ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зовлонгоос завшаан шүүрэгч

O.Admin
2018-04-30

Бавуугийн Лхагвасүрэн бодлогшронгуй тамхилж, Пунцагийн Бадарч уярангуй алсыг ширтэж, Их аварга Д.Дагвадорж бадрангуй мишээж, Найдангийн Түвшинбаяр гэнэнхэн инээмсэглэнэ. Зургийг нь биш өөрийг нь хараад зогсож буй мэт амьд, ер бусын содон мэдрэмж төрөх энэ хөрөг зургууд бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн оролцогчид юм. Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээж, салбар салбарын бахархал болсон эдгээр эрхмүүдийн зургийг бодит мэт урласан авьяастныг Мягмаржавын Алтанхундага гэдэг.

Тэрбээр дүрслэх урлагийн ертөнцөд хөл тавиад удаагүй. Мэргэжлийн зураач ч биш, ердөө л өөрт оногдсон хувь тавилан, амьдралын хатуу шалгуурт тэнцэх арга хайж, тэмцэж яваа энгийн л өвчтөн. Түүний эдгээр бүтээлийг урласан гар шинжлэх ухааны үүднээс зураг зурах нь бүү хэл хатаж хорчийгоод гар биш болсон байх ёстой гэнэ. Багадаа авсан бэртлээс болж түүний баруун гарын булчин болоод мэдрэлийн үйл ажиллагаа 98 хувийн алдалттай болсон аж. Гэвч тэр гайхамшгийг бүтээж, хатаж хорчийсон байх ёстой гар нь урлагийн бүтээл туурвих болж, удахгүй “Хүн” хэмээх хөрөг зургийн үзэсгэлэн нь гарах гэж байна.

Тэрбээр гурван хүүхэдтэй айлын бага нь, уран дархан аавынхаа авьяасыг өвлөж төрсөн нэгэн. Түүний аав дарх хийхээс гадна бурхны хөрөг урладаг зураач хүн. Харин ээж нь аавынх ажилд тусалсаар мөн л багагүй гарын дүйтэй болж, чамгүй дархан болсон гэнэ. Ерөөс тэдний гэр урлагийн бүтээл төрөн гардаг урлан байсан хэмээн гэрээ дүрслэн ярилаа. М.Алтанхундага тийм л урлагийн содон ертөнцөд төрж, тэнд өссөн “урлагийн хүүхэд” байжээ. Тийм ч учраас аавынхаа ажилд хайртай, түүнд дурладаг бяцхан дархан байсан гэдэг.

Цүнхээ даахгүй шахам бяцхан сурагч байхаасаа аавынхаа уран дархны ажилд тусалж, ойр зуурын юм хийж өгдөг байснаа бахархан дурсах дуртай. Дарханы ажилд дурлаж, түүнд суралцаж байснаас биш зураач болно гэж зүүдлээ ч үгүй явжээ. Хүн бүр амьдралд өөр өөрийн зам, замналыг олж, хувь тавилан нь түүнд хөтөлдөг. Харин М.Алтанхундагын хувьд арай л хатуухан бас гэнэтийн эргэлтээр өөрийн замналаа олсон гэхэд хилсдэхгүй.

Учир нь уран дархан ааваараа бахархаж, түүн шиг чадварлаг дархан болох хүсэлд автан дэрвэж явсан жаал хүүгийн мөрөөдөл талаар болж, гар нь мэдээгүй болчихож. Энэ гэнэтийн явдал өсвөр насны хүүд хүнд цохилт байсан нь мэдээж. Гурван настай байхдаа гараа бэртээсэн нь олон жилийн дараа ийм байдалд хүргэх шалтгаан болсон байна. Тухайн үедээ хөнгөхөн бэртээд өнгөрсөн ч жаал хүүг том болохын хэрээр гар нь бага багаар өвддөг болж, нэг л өдөр огт мэдээгүй болчихсон гэдэг.

Гар нь мэдээгүй болох үед тэрбээр дунд ангийн сурагч, чамгүй гарын уртай дархан болчихсон байсан аж. Түүний мөрөөдөл талаар болж, балаа ч барьж дийлэхгүй болсон гараа тэврээд дэмий л багшийн заасныг сонсож суудаг байжээ. Хот хүрээ, гадаад, дотоодын эмнэлгээр багагүй явсны эцэст түүний гарын булчингийн болон мэдрэлийн үйл ажиллагаа 98 хувь чадвараа алдаж, улмаар хөгжил нь зогсон, хатна гэсэн аймшигтай онош сонссон байна.

Гаргүй болно гэсэн энэ оноштой эвлэрч чадаагүй хүүд тэмцэхээс, өөртөө итгэхээс өөр ямар ч сонголтыг бурхан үлдээгээгүй. Тэрбээр “хүн гэдэг үнэхээр сэтгэлийн амьтан шүү” гэж байн байн батлан өгүүлнэ. Шинжлэх ухаан түүний гарыг гар болохгүй гэдгийг нотолсон ч тэр ийм байдалтай эвлэрч чадаагүй учраас тэмцсэн. Тэмцсэн учраас гайхамшгийг бүтээж гартай болсон.

Өдрөөс өдөрт хатах бяцхан гараа харахдаа, ямар ч найдвар үлдээгүй гэх аймшигтай онош сонсохдоо алинд нь ч тэр бууж өгөөгүй. Өөрөө л хичээвэл гар нь эдгэрнэ гэж итгэн, бяцхан биедээ баймгүй их тэсвэр тэвчээр, эр зориг, хүч чармайлт гарган оролдсоор гараа эргүүлж авч чаджээ. Юу ч барьж чадахгүй болсон гараа юм барьдаг болгож, энэ дадлыг нь хадгалж үлдэхийн тулд харандаа барин цаас эрээчих дасгал хийдэг байсан гэнэ.

Юм бичиж чадахгүй ч гэлээ нэг ч өдөр хичээл таслалгүй сууж, олон нийтийн ажилд идэвхитэй оролцон өөрийгөө олноос тусгаарласангүй. Хэдий гаргүй болсон ч нэг ч удаа өөрийгөө бусдаас дутуу гэж бодож байгаагүй хэмээн ярина. Сэтгэлийн хүч гэдэг юуг ч бүтээж болох их хүч гэдгийг тэр харуулжээ. Юм барьж чадаж байгаа дадлыг нь хадгалахын тулд зураг зурсаар, хөрөг зургийн үзэсгэлэн гаргах хүртлээ өндөр төвшний зураач болсон бахархмаар түүх энэ.

“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг гарч эхэлснээс хойш нэг ч дугаар алгасалгүй үзэж, оролцогчдын зургийг зурж эхэлсэн аж. Нэг зургийг ойролцоогоор сар гаруй хугацаанд зурдаг гэнэ. Ингэхдээ хэдэн мянган удаа зурж, түүнийгээ устгасаар сая сэтгэлд хүрсэн зургаа гаргадаг байна. Түүний зургууд яг л бодит мэт харагдана. Ямар ч өнгө будаггүй зөвхөн цагаан цаас, харандаа хоёроор бодит мэт зургуудыг урладаг хосгүй авьяастан.

Эрүүл саруул, мэргэжлийн зураачийн хувьд энэ тийм гоц, гойд зүйл биш ч түүнийх шиг оноштой хүний хувьд ид шид юм. Тэрбээр гар нь мэдээгүй болсноос хойш олон жилийн турш хичээж, хөдөлмөрлөсөн нь зөвхөн зураач болгоод зогсоогүй. Өдгөө “Нүүдэл” хэмээх хувийн студитэй бөгөөд урлагийн чиглэлээр сургалт явуулахаас гадна, клип, кино гээд урлагийн нэлээд олон бүтээл гаргасан байна.

Хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд ахуй насандаа гар нь мэдээгүй болсон ч сэтгэлийн хүчээр өнөөдрийг хүртэл тэр их юм хийж бас амжуулж чадсан мундаг залуу. Мэргэжлийн зураачийн мэргэжил эзэмшээгүй ч “Од” хэмээх сургуулийн Хувцас, дизайны ангийг төгссөн дизайнер хүн. Тэрбээр, “Хүний амьдралд бэрхшээл гэж байдаггүй. Зөвхөн боломжийг л бурхан өгдөг.

Тэрхүү боломжийг хэрхэн ашиглахаас л бэрхшээл болох уу, амжилт болох уу гэдэг нь шалтгаалдаг байх” хэмээн ярина. Үнэхээр ч тийм юм шиг. Бидэнд ирсэн боломжуудыг бид яаж харж, хандсанаас л зовлон болоод жаргал болох нь шалтгаалдаг болов уу гэлтэй. Гэтэл нэг л өдөр түүний гар мэдээгүй болчихсон. Нэг л өдөр хийсээд ирсэн гэнэтийн зовлонг тэр бэрхшээл гэж хүлээж аваагүй, боломж болгож ашигласан аж. Ийм нөхцөл байдлыг боломж болгосон их ухаан, тэсвэр тэвчээрийг бахдаад барамгүй.

М.Алтанхундага “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн бүх оролцогчдыг зуржээ. Эдгээр зургууд дотор нүүрийг нь бүтэн зурсан нэг ч зураг байхгүй. Учрыг нь асуухад, “Хөрөг зураг гэдэг тухайн хүнтэй хэр адилхан байна вэ гэдгээр хэмжигддэг зүйл биш. Зургийг нь харахад ч тэр хүний ямар нэг чанар нь мэдрэгдэж байвал сая хөрөг зураг болдог гэж боддог. Миний зурсан хүмүүс бүгд олны танил, бидний мэддэг хүмүүс ч гэлээ тэр хүнийг бид бүрэн гүйцэд мэдэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас зургийг нь бүтнээр нь бус таллан зурсан.

Гэхдээ бүх зургууд дээр нэрийг нь дөрвөлжийн үсгээр бичсэн учраас энэ зураг бүтэн болж байгаа гэсэн үг” хэмээн тайлбарлав. Удахгүй гарах үзэсгэлэнгээ тэрбээр “Хүн” хэмээн нэрлэсэн. Ийн нэрлэсний учир нь зурсан хүмүүс нь бүгд л хүний хорвоод “хүн шиг” амьдарч, хүн байж чадсан гэсэн утгатай гэнэ. Түүний ярьснаар хүний хөрөг зурахад янз бүрийн энерги мэдрэгддэг гэнэ.

Зарим хүнийг зурж байхад өлсөх мэдрэмж төрж, зарим нь толгой өвдөж, нуруугаар хатгаж, исгэлэн юм идмээр санагддаг аж. Ийн ярих зуураа үе үе хүүхэд шиг гэнэн инээмсэглэнэ. Яг л дуртай зүйлээ ярьж байгаа хүүхдийн яриаг нь анхааралтай сонссонд урамшин, баярлаж байгаа мэт чин сэтгэлээсээ инээмсэглэнэ. Тэрбээр юм бүхнийг гэгээлэг сайхнаар ярьдаг.

Түүнтэй ярилцаж суухад хүч гэдэг аливааг яаж хүлээж авч байна вэ гэдгээр л тодорхойлогддог зүйл юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн. Хүнд хэцүү бүгдийг даваад өнөөдрийг хүрсэн ч түүний гар эдгэрээгүй. Зургаа зураад сууж байхад гэнэт л мэдээгүй болоод унжчихдаг хэвээрээ. Гар нь юм мэдэрдэггүйгээс болж нэг л мэдэхэд хавдчихсан, шархалчихсан байх нь энгийн үзэгдэл гэнэ.

Хэт хүйтнийг мэдэхгүй явсаар хөлдөөх шахдаг үе ч олон байдаг аж. Гэхдээ энэ бол түүний хувьд бэрхшээл биш. Үүнээс хэцүү үеийг даваад гарсан тэнхээтэй залуу. Бүрэн төгс эмчилгээ хийлгэнэ гэвэл гарыг нь солих шаардлагатай гэсэн учраас гараа солиулахаас татгалзаж, хэцүү ч гэлээ энэ замыг сонгосон гэнэлээ. Тэр сэтгэл, зүтгэл байвал боломжгүй зүйл гэж орчлонд байдаггүйг өөрийн биеэр харуулж чадсан гайхамшгийн эзэн, хугараагүй ноён нуруу.