ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дашцэрэв: Түм гаруй хүүхдийн өмнө самбар, шохой нийлүүлсэн байна

O.Admin
2018-04-30

Бүх нийтээр крилл бичиг үсэгтэн болгох хөдөлгөөнд дөрөвдүгээр анги төгссөн хавраасаа ханцуй шамлан орсноос хойш өнөөдрийг хүртэл амьдралынхаа 70 гаруй жилийг боловсролын салбар, сурган хүмүүжүүлэх их үйлстэй холбосон ахмад багш Д.Дашцэрэвийг “Эгэл амьдрал” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр “Багш нь дан ганц математикийг түм гаруй хүүхдэд заасан байна. Бичиг үсэг заасан шавь нараа тооцвол түүнээс ч олон болох байх. Надад бусад багш нараас ялгарах түүх байхгүй дээ” хэмээн ярих хэдий ч, түүний боловсролын салбарт тарьсан үр тооцоолшгүй их билээ. Ийм л нэгэн эгэл хүнийг энэ удаагийн дугаараар уншигчидтайгаа уулзуулж байна.

-Таны багш болсон түүхээс ярилцлагаа эхлэх үү. Хэдий үеэс боловсролын салбартай холбогдсон бэ?

-Улс орон даяар крилл бичиг үсэг сургах хөдөлгөөн эхэлж байх үед буюу 1941 онд анх бага сургуулийн босго алхаж, 1945 онд дөрөвдүгээр ангиа төгсч байлаа. Намайг төгсдөг тэр жил эцэг маань өвчний улмаас нас барж, хоёр ах алс байсан учир би сургуулиас гурван жил завсардсан юм. Гэхдээ энэ хугацаа миний ажлын түүхэнд их чухал үе болсон гэж боддог. Бүх нийтийг крилл бичиг үсэгтэн болгох кампанит ажилд дөрөвдүгээр ангиа төгссөн хөдсөн дээлтэй бяцхан хүү оролцож, айл саахалтын эмээ, өвөө, ах, эгчид гэрээр нь “Шинэ үсгийн багш” хийж эхэлсэн юм. “Шинэ үсгийн багш” гээд кино байдаг даа. Яг л тэр кинонд гардаг шиг зүйл л болдог байв. Гэхдээ миний хувцас муу. Хормой нь урагдчихсан, өнгөгүй хөдсөн дээл өмсчихөөд л тэр хавийнхаа 40-50 насны хүмүүст крилл үсэг заана. Тухайн үедээ дөрөвдүгээр анги төгссөн хүүхэд гэдэг маш их эрдэмтэй хүнд тооцогддог байлаа шүү дээ. Олон ч хүнд үсэг заасан. Ингэж л миний боловсролын салбарт ажиллах эхлэл тавигдсан юм.

-Тэр үед хэдэн настай байсан юм бэ?

-12-той л байсан.

-Анх хичээл заахад ямар байв?

-Их тэвддэг байж билээ. Хурга, ишиг нийлүүлчихлээ гэж загнуулдаг хүмүүсийнхээ гэрт нь очиж, 35 үсгээ заагаад, уншуулж сургадаг байсан юм. Дараа нь шалгалт аваад бичиг үсэг тайлагдлаа гэсэн үнэмлэх олгодог. Үнэмлэх олгосон хүнийхээ тоогоор хэдэн төгрөг авдаг. Түүндээ ч урамшаад, хонийг нь хариулж, гэрийн аахар шаахар ажилд нь зарагдаж байгаад л бичиг үсэг заадаг байлаа. Тэр үед надад сайн арга барил гэж зүйл байсангүй. Энэ үсгийг ингэж бичдэг, ингэж дууддаг гэдгийг нь л заадаг байсан. Хүмүүс ч их мэрийдэг байв.

-Тэгээд та хэзээ үргэлжлүүлэн суралцсан юм бэ?

-1949 онд Баянхонгор аймгийн төвд тавдугаар ангид элсч, 1952 онд долоон жилийн сургуулиа төгссөн юм. Түүнийхээ дараа шууд л багшийн сургуульд хуваарилагдсан. Гурван жил сургуулиас завсардсан, биеэр ч том, сургуульд явах гэж их зүтгэсэн болохоор мэрийлттэй ч байсан байх. Ингээд 1955 онд Багшийн сургуулийг төгсөөд, төрөлх Бууцагаан сумынхаа бага сургуульд хуваарилагдаж байлаа. Тэнд зургаан жил ажиллахдаа гурван удаа нэгдүгээр анги дааж авч байж билээ.

-Жил дарааллаад нэгдүгээр анги даалгаж байсан хэрэг үү?

-Тиймээ. Нэгдүгээр ангиа төгсгөөд байж байтал дараа жил нь дахиад л нэгдүгээр анги даалгана. Боловсон хүчний нөөц тааруу ч байсан. Сургууль төгссөн мэргэжлийн багш гээд л тэгсэн байх. Энэ мэтээр 100 гаруй хүүхдийн эрдэм номын анхны шанг татсан даа. Дараа нь 1958 онд бага сургуулийнхаа эрхлэгч болж байлаа. Хэдэн багш нараа удирдана, өөрөө хичээл заана. Харин 1961 онд анхны дөрөвдүгээр ангиа төгсгөж байлаа. 1957 онд нэгдүгээр анги аваад, түүнийгээ 1961 онд төгсгөсөн хэрэг. Энэ ангиас маань Баянхонгор аймгийн анхны Төрийн соёрхолт химич, эрдэмтэн Б.Доржпалам төрсөн юм. Одоо аймгийн төвийн 10 жилийн нэгдүгээр сургууль Б.Доржпаламын нэрэмжит болсон. Бас хэд хэдэн орон нутгийн бага ангийн багш нар төрсөн онцлогтой.

-Тэр үед тантай адил мэргэжлийн багш хүн ховор байсан уу?

-Ховор байлгүй яах вэ. Тэр үед дөрөвдүгээр анги төгссөн хүүхдийг зуны гурван сар курст суулгаад л намар нь багш болгодог байсан юм. Тэгэхээр ихэвчлэн курсын л багш нар байдаг байв. Би тэнд зургаан жил ажилласныхаа дараа Улаанбаатар хотод Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын 5-7 ангид Тоо, физик заах багш бэлтгэх зургаан сарын курст суралцаж, 1963 он хүртэл Байдрагийн 10 жилд математикийн багш, хичээлийн эрхлэгчээр ажилласан юм. Тэгээд л Улсын багшийн дээд сургуульд элсч байлаа. Сургуулиа 1967 онд төгсөөд, математикийн багш болсон. Мэргэжлийн дипломоо өвөртлөөд аймагтаа ирэхэд, Галуут сумын найман жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр томилж билээ. Тэнд таван жил ажилласны дараа Заг сумын дөрвөн жилийн сургуулийг найман жилийн сургууль болгох үүрэг хүлээлгэж, захирлаар нь томилж байсан юм. Заг суманд таван жил найман жилийн сургуулийн захирал хийсэн. Дараа нь Байдраг, Байдрагаас Богд сум, тэгээд л аймгийн төвд ажиллах болсон доо.

-Таныг хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан тэр жилүүдэд сумдын сургуульд анхны гэсэн тодотголтой олон бүтээлч ажлууд хийгдэж байсан юм билээ?

-1958 онд Бууцагаан сумын бага сургуулийн эрхлэгчээр томилогдон ажиллахдаа “Буянт эрдэм” сургуулийн одоогийн суурьшсан дэнжид бага сургуулиа нүүлгэн суурьшуулж байсан. Энэ миний сургуулийн аж ахуйтай “ноцолдсон” эхний ажил байлаа. Багш, ажилчид, сурагчдынхаа дэмжлэгтэйгээр хаваржин түүхий тоосго цохиж бэлтгээд, өөрсдөө зураг төслийг нь гаргаж, нэгдлийн туслах үйлдвэрийн бригадаар бариулан ашиглалтад оруулсан юм. Тухайн үедээ л сумын анхны том барилга байлаа.
Дараа нь Заг сумын бага сургуулийн найман жилийн дунд сургууль, 1988 онд Бууцагааны дунд сургуулийг тойргийн 10 жилийн сургууль, 1991 онд аймгийн төвийн хөнгөвчилсөн сургалттай тусгай сургуулийг бие даасан сургууль болгох чухал үүрэгт ажлуудыг хэрэгжүүлж ажилласнаараа эдгээр сургуулиудын анхны захирлаар “мөрөө” үлдээсэн байна. Социалист уралдаануудад ч түрүүлж байлаа. 1961 онд Байдрагийн, 1970 онд Галуутын, 1975 онд Заг сумын дунд сургууль маань бүх ард түмний социалист уралдаанд улсад шалгарч шагнуулж байлаа. Тухайн үед төрийн яамд, улс, олон нийтийн төв байгууллагын хамтарсан өмч хөрөнгө, соёл ахуй, сахилга хариуцлагын томоохон үзлэг шалгалт жилд 2-3 аймгийн ээлжээр хамруулан үнэлэлт дүгнэлт өгдөг байсан юм. Ийм үзлэг Заг сумын дунд сургууль болон 1998 онд Бууцагаан сумын сургуулийн захирлын үед тус тус тохиож байсан юм. Олныхоо хүч чармайлтаар Заг сумын дунд сургууль “Соёлч сургууль”, Бууцагаан сумын сургуулийн 350 сурагчтай дотуур байр “Соёлч байр”-аар тус тус шалгарч, гэрчилгээгээ гардаж байлаа шүү дээ. Мөн гурван сургуулийн түүхийн музейн анхны суурийг тавьсан. Заг сумын сургууль тухайн үедээ аймагт байгуулагдсан хоёр дахь сургууль байсан юм. Тэр сургууль 50 жилийнхээ ойгоор Засгийн газрын хүндэт жуухаар шагнуулж байсан. Энэ мэтээр анхдагч болсон ажлууд их бий.

-Сонсоод байхад таныг хамгийн хариуцлагатай ажилд л томилоод байж?

-Ажилдаа идэвхтэй байсан болоод л тэр байх даа. Муухан нь ч бас бий л байх. Алийг тэр гэх вэ.

-Таны шавь нарын тоо одоо хэд хүрсэн бол?

-Түм гаруй хүүхдийн өмнө самбар, шохой нийлүүлсэн байна лээ. Бүх тооцоо бүртгэл нь надад бий. Зөвхөн математик заасан нь шүү дээ. Цагаан толгой зааснаа тооцвол түүнээс ч илүү гарах байх. Аймгийн төвийн нэгдүгээр 10 жилд ажиллаж байхад математикийн хоёр гүнзгий ангийг дааж байлаа. Тэр үед гүнзгий анги гэж бараг байсангүй. Тэнд би 8-10 дугаар анги хүртэл нь 63 хүүхэд төгсгөснөөс 53 нь гадаад, дотоодын их, дээд сургуульд элссэн бол ес нь техникумд орсон. Одоо шавь нартайгаа уулзах их сайхан байдаг юм. Янзын гоё одон, медалиуд зүүгээд л ирнэ шүү дээ. Одоо Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж буй Батжаргал чинь миний төгсгөсөн төгсөлтийн нөхөр. Шавь нар жил бүр л уулзаж, золгоно. Бас намайг Улаан-Үдэд аваачиж, Итгэлт хамбад ч мөргүүлж, Герман, Польш, Орос гээд олон ч газар руу явуулсан даа. Шавь нар эргэх холбоотой байна гэдэг янзын гоё. Би тийм сайн багш байгаагүй дээ. Хийж бүтээсэн нь бусдаас ялгарахгүй. Анх крилл үсэг сургахаас эхлээд хамгийн сүүлд нийслэлийн 74 дүгээр сургуульд сэтгэхүй хөгжүүлэх сургалт явуулаад л гавьяаныхаа амралтад суусан.

-Та өөрийгөө сайн багш гэж боддоггүй хэрэг үү?

-Сайн багш байсан гэж бодохгүй байна. Одоо шавь нартаа “Би сайн багш байгаагүй ээ” гээд хэлэхээр, “Таны хүчинд бид өдий зэрэгтэй явна” гэдэг юм. Хэрэв тэднээс минь намайг асуувал “Хатуу шаардлагатай багш байсан” гэж хэлэх байх. Хүүхдүүдээ их л шахдаг байж дээ л гэж одоо бодох юм. Намрын намарт математикийн гүнзгий анги маань Хөдөлмөрийн аварга болдог байсан. Бид наймдугаар сарын 10-д гарав уу үгүй юу сайн дураараа ажилд гарч, сонгино түүн байрны сурагчдын хэрэгцээг хангана. Гол ус дамжаад сонгино түүхэд хэцүү л байсан байх. Тэгж ажиллалаа гээд гэртээ ганц хоолны сонгино аваачдаггүй л байсан. Дараагийнхаа ангитай жимс түүж байлаа. Тэндээ сургуулийн гал тогооны тогооч дагуулж яваад чанамал хийлгэж, мөн л байрны сурагчдын хэрэгцээнд тушаана. Ийм зүйлээс болоод миний даасан хоёр анги сургуулийнхаа хөдөлмөрийн аварга болж байсан юм даа.

-Таныг анги дааж байхад хэцүү анги гэж ер нь байв уу?

-Байгаагүй ээ. Сүүлд нийслэлд ирээд байж байтал багш дутагдалтай гээд 74 дүгээр сургууль намайг урилгаар аваачсан юм. Тэнд зургадугаар анги даасан. Есдүгээр анги төгсгөөд л “Багш нь гавьяаныхаа амралтад сууя даа” гээд л суусан. Дараа нь зүгээр сууж чадахгүй сургалтын төвд, гэрээр хүүхдүүдийг конкурст бэлтгэж байсан. Хэцүү анги гэж байгаагүй.

-Эцэг, эх их зарчимч хүмүүс байсан байх даа. Магадгүй тэднээсээ та өвлөсөн ч юм бил үү?

-Хөдөөний л хүүхдэд дарагдсан хүмүүс байсан. Аав харин их шударга. Хэлсэн л бол түүндээ хүрдэг хүн байж билээ. Олон хүүхдээ тэжээх гэж зээр, гөрөөс их агнадаг. Сүүлд ан хийхээ болиод элдүүр элдэж байгаад, түүнээсээ өвчин аваад өнгөрсөн дөө. Малын түүхий арьснаас бруцеллёз гэдэг өвчин авч, эмнэлэгт үзүүлэхгүй явсаар намайг дөрөвдүгээр ангиа төгсдөг жил өнгөрсөн юм. Манайх ядуу айл байсан. 150 гаруй бог, уналгын хоёр мориноос өөр малгүй, есөн хүүхэдтэй айл байсан юм. Аавыг өнгөрсний дараа шинэ үсгийн багшаас гадна тэр айлын албан журмын ногдол ашгийг давхар хариуцдаг болсон. Та нар бараг мэдэхгүй байх. Их хүнд байлаа шүү дээ. Өртөөний алба хааж, улаа ч нэхэж явлаа. 10 гаруйхан настай жаал уранхай дээлээ, монгол гуталтайгаа өмсчихөөд бүх албыг залгаж байлаа. Харин ээж минь хүүхдүүдийнхээ сайн сайхан явахыг харсан.

-Та ном бичиж байв уу?

-Гэрт сууснаасаа хойш хоёр талынхаа ургийн бичгийг бичсэн. Эхнэрийнхээ ургийн бичгийг бичихдээ шавь Дуламрагчаатайгаа бараг жил гаруй судалж байж бичиж билээ. Бас ганц, хоёр дурсамж бичсэн. Мэргэжлийн чиглэлээр ном бичиж байгаагүй ч, олон илтгэл бичиж байсан.

-Танай гэрийн хүн ч гэсэн багш уу?

-Манай хүн Багшийн сургуулийн номын санчийн ангийг төгссөн. Намайг сургуулиас сургууль дамжин томилогдож байхад хийгээгүй ажил ч гэж байхгүй дээ. Байрын багш, Хөдөлмөрийн багш, номын санч, ажил олдохгүй бол худалдагч ч хийж явлаа. Зөндөө л ажил хийсэн. Олон ч хүүхэд төрүүлж өгсөн. Бид ханилаад 63 жил болж байна. Хүүхдүүд алт, мөнгөн хурим ч гэнэ үү хийе л гэдэг юм. Бид хоёр яах юм бэ гээд халгаахгүй л байгаа.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх 10 хүүхэдтэй. Одоо долоо нь байдаг юм. Төрөл бүрийн л мэргэжил эзэмшсэн. Яг математикийн багш болсон хүн байхгүй ч, инженерүүд бол бий.