УИХ-ын гишүүн Д.Гантулгын өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож “таван үг” солилоо.
-УИХ-ын гишүүн Д.Гантулга хаана явна вэ. Түүнийг баривчилж, хорьсон. Улмаар хилээр гарсан гэх хуурамч бичиг үйлдсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн юм уу?
-Ташаа мэдээлэл. Гадагшаа ажлаар явсан. АНУ болон Герман улсад ажилтай яваа. Эзгүй хойгуур нь баривчлах, хорих шийдвэр гарна гэж байхгүй. УИХ-ын гишүүнийг захирамж байхгүйгээр шууд баривчлах ажиллагаа явуулах боломжгүй. Захирамж нь оргон зайлсан, дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй үед гардаг.
-Д.Гантулга гишүүн хэзээ ирэх юм бэ?
-Хаврын чуулганы нээлтийн үеэр ирэх байх.
-Баривчлахын тулд юу шаардлагатай байдаг юм бол. Хэн энэ шийдвэрийг гаргах вэ?
-Баривчлахын тулд шүүгчийн захирамж гарах ёстой. Шүүгчийн захирамж гарахгүй байгаа үндэслэл нь УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй дархан байдал юм. Үүнийг нь хязгаарладаг ганцхан заалт бий. Улсын ерөнхий прокурор тухайн гишүүнийг баривчлах хүсэлтээ УИХ-д оруулдаг байсан. Үүнийг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болгосон. Ингэхээр УЕП, УИХ хоорондоо харьцахгүй, ямар ч алхам хийж чадахгүй байгаа юм.
-Цагдан хорих шийдвэр гарсан гээд байх юм?
-Гараагүй. Гүтгэх хэлбэрийн мэдээлэл шүү дээ. Харин шинжээч эмч нарын дүгнэлт буруу гарсан байж болзошгүй байгаа. Энэ асуудлын хүрээнд шинжээч эмч нар шалгагдаж байна.
-Таны хэлсэн гэх таашаал авсан бол хүчин гэж тооцохгүй гэсэн үг соошлоор цацагдаад байна. Та яг ингээд хэлчихсэн юм уу?
-Тийм ээ. Би хэлсэн. Эрүүгийн хуульд байгаа. Харин хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр завдсан, насанд хүрээгүй, биеэ хамгаалах чадваргүй үед миний хэлсэн үг, хуулийн заалтад хамаарахгүй гэдгийг ойлгоорой. Харин насанд хүрсэн залуус бэлгийн харилцаанд орчихоод нэгнийгээ хүчиндсэн гэж шүүхэд хандвал хүсэл зоригийн асуудал яригдана. Үнэхээр дуртай байсан уу, үгүй юу гэдэг зүйл ярина. Тухайн эмэгтэйгээс эмнэлзүйн шинжилгээ авна. Эмнэлзүйн шинжилгээр таашаал авсан нь тодорхой болчихвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хууль хүн бүхэнд ижил тэгш үйлчлэх ёстой.
-Манай улсад шинжилж, гаргаж ирэх боломжтой юу?
-Шинжээч эмч нарын дүгнэлтээр бусад нөхцөл байдлаар эмэгтэй хүний ДНК-гаар гардаг. Үүнийг үндэслэж хэлж, ярьж байна. Хэрвээ ийм дүгнэлт гарвал энэ хэрэг үгүйсгэгдэж, хэрэгсэхгүй болох бүрэн боломжтой.