ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Энх-Амгалан: БНХАУ руу агаарын шинэ хаалга нээх гэж байгаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр зам тээврийн салбарт чухал гэж хэлж болох хэд хэдэн баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Эдгээр асуудал болон бусад цаг үеийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа. 

-Төрийн тэргүүний БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалаар хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Хоёр том албан бичигт гарын үсэг зурсан. Нэгдүгээрт, Налайхын 20.9 км автозамын зээлийн хэлэлцээрт “Экзим” банктай гарын үсэг зурлаа. Хоёрдугаарт, авто тээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байна. 1955 онд онд анх хилийн төмөр замын хэлэлцээр байгуулагдаж байсан. Түүнээс хойш нэлээд уджээ. Хилийн хэлэлцээрээр аюултай ачаа, тэсэрч дэлбэрэх бодис, овор ихтэй ачаа солилцох чиглэлээр байгууллаа. Хятадын зам тээврийн сайдтай уулзаж, Эрээн боомтын нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлээр гарын үсэг зурна. Өдөрт 12 галт тэрэг авч байгаа. Манай шаардлага хэрэгцээ бол 16-17 байх юм. Зам дээр 4000 вагон зогсож байна. Мөн Ханги-Мандалын боомтын асуудлыг ярина. Эрээн боомт нь хүчин чадлынхаа хувьд чингэлэг тээвэр болоод вагон тээврээ хариуцна. Ханги-Мандалын чиглэлээр нурмаг ачаа буюу нүүрс тээвэр, зэсийн баяжмалаа зөөх юм. 

Гашуун сухайтын төмөр замын асуудлыг энд хөндөнө. Цэгийн асуудлаа тохирно. Анх 703, 704-өөр яригдсан ч манай талаас баригдахад төвөгтэй байна. 28 метр өндөр, 4.5 км урт гүүрэн байгууламж хэрэгтэй байгаа юм. Энэ гүүрэн байгууламжийг хийхэд хүндрэлтэй учраас 699 дүгээр баганаар холбох санал тавина. 

-Агаарын тээврийн салбарт хоёр тал хэрхэн хамтрах бол. Саяхан МИАТ Гуанжоу хот руу шууд нислэг үйлддэг болсон? 

-Энэ талаар саналаа тавьсан. Агаарын тээврийн хэлэлцээр 2017 онд шинэчлэгдсэн. Шинэ агаарын хаалга нээх асуудлыг ярьж байгаа. Говь-Алтайн нутгаар нээнэ. Манайх Хятадын долоон хот руу нислэг үйлдэж байна. Гуанжоугийн нислэг ачаалал ихтэй байна гэдэг мэдээлэл өгсөн. Цаашдаа Хайнан, Шанхайн чиглэлийн нислэгийг явуулах талаар ярилцана. Бээжин хотод тун удахгүй шинэ нисэх буудал нээлтээ хийнэ. Манай МИАТ, Эйр чайна хоёр хуучин нисэх дээр үлдэнэ. Тэгэхээр бид дамжин өнгөрөх нислэгийн асуудлаа ярихгүй бол болохгүй. 

-Засгийн газраас Гашуун сухайтын төмөр замыг барих шийдвэр гаргачихсан. Цэгээ тохиролцож чадахгүй бол ажил урагшлах уу? 

-Цэгээ өмнө нь тохирчихсон юм. Гэхдээ манай талаас 699 дүгээр цэгээр холбогдох санал л тавьж байгаа гэж ойлгож болно. 18 км яваад очиж байгаа юм. Тэнд давхар гүүрэн байгууламж барих шаардлагагүй, талаар явж байгаад гарчихна. 703, 704 дүгээр цэгээр холбогдох гэвэл яах аргагүй БНХАУ-ын талаас туслалцаа авах хэрэгтэй болоод байна. Хоёр жилийн хугацаанд гүүрэн байгууламж барих болно. Хугацаа алдана гэж хараад байна л даа. Хэрвээ манай талын саналыг зөвшөөрчихвөл 2020 онд бид ашиглалтад оруулчихна. Хилийн цэгийн асуудлыг хоёр талын Гадаад хэргийн яам ярилцана. Бид юу ч гэсэн саналаа тавина.

-Айлчлалаар тарифын хэлэлцээр яригдсан. Ямар шийдэлд хүрэв? 

-Төмөр зам хоёр асуудлыг ярьсан. 50 хувийн хөнгөлөлттэй явах транзит тээврийн төмөр замын хэлэлцээрийг ярьсан. БНХАУ-ын талаас албан ёсоор бичгээр хариу өглөө. Албан ёсоор албажуулах асуудал бий. Ачааны мэдээлэл солилцох гэрээ бас байгуулсан. Илгээгч болон хүлээн авагч байгууллага ачаагаа хаана явж байгааг, Хятадын аль боомтод байгааг шууд харах, мэдэх боломж бүрдэх юм. 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ярилаа. Ямар байдлаар хөрөнгө оруулалт хийгдэх вэ. Орон сууцжуулах уу, эсвэл дэд бүтцийг нь шийдэж, хувийн орон сууцтай болгох уу? 

-Хятадын хөнгөлөлттэй зээл тусламжаар хэрэгжинэ. Орон сууц барина. Та бүхэн мэдэж байгаа. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар “Солонго” хороолол барьж байна. Яг түүнтэй адил орон сууцжуулах чиглэлээр явна. Өртөг багатай хямд үнээр иргэнээ орон сууцжуулна гэсэн үг. 

-Налайхын замын ажил ямар шатандаа явна вэ? 

-Ажил нь эхэлчихсэн явж байгаа. Түр зам тавиад, газар чөлөөлөлтөө шийдчихсэн. 3.9 тэрбум төгрөгөөр газраа чөлөөлчихлөө. Айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан учраас ажил үргэлжлээд явна. Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ойн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт болж, арваннэгдүгээр сард ашиглалтад орно. 

-Эдийн засгийн коридорын хүрээнд ямар саналууд нэмж яригдав? 

-Транзит ачаа буюу дамжин өнгөрч буй ачааны урсгалыг нэмэх асуудлыг ярьж байгаа. Төмөр зам ноднин хамгийн их буюу 25 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ жил Оросын талаас транзит ачаа тээврийн урсгалыг нэмэх талаар ярьж байгаа. Нэвтрүүлэх чадвараа сайжруулах талаар яригдана. Эрээн боомтын талаар Ерөнхийлөгч ч санал хэлсэн. Хоёр талаас онцгой анхаарна гэсэн. Хоёр дахь боомтын асуудлаа яаралтай тохирох асуудал бий. Цаашлаад автотээврийн асуудлаа нарийсгаж авч үзнэ. Манай тээврийн хэрэгслүүд хил дээр солилцоно гэсэн. Замын-Үүд хүртэл манай машин яваад, цааш нь Хятадын толгой чирээд явчихна гэсэн үг. Хятадын толгой манай хил хүртэл яваад, бид дотроо Оросын толгойд холбогдох ажлыг хийнэ гэсэн үг. Тээврийн асуудлаар гурван талдаа тохирчихлоо гэж ойлгож болно. 

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн асуудал яригдсан уу?

-Энэ айлчлалаар бол яригдсангүй. Гэхдээ хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, чөлөөт бүсийн ажлыг хурдлах талаар Хятадын талаас нааштай хариу өгч байгаа. Мөн Замын-Үүд дээр УАЗ-469 машинаар тээвэр хийж буй 1960 иргэний асуудал бий. Энэ талаар ярина. Цаашдаа тээврийн хэрэгслийг шинээр нэмэх, бүртгэх асуудлыг тавих гэж байна.