УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр УИХ-ын гишүүн Д.Гантулгын чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Чөлөөлөх тухай хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Түүний дараагаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “МАН Д.Гантулга гэдэг залуугаар далимдуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, насны хязгаарыг нь нэмэгдүүлэх гэж байна. Энэ залуу алдсан байж болно. Гэхдээ үүгээр далимдуулж, 30-аас доош насны залуусыг улс төрд оруулж ирэхгүй гэдэг заалтаа Үндсэн хуулийн заалтаас авч хаяарай” хэмээн хэлэв. Түүний асуусан асуултад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хариулт өглөө. Тэрбээр “Олон нийтийн судалгаагаар насны босгыг нэмэгдүүлэх асуудалд санал их ирсэн. Түүнээс насны хязгаарыг бид тогтоогоогүй. Өмнө нь 1990 оны хэлэлцүүлэгт насны хязгаар яригдаж байгаад 25-аас дээш гэж тусгаж байсан. Залуусаа улс төрийн амьдралд оролцуулахгүй, хааж боосон зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Мөн шүүгчийн насны босгыг хүртэл ярих асуудал гарсан. Тиймээс улстөрчийн насыг ч нэмэгдүүлэх ёстой гэж бодсон. Гадна дотнын туршлага, судалгаанаас харсан. Гэхдээ эцэслэн шийдэгдсэн зүйл байхгүй” гэдгийг хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Ж.Батзандан гишүүний санал яах аргагүй зарчмын санал мөн. Хүн амын 70 хувь нь залуус боловч цөөнхийн төлөөлөл байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл хүртэл бий. Тиймээс эрх баригч намын зүгээс Д.Гантулгын асуудлаас болоод цөөнхийн төлөөллийг хасч болохгүй. Д.Лүндээжанцан гишүүн худлаа яриад байна. Дэлхий нийт залуусаа, эмэгтэйчүүдээ дэмжиж байна. Дэлхий нийтэд залуучуудын эрин эхэлсэн. Тэднийг дэмжиж байж Монголын төрийг цэвэрлэх ёстой. Нэг залуугаар далимдуулж, залуус руу нулимж болохгүй” хэмээв. Үүний дараа санал хураалт явуулахад 60 гишүүн буюу 83.3 хувийн саналаар “УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлөх нь зүйтэй” хэмээн дэмжиж, тогтоолын төслийг батлав. Иргэн Д.Гантулга Төрийн далбаандаа мөргөж, УИХ-ын даргатай гар бариад чуулганы танхимыг орхин гарав. Ингээд 76 гишүүнтэй танхимын нэг нь чөлөөлөгдөж, 75 болов.
Л.Энх-Амгалан: Манайх шиг 76-уулаа үг хэлдэг газар байхгүй
Л.Болд: Дэг зөрчихөд хэн хэрэгжүүлэх юм
Үүний дараа энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа том хуулийн төслүүдийн нэг нь УИХ-ын Дэгийн тухай хууль юм. Эхлээд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж. Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Дээврээ будаад орхимооргүй байна. Аливаа байгууллагад ажлаа таслах, хоцроход арга хэмжээ авдаг. Цалингийн хувиар торгодог, бүр ажлаас ч халдаг. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагын гишүүн тааваараа хуралдаа сууж болохгүй.
Өөрчлөх олон зүйл бий. Бид энэ талаар олон удаа ярьсан. Гэтэл парламентын нэр хүнд шалдаа унасан хойно оруулж ирлээ. Мөн гишүүд үг хэлэхэд 5, 3 минут байдаг. Тэгээд хариулт нь маш товчхон. Тиймээс дэлгэрүүлж асуух зүйл байдаг. Гэтэл тайлбар авах минут маш бага байдаг. Үүнийг анхаарч үзмээр байна. Ард иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг бууруулах талаар ярих ёстой байна. Гэтэл нэг хүнийг нухчин дарах, эсвэл хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналыг өдөржин хэлэлцсээр байгаад бид маш их хугацаа алдаж байгаа” хэмээн шүүмжлэв. Түүний хариуд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Дэгийн тухай хуулийг хугацаа алдаж хэлэлцлээ гэж байна. УИХ-ын нэр хүнд шалдаа буусан гэж байнга ярьдаг. Би үүнтэй санал нийлэхгүй.
Бид хийх ёстой ажил, хэлэлцэх ёстой хуулиа ярьсан. Өнгөрсөн парламенттай харьцуулахад хэлэлцсэн хууль, баталсан хуулийн төсөл их байгаа. Бид харин парламентын нэр хүндээ хамгаалах, баталсан хуулиа танилцуулах, сурталчлах талаар учир дутагдалтай байна уу гэж бодож байна. Цаашдаа Дэгийн тухай хуулийн үзэл санаа адил байгаа учраас С.Бямбацогт нарын гишүүдтэй нийлүүлээд хуулиа хэлэлцээд явна. Бүтцийн байгууллагууд дээр асуудлаа ярьдаг учраас УИХ дээр хугацаа шахдаг болов уу гэж бодож байна. Хэлэлцүүлгийн явцад саналаа хэлээд явах боломжтой” гэх тайлбарыг өгөв. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Дэгийн асуудлаар Ардын их хурал хоёр өдөр маргалдаж байлаа. Дараа нь Бага хурал байгуулагдаж дүрмээ гаргаж байлаа.
Дараа нь Их хурал байгуулагдаж, парламентын дэгийг тогтоолоор батлах саналыг талийгаач С.Зориг гишүүн гаргаж байлаа. Дараа нь хууль болсон. Дэг маш нарийн юм байна. Энд тийм байдаг гэж яриад яах вэ гэж яриад ОХУ, Канадын парламент гэх мэтээр найм, есөн улс орны дэгийн асуудлыг судалж үзсэн. Бүр гишүүний нэрийг дууддаггүй юм билээ шүү. Гишүүдэд гарын авлага, ном өгч байгаа. Гарцаагүй орж ирэх асуудлыг оруулаад С.Бямбацогт нарын 14 хүн хуулийн төсөл боловсруулсан. Д.Хаянхярваа гишүүний дараа энэ хуулийг хэлэлцэнэ” гэв. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Байнгын хорооны хуралдааныг хаалттай болгох асуудлыг ярьсан уу. Уг нь байнгын хороодын хуралдаан чинь мэргэжлийн хүмүүс орж суугаад нарийн зүйлээ ярих ёстой биз дээ.
Мөн хуралд суухгүй хүнийг санал өгөх эрхийг хасах ёстой биз дээ. Хуралдаа суухгүй байж санал өгөөд байж болохгүй л дээ” гэсэн юм. УИХ-ын гишүүн М.Билэгт “Ёс суртахуун унах тусам түүнийг нөхөх гэж хууль гаргаж ирдэг гэж бидэн рүү хараад хэлдэг. Үнэн шүү дээ. Хурал таслах юм бол ингэнэ гэж хуульчлахаас өөр аргагүй байдалд оруулж байгаад ичиж байна. Бид өнөөдөр ёс суртахуунтай, хариуцлагатай нийгэм байгуулж өгөх үүрэгтэй. Гэтэл энэ нь өнөөдөр 60, 70 оныхноор дуусгавар болох гэж байна. Бид залуу үедээ ийм л нийгэм хүлээлгэж өгөх гэж байна” гэсэн юм. Түүний хариуд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “М.Билэгт гишүүн санал хэллээ. Гэхдээ үнэн шүү дээ. Чи, би гэж хэлээд байхгүй. Гэхдээ улс төр хийхийн тулд, намаа хамгаалахын тулд янз бүрийн арга хэрэглэж, бие биеэ гутаан доромжилж, хийгээгүй зүйлийнх нь төлөө хэвлэлээр гүжирдэж, гүтгэдэг болсон. Улстөрчдийн нэр хүнд унасан гэдэгтэй санал нэг байна. Хуулийн төсөл санаачлах болсон цаг үе ч тийм байсан.
Ирц, дэг, сахилга хариуцлага гээд олон зүйлийг бодож байж хийсэн” гэсэн тайлбарыг өгөв. М.Билэгт гишүүн “Ер нь УИХ-ын гишүүнд нэр дэвшиж байгаа, мөн ард түмэндээ сайхан амлалт өгч байгаа улстөрчдийн босгыг өндөрсгөх хэрэгтэй. Хууль гаргаж өндөрсгөхгүй бол болохгүй болсон байна. Жилээс жилд төрдөө итгэхээ больж, урам нь хугарсан байна” хэмээв. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Дэг ямар тохиолдолд зөрчигдсөн юм гэж асуугаад байгаа. Гэхдээ гадаад орнуудад маш нарийн дэглэсэн байдаг юм билээ. Яваандаа би гадаад орнуудын хэмжээнд манай дэг хүрэх байх гэж итгэж байгаа. Дэг зөрчсөн гэх найман тохиолдлыг хуульчлаад өгчихсөн байдаг юм билээ” гэж хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сахилга хариуцлагыг УИХ-аас эхлүүлж байгааг дэмжиж байна. Гэхдээ Дэгийн тухай хуулийн төслүүдээ зөвшилцөж ойлголцож нэг мөр болгосон уу гэдгийг асуусан. Хуулийн төслийг дэмжиж байна. Ашиг сонирхлын зөрчилтэй гээд бид Дээд сургуультай холбоотой хууль хэлэлцэхэд гарч байсан. Дараа нь уул уурхайн компанитай хүмүүсийг гарга, Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж байна гэж хэлсэн. Гэтэл хуулийн заалтыг сануулсан. Гэхдээ гарах эсэх нь тэдний мэдэх асуудал гэж хэлсэн. Энэ асуудлыг цэгцлэх ёстой. Өнөөдөр банктай хүмүүс банкны хууль хэлэлцээд сууж байна шүү дээ. Эрх ашгийн сонирхолтой бол гараад явдаг байх ёстой биз дээ” гэв. Ё.Баатарбилэг гишүүн “УИХ ажлаа маш сайн гүйцэтгэж байгаа.
Нэр хүнд унасан асуудал биш. Дөнгөж өчигдөрхөн хэд хэдэн улс орны парламентынхан Монголд чууллаа. Зарим УИХ-ын гишүүн парламент болохгүй болсон юм шиг яриад байх юм. Бид өөрсдөөсөө эхлээд хариуцлага ярьсан нь зүгээр шүү. Хэлсэн үгэнд хариуцлага тооцох талаар санал гаргасан. Энэ талаар тодорхой яриад явна биз. Мөн санал өгөхөд кнопоо өөр хүмүүсээр даруулахгүй байх асуудлаа сайтар яриарай. Ажлын хэсэг их гардаг. Гишүүд маш их ордог. Бүрэн эрхийн хүрээнд санал гаргаж ордог. Гэхдээ хуралдаа ордог, ордоггүй эсэхийг сайтар ярьмаар байх юм. Энэ мэт зарчмын асуудлаа яриад явна биз. Хууль тогтоох үйл ажиллагааг улам сайжруулах гэж оруулж ирсэн гэж ойлгосон. Дэмжиж байгаа. Нухацтай яриад батлах нь зүйтэй” гэсэн мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Л.Болд “Хэлэлцэх асуудлаас хасах нь зүйтэй гэж санал гаргасан ч дэмжээгүй. Цаана нь 30 хууль хүлээж байгаа. Ард түмэн хүлээж байгаа хуулиуд шүү дээ. Гэтэл нэг гишүүнийг чөлөөлнө, мөн дэг гэсэн балай зүйл яриад сууж байна. УИХ нь өөрөө өөртэйгөө ноцолдсоор байгаад л өнгөрч байх юм. Хоёр гишүүн зэрэгцэж суучихаад л нэг нь сайн ажиллаж байна, нөгөө нь ажиллахгүй байна гэж яриад суух юм. Өөрсдөө дотооддоо яриад ойлголцчих асуудал биз дээ. Хуралдааны дэг зөрчигчдөд авах арга хэмжээ гэж 10 гаруй зүйл байна. Гэтэл хэрэгжих зүйл алга. Өмнөх хуулиа нэг ч хэрэгжүүлж үзээгүй. Өмнө нь дэг зөрчихөд хэрэгжүүлж үзээгүй. Дэг зөрчихөд хэн хэрэгжүүлэх юм.
Үндсэн хуулиа зөрчсөн ийм хууль хэлэлцэхээ больчих. Шургуулна, татна гэсэн хачин юмаа боль. Эрүүгийн хуулийн асуудал байгаа. Энэ чинь Үндсэн хуульдаа байгаа. Эрүүгийн хуульдаа хэдэн удаа хурал тасалвал эргүүлэн татна гээд оруулчих” гэх саналыг хэллээ. Ингээд хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Мөн үүний дараа УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуулийг хэлэлцлээ. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хуулийн төсөлд техник, технологийн дэвшлийг хэр их ашиглахаар тусгасан бэ. УИХ өөрөө хурдтай биш, шуурхай биш дэлхийгээс хоцроод байна. Байнгын хороодын хуралдаан, ажлын хэсгийн хуралдаануудыг журамлах ёстой. Гадаад, дотоодод яваад чуулганы танхимд суухаас илүү дэлхийн аль ч өнцгөөс хуралдаандаа саналаа хэлдэг байх боломж байгаа.
Үүнийг хуулийн төсөлд тусгах уу. УИХ-ын гишүүд хариуцлагын асуудлыг ярихаас гадна удирдлагууд бас хариуцлагатай байх ёстой. Ажлын хэсэг, байнгын хорооны дарга гэх мэт удирдлагын хариуцлагыг нэмэгдүүлэх ёстой” гэв. УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хуульд мэдээлэл, технологийн зарим зүйлийг тусгасан зүйл бий. Гэхдээ гадаадад эсвэл өөр газар явж байгаад санал өгөх технологийн шийдэл тусгагдаагүй. Цаашид санал гаргаад, ийм чиглэлийн техник, технологийн шийдэл байгаа эсэхийг судлах боломжтой” хэмээв. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Энэ удаагийн парламент бол долоо дахь нь. Гишүүд нь хамгийн их таслалт өнгөрсөн парламентаас гурав дахин бага байгаа юм. Хамгийн их хурал тасалдаг гишүүдийн судалгааг иргэдэд нээлттэй болгох ёстой.
Манай парламент шиг 76-уулаа үг хэлдэг газар хаана ч байхгүй. Үнэхээр Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол өөрсдөөсөө шударга ёс, хариуцлагатай болгох зорилгоор хуулийн төслийг оруулж ирж байгааг дэмжиж байна” хэмээв. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Нэр бүхий гишүүдийн санаачилсан УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг нэгдсэн хуралдаанаас дэмжсэн тул хоёр хуулийн төслийг нэгтгэн боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулав.