ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Жаахан ноён” Д.Гунгааравдан: Эцэг маань Ар Монголд амьдрах саналыг маршалд тавьж байсан

O.Admin
2018-04-30

Хүүхэд ахуйдаа ӨМӨЗО-ы зүүн Үзэмчин хошууны 15 дахь ноёноор өргөмжлөгдөж явсан Д.Гунгааравдан гуайтай ярилцах завшаан бидэнд тохиолоо. Тэрбээр Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцож явсаныхаа хариуд “Хүндэт төмөр замчин” тэмдгээр шагнуулж байсан нэгэн. Туулж өнгөрүүлсэн замнал нь энгийн атлаа өвөрмөц түүнийг “Эгэл амьдрал” буландаа урьж, амьдрал, амжилтынх нь талаар ярилцлаа.

-Таныг Дундговь аймгийн суугуул хэмээн сонссон. Аль нутагт төрж өссөн талаар яриагаа эхлүүлэх үү?
-Тийм ээ. Миний бие Өвөрмонголын Шилийн гол аймгийн зүүн Үзэмчин хошууны “Цагаан чулуут” гэдэг газар 1938 оны наймдугаар сарын 20-ны өдөр төрсөн. Хүүхэд нас минь эцгийн гар дээр өссөн гэж болно. Намайг таван нас хүрэхэд миний эцэг ноён суудлаасаа чөлөөлөгдсөн юм. Тэгээд намайг таван настай байхад албан ёсны үе залгамжлагч гэж хошуу ноёны суудалд суулгасан. Бага насандаа ноён болсон учир хүмүүс “жаахан” ноён гэж өргөмжилдөг байсан гэдэг. Тухайн үед Өвөрмонголд ноёны сургууль гэж байсан. Гурван жил гаруй хугацаанд сурч хятад ханз, уйгаржин монгол бичиг бага сага заалгаж байлаа. Хүүхэд нас минь жирийн л харц ардын хүүхэд адил бусадтай тоглож, барилдаж өссөн. Сайн барилдаанч байсан гэдгээ санадаг. Гэхдээ мундаг барилддагтаа ч биш ноён хүнийг газар унагаахгүй хэмээн хүндэлдэг байсан тухай сүүлд найзаасаа сонссон юм. Дээр хэлсэнчлэн, ноёны сургуульд хятад хэлийг удаан сурч чадаагүй. Учир нь тухайн үед “Үзэмчин” хошуунд байдаг “Хошуу овоо” хэмээх ард олон нийтээрээ тахидаг овоо байлаа. Тэр овоог тахих хойгуур Зөвлөлтийн цэрэг ирж нутаг усыг маань сүйрүүлсэн. Тэгээд нутгийнхан уулаа тахиж чадалгүй “Авгийн Хан уул” гэдэг газар нутгийн ард иргэд, ноёд нийлсэн 200-аад хүн бүгэж, цэргийн хөлийг намдахыг хүлээж байлаа. Тэр хойгуур хятад ханз заадаг багшийг маань зөвлөлтийн цэргүүд гэрт нь буудсан юм гэнэ лээ. Ийм учраас хятад хэл нэг их сурч чадалгүй Ар Монгол руу ирсэн түүхтэй.

-Тухайн үед эцгийг тань ямар шалтгаанаар ноёны суудлаас нь чөлөөлсөн юм бэ. Та ярихдаа эцэгтэйгээ хүүхэд насаа өнгөрүүлсэн гэлээ. Ээж, аавынхаа талаар мэдээлэл өгөөч?
-Манай эцэг Гомбосүрэнгийн Минжүүрдорж гэж зүүн Үзэмчин хошууны 14 дэх ноён байсан юм. Эцэг маань “Тамган хатан” буюу анхны хатнаасаа салсан юм. “Тамган хатан” гэдэг нь ёс төртэйгөөр бэр гуйж авчирсан анхны хатан гэсэн үг. Тэр нь манай ээж л дээ. Тухайн үеийн хуульд ноён хүн хатнаасаа сална гэдэг нь төрийн цээрлэл хүлээдэг байсан аж. Ийнхүү эцгийг маань ноён суудлаас нь чөлөөлж өөр аймаг хошуу руу цөлж, эргэж нутагтаа ирэх боломжгүй хэмээж цээрлэл хүлээлгэсэн юм билээ. Өвөрмонголын тухайн үеийн хуульд гэр бүл салахад хүүхэд нь эцэгтэйгээ үлддэг байлаа. Тэгээд л ээжтэйгээ ч уулзаж чадалгүй аавыгаа дагасан хэрэг.

-Ар Монголыг зорих шалтгаан нь энэ байсан хэрэг үү?
- Эцэг маань тэгж шийтгүүлснээс болж, удалгүй нүүх болсон. Манай эцэг Ар монголд амьдрах сонирхолтой хүн байсан. Тийм ч учраас 1945 оны дундуур Монголд амьдрах өөрийн саналаа гурван хүний бүрэлдэхүүнтэй ирж маршал Х.Чойбалсанд уламжилсан гэдэг. Маршал тэр саналыг зөвшөөрснөөр Үзэмчин хошууны тал 400 өрх айл 2000 гаруй хүн Ар Монголд 1945 оны арваннэгдүгээр сард ирсэн. Бид энд ирмэгц Дорнод аймгийн Хэрлэнбаян хэмээх Үзэмчний сум байгуулан амьдрах болсон юм. Түүнээс хойш дөрөв таван жилийн дараагаар Хөгнө хэмээх сумтай нийлж Халх, Үзэмчин ард нийлсэн Сэргэлэн сум бий болсон юм.

-Тухайн үед ноён байсан хүн ар Монголд ирээд жирийн ардын амьдралаар амьдрахад амаргүй байсан болов уу?
-Үзэмчин ардтайгаа ирсэн учраас ноён хэвээрээ л хүндлүүлж байсан. Ард иргэд маань ч гэсэн “таныг бид ноён албанаас тань буулгаагүй. Тийм учраас та бидний ноён хэвээрээ” хэмээн хүндэлдэг байсан одоо ч гэсэн очих юм бол намайг хүндэлдэг хэвээр байгаа. Төд удалгүй аав маань 1951 оны наймдугаар сард улсын төлөвлөгөөт даалгаврыг удаа дараа санаатай тасалдуулж, Японы тагнуултай сүлбэлдэн хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх хилс хэргээр шийтгэгдэж таван жил хорих ял авсан. Гэхдээ 2001 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн шүүхийн тогтоолоор манай эцэг Минжүүрдоржид холбогдох эрүүгийн хэргийг үндэслэлгүй гэж цагаатгасан. Түүнээс хойш цагаатгалын тэтгэмж авах санаатай байсан боловч ноёны ганц хүү гэх нотлох баримт байхгүй гэх зэргээр удааширч байлаа. Харин Өвөрмонголоос манай аавын тухай ном ирснээр нотлогдож бага сага нөхөн олговор авсан.

-Одоо Өвөрмонголд таны хамаатан садан бий юу?
-Манай ээжийн талын хамаатан гэх нэг дүү байгаа. Дээр үед ээжийгээ амьд байхад нь нэг очиж байсан. Бас төрийн сүлдний тахилга анхны наадамд уригдаж байлаа. Сүлдний тахилга гэдэг Үзэмчин хошууны төрийн сүлд болох “Алтан дөрөө”-г сэргээн тахисан явдал юм. Харин “Алтан дөрөө”-ний хувьд биднийг 1945 онд Армонголд нүүж ирэхэд хамт ирсэн гэдэг. Тэрхүү төрийн сүлдийг “Сүлдийн занги” гэдэг тусгай хүн гэрийнхээ урд 100 метрийн зайд сүйх тэрэгтэй нь байлган хамгаалж байдаг байсан. Тэр сүлдийг 1950-иад онд Дотоод яамнаас музейд тавихаар авсан тэгээд л алга болсон. Одоо хэр сураг нь гараагүй байгаа. Манайхан тус сүлд болох “Алтан дөрөө”-г шинээр сэргээн наадам жил бүр хийдэг болсон. Сэргэлэн суманд хүртэл гурван жил болгон “Алтан дөрөө” наадмыг зохиодог. Энэ жилийнх наймдугаар сарын 20-нд Өвөр Монголд болохоор төлөвлөж байна.

-Бага насандаа ээжээсээ хол байх амаргүй. Эргээд ээжтэйгээ хэрхэн холбогдсон бэ?
-Ээж маань Өвөрмонголын “Авга” хошууны хүн байсан гэнэ билээ. Эцэгтэй маань ханилаад олон жил болсон ч сүүлд салж, “Авга” хошуунд нь хүргэж өгсөн гэдэг. Ээж аав хоёр маань намайг бага байхад салсан учир ээжийгээ таньдаггүй байсан юм. Ар Монголд ирснээс хойш ээжийгээ сураглаж явсаар 1990-ээд онд “Авга” хошуунд амьд байна гэдэг сураг нь гаргаад өөрийн биеэр очиж уулзсан. Тэр миний анхны уулзалт байлаа. Харин ээжийгээ нас барахад нь очиж чадаагүй дээ хөөрхий. Хатан байхаа больсноос хойш жирийн нэг малчин бүсгүй байж байгаад л амьдрал нь дууссан. Гэсэн хэдий ч ээжийг маань Утай Гүмбэнгийн ариун газар хүндэтгэн оршуулсан гэдэг.

-“Хүндэт төмөр замчин” хэмээх алдрыг хүртсэн гэсэн. Энэ мэргэжлээр суралцаж төгссөн үү?
-Ар Монголд амьдарч байгаад найман насандаа сургуульд орсон. Сургуулиа төгсөөд ажилтай, ажилгүй явж байгаад 1961 онд Улаанбаатар төмөр замын харьяа Баянтүмэн тасагт замчнаар орж хоёр жил ажилласан юм. Түүний дараагаар Улаанбаатар төмөр замын эсковаторын машинистын 45 хоногийн курст явж төгссөн. Тэр даруйдаа Баянтүмэн сумын төмөрзамын баластын карьер гэж тусгай элс ачдаг вагонд 10 гаруй жил ажилласан. Мөн Улаанбаатар төмөр замд 30 гаруй жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Тэр хугацаанд сайн ажилласан гэж “Хүндэт төмөр замчин” тэмдэг, Хөдөлмөрийн хүндэт медаль, тав, долоо, найм, аравдугаар таван жилийн гавшгайчдын тэмдгээр энгэрийг маань мялаасан удаатай.

-Хэдэн оноос Дундговь аймагт суурьшиж гэр бүлээ зохиосон вэ?
-Тэтгэвэрт гарсаны дараагаар 2000 онд Дундговь аймагт ирсэн. Энд ирсэн учир нь “Хөөт”-ийн уурхайг нээж магадгүй тиймээс мэргэжлийн хүн хэрэгтэй байна гэсэн. Бас үр хүүхдүүдээ бараадаж энд ирсэн. Уурхай хэзээ нээгдэх нь тодорхойгүй байсан юм. Тиймээс энд “Гандалай” гэх худалдааны төв нээгдэхэд зохион байгуулагчаар ажилаж эхэлсэн. Улмаар 2000 онд гэргийтэйгээ танилцаж гэр бүл болоод 10-аад жил сайхан л амьдарлаа. Харин одоо бол энэ худалдааны төвд манаач л хийж байна даа. Энэ нь нас дээр гарсан надад биед амар юм. Мөн энд удаан ажилласны үр дүнд цагаан сарын өмнө аймгаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан.

О.Түвшинжаргал