол ажил иргэдийн авто машиныг засварлаж өгөх болохоос биш хог хаягдал түүж, цуглуулах биш. Бид ажлаа дууссаны дараа бүгдийг нь цуглуулж, батарей хадгалдаг өрөөндөө хийдэг” хэмээн тайлбарлав. Хугацаа нь дууссан ганцхан ширхэг батарей л гэхэд хүний удмын санд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх бодисыг ялгаруулж байдгийг мэргэжлийн судлаач хэлж байна. Гэтэл засварын газрын ойр орчимд хор ялгаруулагч эдгээр батарей болон аккумулятор, ашигласан тос, масло халуун наранд ээгдэн энд тэнд хэвтэх. Эдгээр хор уршгийн талаар засварын газрын эзэнд хэлэхэд ойшоох нь бүү хэл ажилд саад болоод байна хэмээн уцаарлаж байх аж. Бидний очсон дараагийн засварын газар бол нэлээд томд тооцогдох бөгөөд төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг газар байлаа. Энд приус засварлахаас гадна, машин угаалга, сэлбэгийн худалдаа зэрэг үйл ажиллагаа явуулж байв.
Тус засварын газрын засварчин М.Бат-Ирээдүйн хэлснээр тэднийхээр өдөрт багадаа 10 гаруй жолооч үйлчлүүлдэг аж. Энд мөн л мөнөөх аймшигт хор ялгаруулагч хаягдал батарейнууд хаа сайгүй ил задгай хэвтэх аж. Тэд сольсон батарейнуудыг мөн л тусдаа өрөөнд хадгалж, түүнийг нь ирж авахыг хүлээдэг байна. Тэд өнгөрсөн долоо хоногт хоёр жилийн турш хадгалсан 900 гаруй батарейг тушаажээ. Хаана тушаадгийг нь тодруулахад, засварчин залуу энэ талаар сайн мэдэхгүй гэлээ. Ямартай ч өнгөрсөн долоо хоногт тэдний хоёр жил хадгалсан батарейнуудыг ачааны машинтай хэдэн хүн ирээд ачаад явсан гэв. Сурвалжилбал, тэдний батарейг ачаад явсан хүмүүс нь “Имай Амка” гэх компанийн ажилчид аж. Одоогоос хоёр жилийн өмнө ирээд явсан тус компанийнхан өнгөрсөн долоо хоногт ирж, ийнхүү цугларсан батарейг нь аваад явсан нь энэ байж.
Улсын хэмжээнд хаягдал батарей худалдан авч, хадгалдаг ганцхан компани байна
Бидний нэрлэж заншсанаар 32-ын тойргоос уруудаад приус засварын газрууд эгнэж буусан айлууд шиг гудамж үүсгэжээ. Хамгийн эхний засвараар ороход хашаанд нь дөрвөн приус үйлчилгээ авахаар дугаарласан байв. Дотогш орвол хоёр приус 20 маркийн авто машин засварт орж байлаа. Нэг нь батарей солиулах, нөгөө нь оношилгоо хийлгэж байгаа аж. Энэ хавийн засварын ажилчид хаягдал батарейг худалдаж авдаг систем нэгдсэн зохион байгуулалтад орж, энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага нэмэгдэхийг хамгийн их хүлээж байгаа гэнэ. Яагаад гэвэл зориулалтын дагуу хадгалж чаддаггүйн дээр хадгалах байр дутмаг байдгаас засварын газрынхаа ханаар өрдөг байна. Бидний орсон дараагийн засварын газар өмнөх орсон газруудын мэдээлснээс хэд дахин их тоог хэлж байв. Тухайлбал, сүүлийн хоёр сарын дотор приус 20, 30-ын батарей мянга гаруй ширхгийг буюу ойролцоогоор 40 орчим авто машиныхыг бүрэн сольжээ. Үүн дээр нэмээд приус 10 машины 200 орчим хаягдал баттарейг нийлүүлж, нийт 1600 орчим хаягдал батарейг засварын газартаа хадгалж байгаа аж.
Уг нь өмнө дурьдсан “Имай Амка” гэх компани ширхгийг нь 200-300 төгрөгөөр худалдаж авдаг хэдий ч сүүлийн жил гаруй хугацаанд ирээгүй аж. Приусны батарей солих үйлчилгээ үзүүлдэг хүмүүст аюулгүйн зааварчилгаа, хадгалах стандарт огт байдаггүйгээс зүгээр л засварын төвийнхөө ханыг дагуулан өрж орхисон байна. Тэр хавийн хэд хэдэн приус засварын төвийн байдал бүгд ижилхэн нөхцөл байдалтай байлаа. Хаягдал батарейг эхэн үедээ шил, лааз түүдэг хүмүүс дотроос нь тугалга хайж хагалж, цоолдог тухай мэдээлэл ч эндээс дуулдлаа. Харин ихэнх элемент нь шингэн хэлбэрээр агуулагддаг учраас элдэв хүчилд хордсоны дээр зараад мөнгө болгочих олигтой юм олоогүй учир сүүлдээ тоохоо больсон гэнэ. Приус засварынхан бүгд хаягдал батарей худалдаж авдаг “Имай Амка” компанийнхныг хүлээн өнөөх хортой эдээ үйлчилгээнийхээ талбайд хадгалсаар байна. Засварчдын хэлж буйгаар “Имай Амка” компаниас өөр хаягдал батарей худалдаж авдаг газар байдаггүй аж.
Хаягдал батарейг хилээр гаргах хууль эрхзүйн орчин дутмаг байна
Бид “Имай Амка” компанийн холбогдох утсыг интернетээс олж, н.Тамир гэх хүнтэй холбогдон засварын газруудаас авсан батарейгаа хаашаа явуулдаг талаар нь тодрууллаа. Түүний хэлснээр тэд засварын газруудаас батарейг нь цуглуулж, Япон улс руу гаргадаг аж. Гэвч Монголоос гадагш гаргах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүйгээс хүндрэл их байдаг гэнэ. Харин Монголд байгаа хятадуудад автомашины эдгээр хаягдал эд ангиудыг амандаа орсон тоогоор буюу үнэгүй шахам худалдаж аван, нутаг руугаа тээвэрлэдэг ажээ. Уг нь япончууд даруй 50-60 хувийн илүү үнэ санал болгодог ч хуулиас болоод хүндрэл их байдгийг тэрбээр ярилаа. Тэд хамгийн сүүлд цагаан сарын өмнө буюу өнгөрсөн хоёрдугаар сард 40 гаруй тонн батарейг Япон улс руу гаргажээ. Хятад улс хортой хаягдлыг өөрийн нутаг дээгүүр тээвэрлэхийг зөвшөөрдөггүй тухай ч тэрбээр учирлав. Ашиг гээд байх зүйл хомс ч гэсэн энэхүү хортой хаягдлыг эх орноосоо холдуулж, дахин боловсруулах техникийн хүчин чадал бүхий орон руу гаргахыг зорьж, ийнхүү Япон түншүүдтэйгээ хамтран хил давуулж байгаа аж. “Имай-Амка” компани хаягдал батарейнуудыг засварын газраас өөрсдөө очиж авдаг бөгөөд батарейгаа хаялгүй хадгалж байгаад тушаахыг зөвлөдөг гэнэ. Үйл ажиллагаагаа явуулаад дөрвөн жил болж байгаа учраас зарим засварын газрууд өөрсдөө авч ирж өгдөг болсон тухай ч тэрбээр олзуурхан ярьж байлаа. “Имай-Амка” компанийнхан нэг ширхэг батарейг 300 төгрөгөөр худалдаж авдаг аж.
Нийслэлийн хэмжээнд 500 гаруй мянган авто машин хөдөлгөөнд оролцож байгаагийн ихэнх нь приус машин. Гэтэл тэдгээрээс гарах энэ их хаягдал батарейг дахин боловсруулалтад зуучилдаг ганцхан компани байгаа нь харамсалтай. “Имай-Амка” компанийн захирал н.Тамирын хэлснээр хэн дуртай нэг нь хаягдал батарейг хил давуулаад байдаггүй бөгөөд одоогоор тус компани нийслэлийн хэмжээний бүх хаягдал батарейг хадгалах нөөц бололцоо байгаа гэв. Гэвч ганцхан компани үүнд хангалттай гэж байгаа ч бодит байдалд үнэхээр ганц компани хангалттай байж чадахгүй байгаа нь засварын газруудын нөхцөл байдлаас тодхон харагдана.
Автомашины батарейн ашиглалтын хугацаа дууссан цагаасаа их хэмжээний хорт бодис орчин тойрондоо ялгаруулан 100-150 жилийн хугацааны туршид хордуулдаг тухай Аюултай хог хаягдлын үндэсний холбооны эрдэм шинжилгээний ажилтан П.Буянхишиг ярилаа. Тэрбээр хог хаягдал дахин боловсруулах 13 үйлдвэр байдгаас аюултай хог хаягдлын нэг болох аккумулятор дахин боловсруулах үйлдвэр ганцхан ширхэг байдаг гэв. Аюултай хог хаягдал гаргагч аж ахуйн нэгжүүдэд тухайн хаягдлыг өөрийн байрандаа хадгалж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг БОАЖ-ын яам өгдөг гэдгийг бидэнд дуулгав. Гэтэл бидний орсон засварын газруудын ихэнх нь ийм зөвшөөрөл аваагүй бөгөөд зарим нь тийм зөвшөөрөл байдаг гэдгийг ч мэдэхгүй байв. Зөвшөөрөлтэй эсэхийг тодруулахад “Зөвшөөрөл авах ямар шаардлага байгаа юм бэ. Тэгж цаг заваа үрж байснаас ажлаа хийж байсан нь дээр биз дээ. Өөрсдөө ажлын байр бий болгоод амьдарч байхад дэмжихээсээ өмнө төрөл бүрийн шаардлага тавьж, хүндрэл учруулах ямар хэрэгтэй юм бэ” хэмээн бухимдах хүн ч байлаа.
Аюултай хог хаягдал болох батарейг салбарын яам мэдэхгүй гэв
Тэгвэл байгаль орчин болоод хүний биед асар их хор хөнөөл учруулж байгаа энэ асуудалд салбарын яам ямар бодлого хэрэгжүүлж байгааг тодруулахаар БОАЖ-ын яаманд гурван ч удаа очоод амжилт эс олов. Хамгийн сүүлд өчигдөр очиход өмнөх өдрүүдэд ажлын байрандаа байгаагүй хог хаягдал хариуцсан н.Оюун гэх мэргэжилтэн нь “Авто машины батарейтэй холбоотой асуудлыг манайх мэдэхгүй. Зам тээврийн яамнаас асуу. Хуульдаа тэднийх хариуцах ёстой. Хуралд явах гээд яарч байна” гэдэг товчхон хариулт өглөө. Байгаль орчинд хамгийн их хор хөнөөлтэй гэх энэ асуудлыг салбарын яам нь биш Зам тээврийн яам мэддэг болж таарлаа. Ингээд Зам тээврийн яамнаас энэ талаар тодруулахад “Хог хаягдлын тухай хуульд Аюултай хог хаягдал үүсгэгч болон өмчлөгч нь аюултай хог хаягдлыг эх үүсвэр дээр түр хадгална гэж заасан байдаг.
Аюултай хог хаягдал үүсгэгч нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна аюултай хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих үүрэгтэй байдаг. Мөн үүсэх хог хаягдлын хэмжээг бууруулах, эргүүлэн ашиглах, хоргүйжүүлэх, устгах замаар байгаль орчинд ялгарах ялгарал, бохирдуулагчийн хэмжээг бууруулах үүрэгтэй. Өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлэх ёстой” хэмээн хуулинд заасан үүргүүдийг танилцуулсан юм. Харин аюултай хог хаягдал үүсгэгч аж ахуйн нэгжүүдэд олгох зөвшөөрлийн тухай БОАЖ-ын яамнаас тодруулах гэсэн боловч хог хаягдал хариуцсан цор ганц мэргэжилтэн нь “Манай яамны асуудал биш. Машины эд анги учраас Зам тээврийн яам хариуцдаг” гэсэн хариулт өгсөн. Арга ядахдаа хэвлэлийн ажилтнаас нь тодруулахад “Тийм зөвшөөрөл манайх олгодог юм болов уу. Би тодруулъя” гэсэн хариултыг өгсөн юм.
Ийнхүү бидний удмын санд хөнөөл учруулж, сүүлийн үед үхлийн шалтгааныг тэргүүлээд байгаа хорт хавдрын үүсгэгч болох авто машины батарей ямар ч зохион байгуулалт, хараа хяналтгүйгээр нийслэлээр дүүрэн хөглөрч байна. Харамсалтай нь энэ асуудалд машинтай холбоотой учраас Зам тээврийн яамны хариуцах асуудал гээд хандах эзэнгүй үлджээ. 200 метр тутамд хөглөрөх энэхүү хор ялгаруулах аймшигт хаягдлууд биднийг хордуулсаар л байг уу. Хариуцлагаас зайлсхийж, арьсаа хамгаалах гэсэн аминчхан үзлийнх нь цаана өөрийнх нь үр хүүхдийн, Монгол үндэстний аюулгүй байдал хамааралтай байгааг яамны эрх мэдэлтнүүд ”тоохгүй” байгаа нь харамсалтай.