Оюутолгойн Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ Монголын хувьд ашиггүй. Монголын Засгийн газар үндэсний баялагтаа эзэн болж чадахгүй. Гадны хөрөнгө оруулагчдын ашиг сонирхолд хөтлөгдөж гэрээг байгуулснаараа эдийн засгийн орон зай хуваагдсан. Хайгуулын ажил дуусаагүй байхад Оюутолгойд ашиглалтын лиценз өгөөд, ТЭЗҮ гараагүй байхад гэрээ байгуулагдсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. “Монголын Засгийн газар улс үндэстнийхээ эсрэг гадныхантай хуйвалдсан. Монгол Улс хосгүй орд газраа гадны компанид эзэмшүүлээд өөрөө өртэй үлдэнэ” гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай байнга ярьдаг, баталдаг.
Оюутолгойн орлого Монголд орж ирэхгүй, мөнгө нь гадны банкуудаар дамжин эргэлдэхээр гэрээ хийгдсэн болохоор ингэж хэлсэн хэрэг. Монгол Улс зэс олборлож байна, эдийн засаг өсч байна гэх цаасан дээрх тоо үлдэж, ард иргэдийн амьдралд юу ч наалдахгүй.
Оюутолгойн орд газар маш үнэтэй гэдэг утгаараа 34 хувьд тооцогдох хөрөнгийг Монголын төр гаргахгүйгээр асуудлыг шийдэж болох байсан. Одоо бол Монгол Улс 34 хувьд тавьсан өрөө төлөхөөс нааш ашиг авахгүй. Цаг хугацаа өр төлөх, ашгаа хүртэж эхлэхийг хүлээхгүй, тэр цагт “Рио Тинто” ордын өрмийг нь аваад дууссан байх биз. Ийм учраас л Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй гэрээ болсон гэдэг. Тэгвэл энэ гэрээг гардаж хийсэн тухайн үеийн эрхтэн дархтнууд хэн байв.
Оюутолгойн гэрээ 2009 оны аравдугаар сарын 10-нд байгуулагдсан. Гэрээ хийснээс хойш 10 жил өнгөрсөн байна. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт нар энэхүү гэрээнд голлон үүрэг гүйцэтгэсэн гэдэг нь олонд ил болсон. Гэрээ хийгдэж эхэлсэн тэр цагт буюу 2009 онд Төрийн ордонд болсон хандивлагчдын уулзалтаар Япон, Солонгос, Дэлхийн банк тус бүр Монгол Улсад 50 сая ам.доллар өгнө, энэ тохиолдолд дотоотын нөөц бололцоогоо дайчлах, гадны хөрөнгө оруулалт татах ганц боломж нь Оюутолгой, Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэсэн шийдэлд хүрсэн.
Монгол Улсыг эдийн засгийн хямралаас аврах цорын ганц зөв гарц гэдэгт олон хүн эргэлзээгүй, төр ч хүлээн зөвшөөрсөн байв. Засгийн газрыг толгойлж байсан С.Баярын хувьд улстөрийн томоохон шийдвэр гаргах, “тоглолт хийх” боломжит хувилбар нь “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” хийх. ҮАБЗ, УИХ, Засгийн газар гээд эрх бүхий байгууллагуудаа хэлэлцүүлсний эцэст, наадмын үеэр буюу 2009 оны долдугаар сарын 16-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар гэрээ байгуулахаар Засгийн газарт зөвшөөрөл өгч, тогтоол гаргасан байдаг. “Рио Тинто”-д Монголын баялгийг үр ашиггүйгээр эзэмшүүлэх ашиглуулах гэрээний эх үүсвэр ингэж тавигдсан.
70 жилийн хугацаатай “ашиглуулах” энэхүү гэрээг үзэглэх үед Ерөнхий сайд С.Баяр “Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох үр өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа.
Yүнээс гадна, Монголын талд буюу манай нийт эдийн засаг, ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал “Оюу толгойн төслийн бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж, шууд болон шууд бус байдлаар 10000 ажлын байр шинээр бий болох юм. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2- 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын маань улсын нөөц арвижина.
Жилд дунджаар 580 гаруй сая ам долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татвар, орлого 29 гаруй тэрбум ам долларт хүрч, төсвийн орлогын найдвартай эх үүсвэр буй болж, эдийн засаг, нийгмийн олон чухал асуудлыг шийдвэрлэх таатай нөхцөл бидэнд бүрдэнэ” гэж индрээс мэдэгдэв. Харин монголчууд ногдол ашгаа авах хугацаа 2033 он гэж үзвэл дээр хэлсэнчлэн өрөм нь дуусч хусам нь үлдсэн байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашигтай, ашиггүй гэдэг талцлын эш нь энэ.
Юутай ч Оюутолгойн гэрээг хийхэд оройлон оролцсон, Монгол Улсад, монголчуудад хохиролтой гэрээ хийсэн тухайн үеийн эрх мэдэлтнүүд өдгөө АТГ-т дуудагдаж байцаагдаад жил гаруйн нүүр үзлээ. Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг болон Сангийн сайд асан С.Баярцогт нарыг гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаад, батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан. Одоо ч шалгасаар. Шалгасаар байтал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах нь тодорхой.
Хугацаа багагүй шаардах хэрэг, цар хүрээний хувьд өргөн, яаралтай шийдвэрлэх боломжгүй. Гадны байгууллагуудтай холбогдож хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа гэж АТГ-ынхан үе үе мэдэгдэхээс хэтрэхгүйгээр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Өнөөдөр юу өөрчлөгдөв, ямар байдлаар хэргийг шийдвэрлэв гэдэг нь тодорхойгүй, олон олон асуултын хариулт эзэн биегүй болчихоод байна.
Хоёр гол намын авилгач, хахуульчдын хэрэг АТГ-ын өрөөнд замхраад үлдэж магадгүй нөхцөл байдал үүсээд байв. Олонд ил болсон том том хэргүүдээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн гэх С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын тухайд том эрх мэдэлдээ дулдуйдаж авилга хээл хахууль авсан эсэхийг, Монголын эрх ашгийг хохироосон эсэхийг хэзээ эцсийн байдлаар мэдэж болох вэ гэж АТГ-ын шинэ удирдлагуудаас асуумаар байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны дараа Ерөнхий сайд асан С.Баярын Америкт бий болсон долоон хаус, 10 тэрбум ам.доллар, Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарийн банкин дахь дансанд нь орсон 9.2 сая ам.долларын учрыг Авилгатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрынхан л олох учиртай.