Хаврын тариалалт дуусах дөхлөө. Өнөө жил тариалангийн бүс нутгаар хур бороо бага. Газрын чийг хангалтгүй байгаа нь тариаланчдын сэтгэлийг багаггүй түгшүүлж байна. Гэсэн ч тариаланчид тариагаа тарьж, тэнгэрээ аргадаж сууна. Яг ийм цагт Төв аймгийн тариалангийн гол бүс нутаг болох Жаргалант сумын Засаг дарга Т.Цолмонгэрэлтэй уулзаж, ярилцлаа.
-Засгийн газар өнгөрсөн жил тариалангийн бүс нутгийг зарлаж, тогтоол гаргасан. Энэ тогтоол орон нутагт хэр хэрэгжиж байна вэ?
-Манай сум 186 мянган га газартай. Үүнээс 38 мянган га-д газар тариалангийн, 92 мянган га нь бэлчээрийн үлдсэн нь ой, хээрийн бүс нутаг. Сум 60-70 мянган малын билчээрийн даацтай. Гэтэл 135 мянган мал бий. Намайг 2016 онд Засаг даргын ажлыг авч байхад 160 мянган малтай байсан. Бид малаа цөөлөх бодлогыг сүүлийн гурван жил гаруйн хугацаанд барьж ирсэн. Үүний үр дүнд 25 мянган толгойгоор цөөлөөд байгаа. Засгийн газрын тогтоолыг малчиддаа танилцуулсан. Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, энэ чиглэлээр төсөл боловсруудсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин ажиллаж байгаа. Малчид ч зөвшөөрсөн. Нийслэлээс 125 км зайд байрладаг, дэд бүтэц сайн хөгжсөн сум. Энэ давуу талаа ашиглаж фермерын аж ахуйг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Мал байх ёстой. Гэхдээ цөөхөн, өндөр ашиг шимтэй мал байх нь чухал. Жаргалант сум жилдээ 13-15 мянган га-д үр тариа, 3.5-5 мянган га-д төмс, хүнсний ногоо тариалдаг. Улсын хэмжээний төмс, хүнсний ногооны 40 хувийг хангадаг.
-Газар тариалангийн үйлдвэрлэлийг хэрхэн дэмжидэг вэ?
-Газар тариалангийн үйлдвэрлэл 1990 оны дунд үеэс унасан. Харин “Атрын гуравдугаар аян” эхлээд аж ахуйн нэгжүүд техник, технологийн шинэчлэл хийж, үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд сэргэж байгаа. Аж ахуйн нэгжүүдийнхээ тайлан мэдээг цаг тухайд нь мэдээлж, төрийн үйлчилгээг саадгүй түргэн шуурхай хүргэн дэмжиж ажиллаж байна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдаж байна. Энэхүү өөрчлөлтөөр сумын Засаг даргыг сонгодог болох тухай яригдаж байгаа. Үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Сонгох зарчим нь зөв гэж бодож байна. Ер нь сумын Иргэдийн хурал 15-27 хүнтэй байдаг. Тэгэхээр 14 хүнтэй уулзаад тохирчихвол сумын Засаг дарга болчихдог. Сумын гурван мянга гаруй иргэдийн шалгуурыг давж, сонгогдож гарч ирсэн хүн гэдэг өөр. Хэрэв энэ хувилбар батлагдахгүй бол аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилдог. Аймгийн Засаг дарга сумдынхаа Засаг даргыг томилдог. Сумын Засаг дарга доорхи албан тушаалтанаа томилж, багаараа ажиллаж хариуцлагаа үүрдэг болох нь бас зүгээр хувилбар юм шиг санагддаг.
-Та өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлаа амжуулж чадав уу?
-Нийгмийн салбар руу илүү анхаарч ажилласан. Цэцэрлэг шинээр барьсан. Сум таван цэцэрлэгтэй. Нэг цэцэрлэгт өргөтгөл хийсэн. Улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дотуур байрны барилгыг барьсан. Манай сургууль 1200 хүүхэдтэй. Хүүхдүүд гадаа гарч бие засдаг. Өвлийн цагт хүүхдүүд нимгэн хувцастай гадаа гарч, ханиад хүрэх, хатгаа авах зэрэг хүндрэлтэй асуудал их байсан. Энэ асуудлыг шийдвэрлэх гэж нэлээд хөөцөлдөж, “Дэлхийн зөн”, “Мобиком” компанийн 141 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль дотроо боловсон бие засах газартай болсон. Сумын соёлын төв үйл ажиллагаа явуулдаггүй хаасан байсан. Үүнийг спорт заалны хамт 230 сая төгрөгөөр засварлаж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Сумын төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг сүүлийн хоёр жил хийж дуусгасан. Сумын төв уулаар хүрээлэгдсэн газар зүйн онцлогтой. Бүх шар усны үер сумын төвөөр дамждаг. Үерийн гамшиг ойрхон байдаг. Иймд үерийн далан байгуулах зургийг хийж байгаа. Орон сууцжуулах хөтөлбөр хоцорч яваа. 24-30 айлын хотхон байгуулах төлөвлөгөө бий. Би сумандаа Соёл амралтын хүрээлэн байгуулахыг мөрөөддөг. Өвөл нь тэшүүрээр гулгачихдаг. Зун нь усан сан, хүүхэд залуучууд тоглох иж бүрэн тоглоом гээд юм юмтай мини хүүхдийн парк байгуулахсан гэж бодож явдаг. Санаж явбал хүрдэг гэдэг дээ.