ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хэйдэр Уилер: Монгол Улсыг ардчилсан ирээдүй хүлээж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-03

Их Британи Умард Ирландын хаант улсын Гадаад харилцаа, хамтын нөхөрлөлийн яамны Ази Номхон далайн бүсийг хариуцсан сайд Хэйдэр Уилер манай улсад зочилж буй. Түүнээс хоёр улсын хамтын ажиллагааны талаар тодрууллаа. 

-Танай улс Европын холбооноос  гарах гэж байгаа гэсэн. Үүнтэй холбоотойгоор Ази руу чиглэсэн хамтын ажиллагаанд өөрчлөлт орох уу?
-Манай улс энэ сарын 31-нд Европын холбооноос гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хэлэлцээнд хүрч чадсан ч бай үгүй ч бай бид Европын холбооноос гарна гэдэг нь тодорхой болсон. Европын холбоо­ноос гарлаа гээд гадаад харилцаанд ямар нэг өөрчлөлт орохгүй. Дэлхийн олон оронтой харилцдаг Британи улс хэвээрээ л байх болно. Ялангуяа хуучны анд болох Монгол Улстай харилцаагаа үргэлжлүүлсээр байна. Саяхан бид Өмнөд Солонгос Улстай чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурсан. Монголын хувьд импорт болон экспортын талаар хамтарч ажиллаж байгаа. 

-Худалдааны салбараас гадна боловсролын салбарт манай улстай хамтарч ажиллахаар болсон гэж сонслоо. Энэ хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулах вэ?
-Бид боловсролын хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарч байгаа. Кембрижийн үнэлгээний төвийнхөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын яамдтай хамтран ажиллаж байгаа. Тодруулбал, Кембрижийн сургалттай хөтөлбөрүүдийг боловсруулах талаар хамтарч байна. Мөн Монгол Улсаас Британи улс руу маш олон оюутнууд очиж суралцдаг. Үүнтэй холбоотойгоор саяхан манай Засгийн газар 2020 оны есдүгээр сараас эхлэн оюутнууд сургуулиа төгссөнийхөө дараа хоёр жил Их Британи улсад ажиллах боломжтой болгож журамд өөрчлөлт оруулсан. Тэгэхээр манай улсад очиж суралцсан залуус олж авсан мэдлэгээ баталгаажуулж, хоёр жил ажиллаад эх орондоо ирэх боломж нээлттэй болж байгаа юм. 

-Манай улсаас оюутнууд олноор очдог гэж байна. Үүнтэй холбоотойгоор визийн асуудал хөндөгдөх байх. Европын холбооноос гарснаар танай улсын визийн бодлогод өөрчлөлт орох уу?
-Цагаачлалын талаар нэлээд шинэчлэл хийнэ. Саяхан манай Дотоод хэргийн сайд ямар ямар өөрчлөлтүүд хийх талаар олон нийтэд мэдээлсэн. Тухайлбал, мэргэжлээрээ манай улсад ирж ажиллах хүсэлтэй, манай улсын ямар нэг байгууллагаас ажиллах урилга авсан бол ямар ч асуудалгүйгээр ажиллаж, амьдрах боломжтой. Цагаачлалын шинэ журмын өөрчлөлт ерөнхийдөө Австралийн цагаачлалийн журамтай нэлээд төстэй болох юм. Өөрөөр хэлбэл оноонд суурилсан системтэй болно гэсэн үг. Мэдээж бид чадварлаг залуусыг  манай улсад ирж ажиллаасай гэж хүснэ. Одоо манай улсад ажиллаж, амьдарч байгаа европын иргэдэд бид маш таатай санал тавьсан. Европын холбооноос гарлаа гээд тэдгээр иргэд заавал явах шаардлагагүй. Үргэлжлүүлэн ажиллаж амьдрах боломжийг хангаж байгаа. 

-Монголоос Их Британи руу экспортолж байгаа зарим бараа бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлдэг. Үүнд ямар нэг өөрчлөлт орох уу?
-Энэ талаар санаа зовохгүй байж болно. Бид Европын холбооноос гарлаа гээд гадаад улс орнуудтай харилцах харилцаанд өөрчлөлт орохгүй. Гэрээ хэлэлцээрүүд хэвээрээ байх болно. Европын холбооноос гарах үедээ бид бусад улс орнуудтай ямар гэрээ хэлэлцээр хийх талаар мэдээлнэ. Маш олон орон байгаа учраас яаралтай гэрээ хийх шаардлагатай орнуудаас эхлээд хоёр жилийн дотор гэрээ, хэлэлцээрүүдийг хийж дуусгах байх.

-Ямар шалтгаанаар Европын холбооноос гарч байгаа вэ?
-Бид ард нийтийнхээ дунд Европын холбооноос гарах уу үгүй юу гэсэн санал асуулга явуулсан юм. Их Британи улс жилд хэдэн тэрбум фаундыг Европын холбоонд өгдөг. Өгсөн мөнгөний маш бага хувийг манай улсад буцаан олгодог. Дээрээс нь  тэр мөнгийг хэрхэн зарцуулах талаар Европын холбоо хяналт тавьдаг юм. Тэгэхээр Их Британийн иргэд өөрсдийнхөө төлж байгаа мөнгийг өөрсдийнхөө хүсэл сонирхлоор зарцуулдаг баймаар байна гэсэн саналыг гаргасан. Холбооноос гарах бас нэг шалтгаан нь бид тусгаар улс. Тиймээс өөрийн гэсэн хууль, цагаачлалын бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. 

-Зарим улс төр судлаачид манай улсыг хөгжлөөрөө 100 жилээр хоцорч яваа гэж дүгнэсэн байдаг. Таны хувьд манай улсад ирээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Би Монголд ирээд их гайхширсан. Маш бахдам сэтгэл төрсөн. Монгол Улс бол сүүлийн 30 жилд маш олон өөрчлөлтийг даван туулж, маш амжилттай хөгжиж байгаа орон.  “Оюутолгой” ХК-д 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ уурхай байгаа учраас танай улс цаашид улам эрчимтэй хөгжих юм байна гэж харж байна. Яагаад гэвэл зөвхөн Оюутолгойн уурхайн ажилчдын 90 хувь нь Монгол хүмүүс байдаг юм байна. Энэ хэрээрээ Монгол Улсын дотоод эдийн засаг, дотооддоо орох хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр танай улсыг маш сайхан ардчилсан ирээдүй хүлээж байна гэж харж байна.