УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуулийн өөрчлөлтөд байр сууриа илэрхийлж, Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн МАН-ын бүлэгт ч өөрсдийн саналаа илгээсэн билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн З.Нарантуяагаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Та Үндсэн хуульд төсөв, мөнгөний чанартай хэд хэдэн заалт оруулж өгөх саналыг гаргаж байгаа. Чухам ямар заалтууд оруулах ёстой гэж үзэж байна вэ?
-62 гишүүний өргөн барьсан төсөлд огт байхгүй байгаа саналыг хүргүүлсэн боловч ажлын хэсэг дээр хэрхэн дэмжигдэж байгаа нь тодорхойгүй байгаа. Үүнд эдийн засаг төсөв санхүүгийн хариуцлагатай бодлогыг баримтлах, санхүүгийн хариуцлагатай сахилгын зарчмыг Үндсэн хуульдаа оруулж, шинээр тодорхойлоё гэсэн саналыг өгсөн. Жишээ нь, иргэдээс зөвхөн хуулиар тогтоосон татвар хураамж авна гэсэн хатуу зарчмыг хийж өгмөөр байна. Тэгэхгүй бол хуульд заасан татвараас гадна маш олон төрлийн хураамж төлбөрөөр ард иргэд, аж ахуй нэгжүүдийг дарамталж байгаа. Үүнийг болих цаг нь болсон. Мөн төсвийг батлахдаа зөвхөн олсон орлогынхоо хэмжээнд суурилж, зарлагаа тодорхойлж байя. Олоогүй орлогоо зарлага болгон хуваарилдаг замбараагүй байдлыг хуулиар хаая гэж томъёолж санал оруулсан. Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавьж, ДНБ-ий 60 хувиас хэтрэхгүй, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх зарчим баримтална гэсэн саналуудыг Үндсэн хуульдаа хатуу зааж өгнө гэсэн саналуудыг хүргүүлсэн. Хэрэв зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол Ардчилсан намын зөвлөл дэмжихгүй.
-Гишүүдийн тоог нэмэх саналыг Ерөнхийлөгч гаргасан. Харин МАН-ын бүлэг тоог нэмэхийг дэмжиж байгаа боловч 108 биш 99 гэдэгт санал нэгдсэн гэсэн. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?
-Монгол Улсад хамгийн их саад болж байгаа асуудал бол улс төрийн орчны бохирдол, зөрчилдөөнөөс үүссэн засаглалын хямрал гэдэгт ард түмэн санал нэгтэй байдаг. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа гол зорилго буюу хэрэгцээ шаардлага, үндэслэл нь тогтвортой бодлогыг хэрэгжүүлж чадах чадамж бүхий тууштай бодлого, төлөвлөлт юм. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ийм зарчмын өөрчлөлт хийх хангалттай заалт байхгүй байна гэж үзсэн учраас Ардчилсан намын зөвлөл анхнаасаа хэлэлцүүлэгт орохгүй явж байсан. Харин Ерөнхийлөгчийн саналд алсын хараа, тууштай хэрэгжүүлж явах хэд хэдэн заалтууд байсан учраас бид дэмжиж байгаа. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийг тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Энэ нь аль нэг эрх барьсан нам нь намдаа илүү санал, илүү оноо авахын тулд хуулиа байн байн өөрчлөөд байдаг зүйлийг таслан зогсоох бодлогын шинж чанартай заалт юм. Тиймээс үүнийг заавал оруулах ёстой заалт. Үүнээс гадна, Монгол Улсад бодлого, алсын хараагаа тууштай тодорхойлох, хэрэгжүүлэхийн төлөө аль ч намаас сонгогдсон Засгийн газар нэгдмэл байр суурьтай ажиллах хэрэгтэй. Энэ бодлого төлөвлөлт бол ерөнхийдөө урт дунд хугацааны алсын бодлоготойгоо нийцдэг. Нам бүр өөрийн хэрэгжүүлэх хэлбэр агуулга нь өөр байх ч, үүндээ нийцүүлж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж явах ёстой гэсэн зарчмын саналтай нэг байгаа.
-Ер нь гишүүдийн тоог нэмэх шаардлага байгаа юм уу. 76 гишүүнийхээ 50 хувийг нь пропорцинал системээр сонгоход болох юм биш үү?
-Үндсэн хуульд хамгийн сүүлд 2000 онд өөрчлөлт оруулсан. Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг 20 орчим жилийн мөчлөгтэй ярьж байгаа. Органик хуульд өөрчлөлт оруулж байгаа шиг 2, 3 жилийн нийгмийн мөчлөгийг хардаггүй. 20, 30 жилийн өөрчлөлтийг, ирээдүйг харах ёстой. 1990-ээд оны сүүлч, 2000 оны үеийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг одоогийнхтой харьцуулбал хэд хэдэн зүйлийг хэлж болно. Тэр үед хүн амын тоо хоёр сая гаруй л байсан. Одоо гурван сая гарчихлаа. Малын тоо 20 гаруйхан сая байсан бол өнөөдөр 80 саяыг давчихжээ. Түүнээс гадна, манай ихэнх аймаг гэрэл, цахилгаангүй байсан. Одоо бүх сум цахилгаанд холбогдчихсон. Тэр үед манай нийт зам зургаан мянга гаруйхан байсан. Гэтэл одоо жилдээ бараг 6000 км зам барьж байна. 1990 оны дундуур бид иргэддээ 100 мянган айлын орон сууцыг хувьчилж байлаа. Гэтэл одоо жилд бараг л 100 мянга орчим орон сууц барьж байна. Бидний одоо хийсэн өөрчлөлт дараагийн 20, 30 жилийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд нөлөөлөх учраас өнөөдрөөр харах хэрэггүй. 20, 30 жилээр харж, тооцох нь зөв. 20, 30 жилийн дараа 76 гишүүнтэйгээ хэвээр байвал парламентын дархлаа талаасаа хэврэг байна. Тиймээс нийт хүн амынхаа куб язгуураар тооцсон буюу 108 гишүүнтэй байх нь зөв. Тоо нь ч 20 жилээр хараад үзвэл зөв юм байна. Түүнээс гадна, 50, 50 хувиар өөр системээр сонгоод, хөгжлийн бодлогоо, орон нутгийн хөгжлөө ярьдаг төлөөлөлтэй болбол зөв болно.