ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Цагаан гарьд”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-18

Уншигч та санаж байна уу, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт Их аварга Хакүхо М.Даваажаргал оролцож байхад Асашёорюү Д.Дагвадорж аварга “Одоо дахиад нэг асуудал босч ирнэ.  Их аварга Хакүхо дэвжээ эзэмшинэ. Дэвжээ эзэмшихэд нэг болзол байдаг юм. Тэр болзол нь иргэншил. Мэргэжлийн сүмогийн түүхэнд түүний тогтоосон амжилтыг эвдэх бөх дахиж гарч ирэхгүй байх. Тэр шавиа бэлтгэж, эхнээсээ сайн барилдаж байна. Дэвжээ эзэмшинэ. Тиймээс монголчуудын голыг харлуулсан нэг үйлдэл хийх байх. Иргэншлээ солихгүйгээр дэвжээ эзэмшиж яагаад болохгүй гэж хэлээд Сүмогийн холбоонд адлагдаж байсан үе ч бий, миний дүүд” хэмээн ярьж байлаа.  Харин нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн “Монголын үргэлжлэлийг Японы дэвжээнд үлдээхийн тулд арга буюу бичиг баримт, дүрэм журмын дор бөхийснөөрөө бууж өгч байгаа хэрэг биш. 

Хамгийн үнэн нь тэр дэлхийн иргэн. Иргэншил солино гэдэг дараа нь хийх үйл ажиллагаа нь жинтэй байваас зүгээр л нэг бичиг шүү дээ” хэмээн хэлж байсан юм. 2017 оны арваннэгдүгээр сард түүнийг иргэншлээ солих шийдвэр гаргах гэж байгааг Д.Дагвадорж аварга монголчуудад дуулгасан нь энэ.  Хакүхо иргэншлээ солих хүсэлт гаргах нь ердөө л цаг хугацааны асуудал болж үлдээд байлаа. Тэр цаг хугацаа нь иржээ.  Ямар ч байсан Японы иргэн болох хүсэлтээ гаргасан байна. Монголын иргэншлээс татгалзах хүсэлтээ хараахан Ерөнхийлөгчийн Тамгын газарт өгөөгүй байгаа гэсэн мэдээлэл гарлаа. За тэр ч яахав, удахгүй өгөх биз, иргэншлээ солих ч биз. Түүнийг иргэншлээ солихоор шийдсэн мэдээлэл гарахтай зэрэгцээд монголчууд хэл амаа билүүдлээ. Янз бүрээр л хэлж байна. Зарим нь бүр бурханы оронд байгаа аавынх нь нэрийг хавчуулж хүртэл муу хэлэх янзтай.  Бодвол монгол түмний бахархал болсон нэг сайхан хүн Японы иргэн болж байгаа болохоор харамлаж байгаа тэр биз. Харамлахаас биш яахав. Болдогсон бол зарим онцгой тохиолдолд давхар иргэнш­лийг зөвшөөрдөг байсан ч болоосой гэж бодож л сууна. Тэгвэл давхар иргэншилтэй болоод, Япон­доо дэв­жээ­гээ байгуулаад ажил­лах­гүй юу. Даан ч манай хууль, журам хатуу юм.  Гэхдээ яах вэ, Мөнхбатын Даваажаргал иргэншлээ солилоо гээд япон хүн бол­чих­гүй.

Монголдоо ирэхгүй, эх орноо мартаад, япончуудын дунд уусчихгүй.  Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 42 удаа түрүүлсэн амжилтыг нь япончууд эзэмшихгүй.  Цаашид олон башё түрүүлж, тогтоох рекорд амжилтуудыг хэн ч булаахгүй. 15 удаа дээд зиндаанд нэг ч уналгүй түрүүлсэн. Сүмод хөл тавьснаасаа хойш 1120 даваа авсан. Дээд зиндаанд 1026 давсан. Ёкозүна цолтой 832 ялсан. Жилийн зургаан башёд 86 даваа авсан гэх мэт түүний тогтоосон рекорд амжилтуудыг хэн ч булаахгүй.  Тэр агуу амжилтуудаа тогтоохдоо монгол хүү байсан, иргэншлээ солиод ч Монголын “Цагаан гарьд” хэвээр байна.   Ёстой л нэрт  найрагч асан Б.Лхагвасүрэн гуайн хэлснээр аргагүйн эрхэнд  л Японы иргэншилтэй болох нь. Мэргэжлийн сүмогийн ноён оргилд гараад, нэрээ мөнхөлсөн дэлхийн хүн дэвжээ байгуулахаар, өөрийнхөө авьяас, чадвар, мэдрэмжээ шавь нартаа үлдээх гэж зүтгэх нь зөв.  Хакүхо аварга энэ жил 34 настай. Одоо түүнд дээд зиндаанд аархаад, ноёлоод байх хугацаа их үлдээгүй. Сайндаа л 1-2 жил сайн барилдаж, өөрийнхөө тогтоосон рекордуудыг ахиулах боломж бий. 36, 37 хүрээд ирэхээр аяндаа зодог тайлах шаардлагатай болно. Спорт гэдэг залуу насных. 20 жил амьдралаа холбосон Мэргэжлийн сүмо бөхөөсөө тэр “гэрлэлтээ цуцлуулахыг” хүсэхгүй байна.

Ямар Монголд ирээд, сүмоч ах нарынхаа жишгээр улстөрч бололтой биш. Сүмогийн ертөнцийн Хакүхо багш байж, магадгүй өөрийнхөө, эсвэл аавынхаа нэрээр нэрлэсэн дэвжээ байгуулна гэвэл иргэншлээ солихоос биш яах билээ.  Солих нь ч зөв. Мэргэжлийн сүмогийн ертөнцийг шуугиулсан, байлдан дагуулсан бөхчүүдтэй том дэвжээг байгуул. Шавь нараа бэлд. Хакүхогийн дэвжээний бөхчүүд дээд зиндааны дээд хэсэгт ид хаваа гайхуулан барилдаж байвал. Хакүхо багшийн шавь нар хэд хэдээрээ Их аварга цолтой болж байвал бидний бахархал болох биш үү. Тэр шавь нар нь монгол залуучууд байна гэвэл ямар вэ. Олон монгол залуучуудын мэргэжлийн сүмод хөл тавих, хүсэл мөрөөдлөө биелүүлэх замыг тэр нээж өгч чадна. Оргилд гарсан хүн л тэнд яаж гарахыг бэлд байгаа хүнд зааж өгдөг гэдэг. Хакүхо оргилд гарсан. Одоо дэвжээ байгуулж, бэлд байгаа хүнд оргилд гарах замыг зааж өгөхөөр шийдэж. Оргил дээр ганцаараа суугаад, бэлд буй хүн рүү хашгичих биш тэнд яаж хүрэхийг заах сэтгэлтэйдээ тэр иргэншлээ солих их хүнд шийдвэрийг гаргаж байна. Түүнийх нь төлөө бид сор болсон хөвгүүнээ харамласан сэтгэлээ буруу илэрхийлээд яах билээ. Харин ч сууж байгаа оргилоо олон монгол залуус­тай хуваалцаарай гэж ерөөх хэрэг­тэй бус уу. Тэр Монголд төрсөн, өссөн. Монгол аавтай, ээжтэй. Хазайхад нь хиймориороо түшиж, давахад нь уухайгаараа огшоодог монгол түмэнтэй дэлхийн хүн. Дэлхийн хүнд дэлхийн иргэншил л байдаг юм.