Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй шүүгчдийг сонгон шалгаруулах явц хэрхэн өрнөж буй mалаар ярилцлаа.
-Улсын Дээд шүүх болон анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоонд шүүгч сонгон шалгаруулах ажил одоо үргэлжилж байна. Хуульч хүний тань хувьд асуухад шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгоо хэр шударга явагдаж байгаа вэ?
-Шүүгчийг шударгаар томилж буй эсэх нь тун эргэлзээтэй болсон. Шүүгч нарыг томилж буйд ямар асуудал үүссэн бэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл хуульчдаас шалгалт авч, сонгон шалгаруулалт хийж сонгоод түүнийгээ Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгодог. Гэвч ШЕЗ-өөс санал болгосон хүмүүсийг Ерөнхийлөгч томилох асуудалд доголдол бий болсон. Тухайлбал, ШЕЗ-өөс сонгон шалгаруулалтаа хийгээд санал болгосон хуульчдыг Ерөнхийлөгч томилохгүй байх, буцаах асуудал өнгөрсөн жилүүдэд олон гарсан. ШЕЗ 1993 оноос хойш шүүгчээр томилуулахаар санал болгосон хүмүүсээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди хоёр, Н.Энхбаяр дөрөв, Ц.Элбэгдорж 21 хуульчийг томилолгүй буцааж байсан. ШЕЗ үндсэн шалгаруулалтаа хийгээд санал болгосон хүнд Ерөнхийлөгч хэлбэрийн төдий хандах буюу шууд батламжлах үүрэгтэй. Хэрвээ Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн хүнийг шүүгчээр томилохоос татгалзаж байгаа бол үндэслэлээ гаргах үүрэгтэй.
-Ямар учраас шүүгчээр томилоогүй хэмээн Ерөнхийлөгч нар үндэслэлдээ дурьдсан байдаг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч нар өнгөрсөн хугацаанд татгалзсан үндэслэлээ тайлбарлаж байгаагүй. Ерөнхийлөгчийн Тамгын газраас “ШЕЗ-өөс санал болгосон хүмүүсийг шүүгчээр томилох, татгалзах нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн онцгой бүрэн эрхийн асуудал” гэсэн хариуг ирүүлсэн байдаг юм билээ. Татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахгүй байгаагаас үүдэн шүүгчийг томилох эсэх нь Ерөнхийлөгчийн дур зоргын асуудал болж хувирсан. Намайг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Монголын хуульчдын холбоон”-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед 13 шүүгчийн асуудал гарч ирсэн. Ямар асуудал вэ гэхээр ШЕЗ-өөс шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн хүмүүсийг томилохоос татгалзсан үндэслэлээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаргаж өгөөгүй. Энэ асуудлаар Монгол Улсын шүүхүүд, Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан боловч харамсалтай нь хүлээж аваагүй. Уг асуудлыг Улсын дээд шүүхээс Захиргааны хэргийн танхим анхан шатны журмаар шийдэхээр болж байгаа гэж дуулдсан.
-Тэдгээр 13 шүүгч сонгон шалгаруулалтаас шалгарч гарч ирээд буцаагдсан юм уу. Эсвэл албан тушаалаасаа үндэслэлгүй огцорсон юм уу?
-Шүүгчээр ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Гэтэл шүүхийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 13 шүүгчийг дахин томилолгүй үлдээсэн. Энгийн иргэд шүүхэд гомдол гаргаад 2-3 жилийн дотор, заримдаа үүнээс ч богино хугацаанд асуудлаа эцэслэн шийдвэрлүүлж чаддаг. Гэтэл хуулиа мэддэг, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс дөрвөн жилийн турш энэ асуудлыг шийдүүлж чадахгүй байна гэдэг нь шүүгчийн томилгоо, шүүгчийг сонгон шалгаруулж буй системд асуудал бий болсныг харуулж байгаа юм. Шүүгч хүнийг үндэслэлгүйгээр ажилгүй болгосон энэ явдлаас үүдэн бусад шүүгч нарт хэзээ ч ажилгүй болж болох юм байна гэдэг айдас бий болсон.
-ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг хийхдээ ямар асуудал гаргасан бэ?
-ШЕЗ өөрөө их асуудалтай байгууллага болсон. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож бүх хуульчдын ёс зүй, нэр хүндийн талаар “Монголын Хуульчдын холбоо”-ноос дүгнэлт гаргаж ШЕЗ-д хүргүүлдэг. Сэтгүүлчид нэг нэгнийгээ ур чадвар, хувь хүнийхээ хувьд ямархуу хүн болохыг мэддэг шиг хуульчид бас нэг нэгнийгээ мэддэг. Энэ хүн шүүгчээр ажиллах ёс зүйн хувьд хангалттай, хангалтгүй гэдэг дүгнэлт гаргаж ШЕЗ-д хүргүүлдэг. Намайг Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажилласан хоёр жилийн хугацаанд л гэхэд “Шүүгчээр ажиллах хангалттай ёс зүйгүй” гэдэг дүгнэлт бүхий 10 гаруй хүнийг ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид санал болгож, шүүгчээр томилуулсан. Яагаад “хангалтгүй” гэсэн дүгнэлттэй хүнийг шүүгчээр томилж байгаа юм бэ гэдэг асуудлаар ШЕЗ-ийн таван гишүүнийг бид АТГ-т өгч байсан. Харамсалтай нь АТГ-аас “ШЕЗ-ийн таван гишүүнийг шалгахад зөрчил илрээгүй учраас, хэрэг үүсгэх боломжгүй” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн.
-ШЕЗ шүүгчийн сонгон шалгаруулалтыг хэр нээлттэй зохион байгуулдаг вэ?
-Сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийн авсан оноо, Ерөнхийлөгчид санал болгох асуудлыг хэлэлцэх ШЕЗ-ийн хуралдаан ил тод, нээлттэй байна гэсэн хуулийн заалттай. Гэвч ШЕЗ тус хуралдаанаа нээлттэй явуулж байгаагүй. Шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсээс “Би сонгон шалгаруулалтад оролцоод хамгийн өндөр оноог авсан байхад яагаад надаас дор оноотой хүмүүсийг Ерөнхийлөгчид санал болгоод байгаа юм. Би хамгийн өндөр оноог авсан атлаа яагаад сонгогдоогүй юм. Надаас бага оноотой хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснийг тайлбарлуулж өгөөч” гэдэг хүсэлтийг Хуульчдын холбоондоо тавьж байсан. Тиймээс бид “Сонгон шалгаруулалтын хуралдаанаа нээлттэй болгооч гэдэг саналыг ШЕЗ-д удаа дараа тавьсан боловч ямагт хаалттай хийсээр ирсэн.
-Хурлын товыг нь харж байгаад та бүхэн очиж үзсэн үү?
-Би ШЕЗ-ийн Нарийн бичгийн даргатай уулзаад “Шүүгчдийг сонгон шалгаруулах хуралд суумаар байна? Ойрын үед болох уу” гэж асуухад “Ойрд болохгүй байх аа. Болох юм бол чамд урьдчилж хэлье” гэж хариулж байсан. Тэгсэн мөртлөө маргааш нь нөгөө хурлаа хийчихэж байгаа нь үнэхээр хөгийн санагдсан. Янз бүрийн уулзалт арга хэмжээн дээр ШЕЗ-ийн хурлыг ил тод явуулах талаар саналаа хэлэхээр ШЕЗ-ийн “Их зөв зүйл хэллээ. Цаашид өөрчлөгдөнө. Үйл ажиллагаандаа тусгана” гэж хэлдэг мөртлөө өөрчлөгддөггүй. Би ШЕЗ-ийн үйл ажиллагааг доголдолтой, Монголын хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэж харж байгаа. Нэг удаа ШЕЗ-ийн “Шүүгчийг сонгон шалгаруулах хуралдаан эхэллээ” гэдэг мэдээллийг бид өөрсдийн сүлжээгээрээ авсан даруйдаа очиж байсан. Би “Монголын хуульчдын холбоо”-ныхоо сэтгүүлчийг дагуулаад гүйгээд очсон чинь “Монгол Улсын Үндсэн хуулийн байгууллага болох ШЕЗ-ийн хараат бус байдалд та нар халдахыг оролдлоо” гэж хэлсэн. “Та нарын хараат бус байдалд халдсан зүйл огт байхгүй. Хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтын хурал нээлттэй болох ёстой. Та нар шүүгч болох хүнийг яаж шалгаруулдаг, хэрхэн санал хураадгийг чинь бид нар хармаар байна. Ард иргэдэд, хуульчдад танилцуулмаар байна” гэдэг асуудал сөргүүлээд тавихаар хүлээж аваагүй. ШЕЗ энгийн зүйлд л хаалт тавиад эхлэхээр маш олон хардлагууд бий болж байгаа юм.
-Ямар хардлага?
-Тухайлбал, тэр дүүргийн шүүгч болохын тулд тэдэн сая төгрөг төлсөн байна. Тэр хуульч тэрний ах дүү байсан учраас дээрээс яриулсаар байгаад шүүгч болчихлоо. Тэр шатны шүүхийн шүүгчээр ийм хүн томилогдох гэж байгаа юм байна гэсэн таамаг яриа гардаг, тэр таамаг нь биелдэг болсон. Би энэ бүх мэдээллийг авсан боловч хөдөлшгүй баримтаар нотолж чадахгүй учраас хардлага гэж хэлээд байгаа юм. Хүн харахад ШЕЗ нээлттэй мэт байгаа. Сонгон шалгаруулалтаа зарлаж байна. Ийм хүмүүс шалгаруулалтад оролцлоо гэдэг мэдээллээ ил тод тавьдаг болсон. Гэвч хэн ямар шалгалтад өндөр оноо авсан эсэх нь тодорхойгүй байгаа. Сонгон шалгаруулалтад оролцогчдын иргэдийн дунд нэр хүндтэй, шүүгч болох ёс зүйн шаардлага хангасан, хангаагүй гэдэг мэдээлэл нь нээлттэй бус болчихоор хардлага үүсээд байгаа юм. ШЕЗ-ийн хаалга иргэдэд, хуульчдад, сонгон шалгаруулалтад оролцогчдод хаалттай болсон. Үүнийг ил тод болгохын төлөө тэмцээд тэмцээд нэмэргүй байгаа. ШЕЗ-д нэг үгээр хэлбэл шударга бусын хонгил үүссэн. Энэхүү хонгилыг нь улстөрчид ашиглаж байна гэдэг хардлага хүртэл байгаа.
-Яавал энэ байгууллага хардлага, сэрдлэгээс хол болно гэж та боддог вэ?
-Үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй болгочихвол энэ бүх хардлага байхгүй болно. ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч томилдог. Өнөөдөр хэн Ерөнхийлөгч болно, тэр хүнд шүүх засаглал үйлчилж байна гэдэг хардлага үүссэн. Иймд ШЕЗ-ийн таван гишүүн өөрсдийнхөө үйл ажиллагаандаа дүгнэлт хийгээд үйл ажиллагаагаа нээлттэй болгож, асуудалд бодитой хандах цаг болсон.
-Анхан шатны шүүхийн шүүгч болохын тулд 40, давах бол 60, Дээд шүүхийн шүүгч болохын тулд 80 саяын хахууль өгдөг гэх яриа их байдаг. Энэ бодитой юу?
-Хардлага байгаа. Намайг “Монголын хуульчдын холбоо”-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед янз бүрийн гомдол, асуудал ярьсан хүмүүс ирдэг байсан. Ийм мөнгө төлж, тэр шүүгч болсон гэдэг ховын чанартай хардлагуудыг хэлдэг. Нэг хуульч “Нийслэлийн нэгэн дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч болоход 40 сая төгрөг хэрэгтэй байна. Чи байраа барьцаанд тавиад найздаа 40 сая төгрөг зээлээд өгөөч. Шүүгч болохоороо эргээд төлье” гэж хэлж зээл аваад, шүүгч болсон гэдэг яриа байдаг. “Миний энэ хэргийг аргалж өгнө гэвэл би чамайг тэр шүүхийн шүүгч болгож өгнө шүү” гэж амласан зэрэг маш олон хардлага, ховын мэдээллийг надад хэлж байсан.
-Энэ бүх хардлага үнэн бол маш ноцтой асуудал үүсэх нь ээ?
-Монгол Улсад 500 гаруй шүүгч л байгаа. Иргэдийн хувь тавиланг шийддэг энэ хэдэн хүнийхээ сонгон шалгаруулалтад ард иргэд, хуульчид онцгой анхаарал хандуулах ёстой юм. Бусдад хээл хахууль төлж, эсвэл бусдын хууль бус үйлдлийг хаацайлж өмгөөлнө гэдэг үүрэг амлалт өгч шүүгч болсон хүнээс шударга шийдвэрийг хүлээх ямар ч боломж байхгүй. Гэхдээ нэг зүйлийг нэмж хэлэхэд, Монголын бүх шүүгчид муу биш. Цөөн тооны тодорхой асуудлуудаас болоод шүүгчдийн нэр хүнд унаад байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Монголын төр өөрөө шүүхэд, шүүгчид итгэж байж орших ёстой. Энэ итгэлийг цөөн хүний муу үйлээс болоод сэвтүүлж, шүүх байгууллагын нэр хүнд уначихаад байгаа.
-ШЕЗ-д бий болоод байгаа энэ учир битүүлэг байдлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд та танилцуулсан уу?
-Би Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад 2017 оны аравдугаар сард бараалхаж, ШЕЗ-д ийм асуудал үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөөч. Шаардлагатай бол ШЕЗ-ийн гишүүдийг эгүүлэн татах арга хэмжээг авч өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Ерөнхийлөгч “Энэ асуудлыг шийдэх амархан. Эдгээр асуудлуудыг шийднэ” гэдгээ хэлсэн. Ерөнхийлөгч ШЕЗ-д ямар асуудал нүүрлэснийг мэдэж байгаа. Гэвч Ерөнхийлөгч томилогдсоноос хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байхад ШЕЗ-ийн шинэчлэлийг эхлэхгүй байна. Юу хүлээгээд байгаа нь тодорхойгүй байгаа.