“Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбат ХХААЯ-наас махны үхрийн чиглэлээр аж ахуй эрхэлнэ гэж гурван тэрбум төгрөг төрөөс зээлсэн мэдээлэл байгаа билээ. Энэхүү мэдээллийг ХХАА-н сайд асан Р.Бурмаа олон нийтэд дэлгэж, өрөө төлөхийг сануулж, дараагийн аж ахуйн нэгжид боломж олгох ёстой хэмээн цахим хуудсаараа мэдэгдэж байсан юм. Энэ талаар ХХАА-н сайд асан Р.Бурмаатай холбогдож “Таван үг” солилоо.
-Сайн байна уу, сайхан хаваржиж байна уу. Та “Гацуурт” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбатыг төрөөс зээлсэн гурван тэрбум төгрөгөө төлөхийг сануулж байсан. Энэ хэзээ авсан зээл юм бэ. Хэн энэ зээлийг түүнд олгосон юм бэ?
-ХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн үед төрөөс гурван тэрбум төгрөг зээлсэн байдаг. Л.Чинбат махны үхрийн чиглэлээр аж ахуй эрхэлнэ гэж тендерт шалгарч авсан байдаг. Намайг сайдын ажлаа өгөх хүртэл гурван тэрбум төгрөгөө төлөөгүй.
-Төлөхгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?
-Намайг ажил авах үед зээлийнх нь төлөх хугацаа хэтэрчихсэн байсан. Хугацаа хэтэрсэн төлбөрийг төлөөч гэдэг шаардлага нэлээд тавьсан. Яаманд ирж уулз гэж хэлээд ч ирээгүй. Махны үхрээсээ өг гэж гэсэн ч нэмэр болоогүй. Найз нөхөддөө өгсөнөө төрд өгөх мөнгөө төлсөн гэж үздэг юм билээ.
-Т.Бадамжунай сайд Л.Чинбатад гурван тэрбумын зээл өгөхдөө гэрээ хийсэн биз дээ?
-Гэрээ хийсэн. Би гэрээнийх нь дагуу мөнгөө нэхэмжилсэн юм. Энэ асуудалд Т.Бадамжунай сайдыг буруутгах арга байхгүй. Түүнд гурван тэрбум төгрөгийг бэлэглээгүй, гэрээ хийгээд үйл ажиллагааг нь дэмжсэн байгаа юм. Иймээс зээл авсан байгууллага нь хариуцлагатайгаар төрд төлөх ёстой өр төлбөрөө барагдуулах нь шударга ёсонд нийцнэ. Гэрээгээ биелүүлэх ёстой.
-Найз нартаа мөнгө өгсөнөө Л.Чинбат зээлээ төлсөн гэж хэлээд байгаа гэлээ. Найз нар нь гэж хэнийг хэлээд байна вэ?
-Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны Ерөнхийлөгч, “Шим” группын захирал Л.Цандэлэг болон “Анх тамир” ХХК-ийн захирал Ш.Норовсамбуу нарт өгсөнөө хэлдэг юм шиг байгаа юм.
-Зээлээ төлөхгүй яваад байвал ямар хариуцлага тооцох вэ?
-Зээлээ нэн тэргүүнд төлж барагдуулах ёстой. Л.Чинбат мундаг учраас улсаас гурван тэрбум төгрөг зээлээгүй юм. Гурван тэрбум төгрөгөөр сайн үүлдрийн махны үхэр оруулж ирнэ гэсэн болохоор дэмжиж өгсөн юм. Хэрвээ Л.Чинбат зээлээ хугацаанд нь төлөөд явсан бол олон хүн энэ төрлийн аж ахуйг эрхлэх боломжтой болно.
-Хууль хяналтын байгууллага энэ асуудалд хяналт тавьдаггүй юм уу?
-Хөдөлмөрийн баатар хүн төрийг ингэж хохироож болохгүй. Энэ асуудалд салбарын сайд нь одоо анхаарах ёстой.