Бага насны минь нэгэн мөрөөдөл эрэгтэй дүүтэй болохсон гэх бодол байлаа. Ахгүй намайг дээрэлхэх хүүхэд мундахгүй. Харин эрэгтэй дүүтэй л болчихвол намайг хэн ч дээрэлхэхгүй гэсэн бодол тархинд хөвөрсөөр. Харамсалтай нь манайх хүү тогтдоггүй хатуухан хувь тавилантай айл байлаа. Тавин хаврын өмнөх энэ өдрүүдэд манайд нэгэн хүү төрлөө.
Түүнийгээ “өөрийн” хүн болгох гэж хаяандаа хөмөрсөн тогоон доогуур оруулж, 108 өнгөөр даавууны өөдөс зүйж урласан манцуйд өлгийдөж, мөн тийм баривч өмсүүлэн хүний нүднээс хүйсийг нь нууж, Энхмаа хэмээх нэр өгч өсгөсөнсөн. Дүүг минь нэлээд том болтол хэн ч хүү хүүхэд гэж мэддэггүй байсан. Монголын уран сайхны “Тэмцэл” киноны зураг авалтын үеэр аав минь дүүг дагуулаад явж байж. Яг аавын зураг авалтын үеэр дүү “шээе” гэж бахирчээ. Ингээд нэрт дуу оруулагч, жүжигчин Элбэгсайхан ах дүүг маань авч гараад шээлгэх гээд тостол тонгочоод шээдэггүй гэнэ.
Гайхаад зогсоотол өнөөх “охин” нь босоогоороо шээж орхиж. Эбэ ах орж ирээд “илбэ үзүүлнэ” гэсээр хүү гэдгийг нь анх олонд зарлаж бас хэдэн хуушуур олоод “цохисон” гэдэг. Одоо ч манайхны ахмадууд дүүг минь “Нууцгай” нэрээр нь нэрлэдэг. Нууцгай минь одоо сайн хань, сайн аав, сайн өвөө болсон.Тэр нэгэн хавраас хойш Нууцгай дүү минь эгч нарыгаа, дүү нараа “хамгаалсаар” л явна. Нээрээ л эрэгтэй дүү гэж уул шиг түшигтэй, аавын үгүйд аав мэт нөмөртэй, ахыг орлох хүн-уул юм билээ.