“Сайд, ялаа хоёрыг сонингоор цохиж унагадаг” гэх үг бий. Тэгвэл орчин цагт сайдыг бичлэгээр унагадаг болов. Энэ нь улам бүр л төгс болж, амьдралдаа гаргасан нэг л алдааныхаа төлөө 20 жилийн улс төрийн карьераа дуусгах хэмжээнд хүрлээ. Цаг хугацааг ухрааж үзвэл бичлэгээр улстөрчийг унагаж болно гэдгийг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэг нотолсон гэж хэлж болно. Архи, тамхины эсрэг хууль батлуулж, улстөрчдийг өрөөндөө тамхи татсаных нь төлөө шүүхэд өгч байсан гишүүн асан Төрийн ордонд Су.Батболдын өрөөнд архи ууж, тамхи татан “Архи, тамхи, секс гурав бол хүний амьдралд байх ёстой бүх юм...” хэмээн согтуурч буй бичлэг цацагдсан.
Тэрбээр, бичлэгээ цацуулахгүйн тулд 50 сая төгрөг амласан ч өрсөлдөгчид нь бичлэгийг олон нийтэд цацсанаар түүний улс төрийн карьер дууссан билээ. Тойрогтоо рейтинг өндөртэй байсан түүний хувь заяаг согтуудаа хэлсэн гуравхан үг нь баллаж орхисон нь тэр. Хүн сонссондоо биш үзсэндээ итгэдэг гэдгийг хамгийн сонгодог утгаар харуулж билээ.
Тэр цагаас хойш олон ч улстөрчийн бичлэг цацагдлаа. М.Энхболдын бийлэгжүү золголт, мэтгэлцээнд бэлтгэж буй тэнэглэл, Н.Энхбаярын эхнэр О.Цолмоны хөлчүүхэн сууж буй бичлэг, С.Зориг агсны гэргий Б.Булганы салаавч үзүүлж байгаа үйлдэл гээд нэг ёсондоо бид бодлого ярьсан улстөрчийг бус бичлэг хийлгэсэн хүмүүсийн бузар булхайг шүүн ярилцдаг ажилтай болоод байна. Гишүүн асан Д.Гантулгын 20 сая төгрөг амлаж байгаа ёсзүйгүй үйлдэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын хахууль авч байгаа бичлэг зэрэг нь баттай эсэх нь тодорхойгүй байсан ч бид үнэн гэж итгэсэн.
Монголын хууль шүүхийн салбарт хамгийн шударга хүн хэмээн итгэж явсан прокурор асан Ё.Сагсай хөлчүү үедээ бусдад “хэргээс мулталж өгөхийн төлөө бүхнийг хийнэ” хэмээн амлаж байхыг үзлээ. Ёс бус бичлэгт гэгээн дүрээ мөнхөлсөн хэмээн хардуулсаар Хотын дарга асан Су.Батболд ажлаа өгөв. Хэдийгээр өөрөө “тийм зүйл болоогүй, тэр бичлэг байхгүй” гэж мэдэгдсэн ч үзсэн гэх хүмүүс нь нийт нийгмээр нь шуугиулсан учраас аргагүй байдалд орж, ажлаа өгсөн юм. Бичлэг хүний амьдралд ямар том гай болдгийг харуулсан даа, энэ үйл явдал.
Энэ мэтээр тоочоод байвал чамгүй олон бичлэг том хүмүүсийн амьдралд гай болж, эсрэгээр нь ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авахад тус дэм болж байгаа. М.Энхболд, Ц.Сандуй нарын “60 тэрбум”-ын бичлэг цацагдсанаар бид хэнд итгэж, хаашаа явж байсныг мэдэж авч байлаа. С.Зориг агсны хэрэгт нэр холбогдсон сэжигтнүүдийг эрүүдэн шүүж буй бичлэг мөн л энэ нийгмийн бузар булхайг уудлан гаргахад тус болж байх юм. Тун саяхан Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчоор Сүхбаатар дүүргийн Прокурорын хэлтсийн ахлах прокурор А.Цэрэнсодномыг зүтгүүлж байсан юм.
Гэсэн ч түүний бусдаас 500 сая төгрөг нэхэж байгаа утасны бичлэг олон нийтэд цацагдсаны дараа нэрийг нь эргүүлэн татсан байдаг. Нэр дэвшигч “Энэ бичлэг бол хөөрөг зарж борлуулсан мөнгөө бусдаас авах гэж байсан хувийн асуудал” хэмээгээд мөнгө нэхсэн гэх хүнтэйгээ хамт суугаад тайлбарласан ч үр дүнд хүрээгүй. Эндээс л нэр цэвэр хэнийг ч бичлэгээр унагаж болдог гэдгийг харж байна, бид. Хамгийн шударга ажиллах болов уу гэж итгэсэн хүнээс л ийм зүйл гарсан гэхээр өнөөгийн нийгэмд фактгүй, алдаа гаргаагүй хүн байхгүй болжээ гэж харахаар.
Тиймээс 2020 оны сонгуулиар бодлого ярьсан улстөрч бус бичлэг олж авсан, өрсөлдөгчийнхөө алдааг баримтжуулсан хүмүүс ялалт байгуулах нь ээ. Монголчуудад ч энэ улстөрч хувь хүнийхээ хувьд хэн бэ гэдгээс илүү яаж алдаа гаргаж, хэрхэн хазгай гишгэсэн бэ гэдэг нь сонирхолтой болчихоод байна. Тийм ч учраас бусдыг алдааг хамгийн түрүүнд олж харчихаад нийт нийгмээрээ шүүж, олны нүдэн дээр яллах тогтоолыг нь уншчихдаг нь худлаа биш юм. Бидний энэ муухай занг олж харсан хүмүүс л нийгмийн сэтгэлзүйгээр хамгийн сайн тоглож, өрсөлдөөнд бохир аргаар ялах гэж улайрах болов.
Улстөрчид сүүлийн үед утсаар ярих байтугай уулзахдаа хүртэл нүдний шил, балыг нь шалгаж үздэг болсон. Яагаад гэвэл, тэд алдаа гаргавал хэн ч биш болно гэдгээ мэдэх учраас тэр юм. Бусдын нүдэнд буруу ойлголт өгөхөөр харагдах вий гэдгээс үхтлээ айж, бүх чадлаараа л өө сэв гаргахгүйн тулд хичээж байна. Утсаар элдэв асуудлаа ч ярихаа больсон. Уулзахдаа хүртэл нөгөө хүнийхээ халаасыг шалгах нь холгүй сэрэмжилцгээж байна.
Хажууд байгаа туслах зөвлөхүүдээ ч үргэлж хардаж сэрдэх болсон. Хэнд ч итгэхээ больсон учраас хана хүртэл чихтэй хэмээн албан өрөөндөө ч ажил хэрэг явуулахаа больжээ. 2020 оны сонгуулиар дахиад ялахын тулд, эсвэл өрсөлдөгчөө дарж авахын тулд олон ч хүмүүс видео бичлэгийн эрэлд гарч, санаатай, санаандгүй үйлдлийг нь баталгаажуулахаар улайрч байна. Видео бичлэг илүү үнэд хүрэх болсон учраас ухаалаг утастай хэн бүхэн л мэдээлэгч болон хувирчээ. Улс төр илүү бохир өрсөлдөөнтэй болж, үүнийг нь дагаад хүмүүс ч муу санаа сууж байна. Монгол хүмүүс ч гэсэн нэгнийхээ алдааг олж харах гэж улайрдаг, амжилтыг нь бус алдааг нь шагшин хэлэлцдэг нэг ёсондоо улам бүр л