ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хавдрын ойлголтгүй Ч.Хүрэлбаатарт зориулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-22

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир санаачлан өргөн барьж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын уйгагүй зүтгэлийн үр дүнд Эрүүл мэндийн тухай хуульд хоёр жилийн дараа томоохон өөрчлөлт оруулав. Улмаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг аймаг, дүүргүүдэд явуулах, эрсдэлт бүлгийн иргэдээ урьж ирүүлэн жилдээ нэг удаа хавдрын иж бүрэн шинжилгээг үнэ төлбөргүй хийх боломж бүрдсэн сайхан мэдээгээр шинэ долоо хоногийг эхлүүлж билээ.

Хуулийн төслийг хоёр жилийн өмнөөс ярьсан. Олон ч хүн амиа алдаж, хэдэн зуун хүн эцсийн шатандаа орсны дараа арайхийн баталж байгаа ч ирээдүйд хавдраас 100 хувь салах боломж бүрдэх учраас хэчнээн хүн баярлаж, талархсан гэж бодно оо. Монгол Улсын иргэн бүрийн төлөө 20 гаруй жил, бүр түүнээс ч олон жил зүтгэж яваа ХСҮТ-ийн олон зуун эмч нарын төлөөлөл нүдэндээ нулимстай Төрийн ордноос гарсан гэхэд хилсдэхгүй.

Эмнэлгийн хаалгаар орчихоод эргэж хэзээ ч гарч ирэхгүй одсон олон мянган хүний хагацал, харууслыг насаараа харж суусан ХСҮТ-ийн манаач өвөө хүртэл төрийн баталсан энэхүү хуулийн төлөө нулимс унагаж, түүнийг батлуулахад хувь нэмрээ оруулсан эмчийгээ тэвэрч үнссэн тухай Л.Баярсайхан эмч нүүр номондоо бичсэн байна билээ. Арга ч үгүй. Гуравхан сая гаруй хүн амтай Монгол Улсад жилдээ 5000-6000 хүн хорт хавдраар өвчилж, тэдгээрийн 90 гаруй хувь нь эцсийн шатандаа оношлогдож байгаа. Өдөрт 10-13 хүн амиа алддаг.

Оношлуулж байгаа 6000 хүнээс жилдээ 4000 орчим нь амиа алддаг учраас сэтгэл зүрхтэй хүн бүхэн зовниж, энэ салбарт ахиц гарлаа гэвэл баярлахгүй гээд ч яах билээ. Гэтэл 2020 оны төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ХСҮТ-ийн өргөтгөлд зарцуулахаар тусгаад байсан 19 тэрбумын санхүүжилтийг хасаж оруулж ирлээ. Үүнийг нь Ж.Энхбаяр гишүүн эсэргүүцэж, төрийн буруу бодлого явж байгааг шүүмжилсэн юм.

Улсдаа ганцхан эмнэлэг нь ачааллаа дийлэхээ больж, эмнэлгийнхээ коридорт хэвтчихсэн бодит нөхцөл байдалтай очиж танилцахыг хүслээ. Хамгийн хачирхалтай нь, ХСҮТ-ийн өргөтгөлийн урсгал засвар болон эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх 21 аймагт төв байгуулах зардалд зарцуулах 19 тэрбум төгрөгийг хасчихсан атлаа Прокуроруудын нэгдсэн төв, Шүүхийн сургалтын төв барихад зориулж тус бүр 19 тэрбумыг төсөвт суулгажээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бид тоног төхөөрөмж зэргийнх нь төсвийг шийдэж өгсөн. Хүнд өвчний нэр барьж их мөнгө нэхэж байгаа нь буруу. Хандлагаа зөв болго” гэж уурлах нь тэр. Энэ хүнд өрөвдөх сэтгэл өчүүхэн төдий ч алга. Дайны бүс нутгаас ч илүү аймшигтай тоон баримт яригдаж байхад “хүнд өвчин ярьж, мөнгө нэхлээ” гэж тайлбарлах ийм хүйтэн сэтгэл ганцхан Ч.Хүрэлбаатар таниас л гарах байх. Та хүн мөн үү. Албан тушаалаа ашиглаж авлигаар баяжиж буй прокуроруудыг “эрхлүүлэх” 19 тэрбумтай атлаа эмнэлгийн коридорт хэвтэж буй эгэл иргэдийн төлөө зарцуулах мөнгөгүй гэж гэдийдэг ийм төртэй, тийм сайдтай байж болдог юм уу, Ерөнхий сайд аа.

Ерөнхий сайд та жил гаруйн өмнө “Элэг нэгт Монголчууд” сангийн талархлын баярт оролцохдоо “бид элэг нэгтэй” хэмээн ярьж зогссоноо ийм хурдан мартчихаагүй байлтай. Монгол Улс 1997 онд “Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, харин 2012 онд “Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хөтөлбөр”, 2016 оноос “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм билээ. Гэхдээ л хавдартай тэмцэх, түүнд зарцуулах төсвийг нэмэх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн асуудлыг 20 гаруй жил мартчихсан байсан нь худлаа биш.

ХСҮТ-д өдөртөө 100-200 хүн үзүүлдэг бөгөөд тэдний 15-20 хувь нь эцсийн шатандаа орсон элэг, нойр булчирхай, улаан хоолой, ходоодны хорт хавдартай гэсэн онош сонсдог аж. Одоогоос 16 жилийн өмнө буюу 2003 онд жилдээ 3511 шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдний 2929 нь нас барж байсан бол 2014 онд 5255 тохиолдол шинээр бүртгэгдэж, 3660 нь нас барсан байна. Өвчлөлийн тоо хоёр дахин, нас барсан иргэдийн тоо  нэг дахин нэмэгдсэн тоог харахаар төр ажил хийсэн гэдэгт хэн ч итгэхгүй биз.

Олон улсын хавдар судлалын төвөөс өгч буй мэдээллээр 2025 он хүртэл Монгол Улсын хавдраар өвчлөгсдийн тоо буурахгүй бөгөөд жилдээ 6000-7000 болж өсөх магадлалтай аж. Бодит байдал ийм л байна, Сангийн сайд аа. Гэтэл төрийн 20 гаруй жил яриад хийж чадаагүй ажлыг ээжийгээ хавдраар алдсан жирийн нэг сэтгүүлч хийчихсэн бодит жишээг бид бас мэднэ. Тодруулбал, 2015 оны сүүлээс сэтгүүлч Л.Мөнхбаясгалан хавдрын асуудлыг төрийн анхааралд оруулахын тулд “Элэг нэгт монголчууд” санг байгуулж, хорт хавдраар тэр дундаа элэгний хорт хавдартай иргэд эх орондоо эмчлүүлж, элэг шилжүүлэн суулгах хагалгаанд оруулах зардлыг босгохын төлөө урлаг, спорт, улс төрийн олон хүмүүсийг уриалж эхэлсэн юм.

Хэдийгээр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт элэгний хатууралтай иргэдэд элэг шилжүүлэн суулгаж эхэлчихээд байсан ч элэгний хорт хавдар гэсэн онош сонссон иргэд Энэтхэг улсад хамгийн багадаа 120 сая төгрөгөөр мэс засалд ордог байлаа. Монгол Улсын иргэд жилдээ 60 гаруй сая ам.долларыг гадагшаа эмчилгээнд зарцуулж байсан. Үүний 11-15 сая ам.доллар нь элэг шилжүүлэн суулгах хагалгаанд зарцуулдаг байжээ.

Тиймээс энэ мөнгийг дотоодын эдийн засагт үлдээх, үүнээс хямд зардлаар эх орондоо хагалгаанд оруулах боломжийг жирийн нэг сэтгүүлч, урлаг, спортын хэсэг хүмүүс нэгдэж нийлээд эхлүүлсэн юм. Гурван жилийн хугацаанд 20 хүнд хийх мэс заслын зардалд шаардагдах тэрбум төгрөгийг олохын тулд тэд гурван жил тасралтгүй зүтгэсэн. 20 хүнд хагалгаа хийнэ гэж бүртгэл эхлүүлэхэд 200 гаруй хүн бүртгүүлсэн байдаг. 2017 онд анхны хагалгааг амжилттай хийж байсан хамт олон өдгөө ес дэх хагалгааг хийчихээд сууж байх юм. Харин төр юу хийсэн юм бэ.

Долоон төрлийн шинжилгээг жилд нэг удаа төрөөс үнэ төлбөргүй хийдэг болгох гэж бүтэн хоёр жил дуншлаа. Энэ хугацаанд хэдэн хүн амиа алдаж, хэчнээн хүн эрт илрүүлж чадахгүй эцсийн шатандаа орсон бол. Нурж унах шахсан шавар барилгад багтахгүй болсон иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлнэ хэмээн олон жил гуйж буй 19 тэрбумыг шийдэж чадахгүй атлаа тэнгэр баганадсан барилгад тухалж буй прокурорын ажилтнуудад төр гараа сунгаж байна. Гэтэл дээрх сангийн хамт олон 4.8 тэрбумын хөрөнгө оруулалтыг татаж, ХСҮТ-ийн өргөтгөлийг барьсан. Нийт 49 эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэв.

20 хүнд хагалгаа хийлгэж байна. Улсын төсвөөр хийнэ гэж 20 жил ярьсан асуудлыг ердөө гуравхан жилийн хугацаанд хийж чадсан байдаг юм. Харин тэрхүү баяраа тэмдэглэсэн талархлын баярт нь очоод суучихсан байсан дарга нар өнөөдөр хавдартай иргэдэд зарцуулах 19 тэрбумыг харамлаад сууж байх юм. Өөрөө л мэдрээгүй бол өрөөлийн зовлонг ойлгодоггүй гэдгийг л энэ жишээ харуулж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт энэ өвчнөөр ойрын хүнээ алдсаны дараа эмнэлэг барьсан, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ч мөн адил шалтгаанаар хууль өргөн барьсан гэдэг. Тэгэхээр 19 тэрбумыг авахын тулд Сангийн сайдын ойр тойрны хэн нэгэн нь өвдөх ёстой гэж муйхарлаж, муугаар бодохыг хүсэхгүй байна. Бодит амьдрал дээр хүнд өвчин гэж юу болохыг ойлгохгүй байгаа танд хавдрын талаар бага сага мэдээлэл өгөх үүднээс тэргүүн нүүртээ инфографик бэлтгэснийг хүлээн авна уу.

  • -Хүн амын нас баралтын 25 хувийг хорт хавдар эзэлдэг
  • -Нийт хавдрын 65 хүртэл хувийг элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Үүнээс элэг 36, ходоод 15, улаан хоолой зургаа, умайн хүзүү найман хувийг эзэлдэг.
  • -Элэг солиулах мэс засалд жилдээ 85-120 сая төгрөг шаардлагатай.
  • -Жилд 6000 хүн хорт хавдартай гэсэн онош сонсдог. Үүний 60 хувь нь нас бардаг.
  • -Ходоодны хорт хавдраар дэлхий дахинд жилдээ 700.000 хүн өвчилдөг. Өвчлөгсдийн тоогоор Монгол Улс хоёрдугаарт жагсаж байна.
  • -Сүүлийн гурван жилд 4928 хавдартай хүүхэд байгаагийн 2880 нь хорт хавдартай
  • -2014-2016 онд хавдартай хүүхэд 320 бүртгэгдсэний 30 хувь нь ходоодны хорт хавдраар өвчилсөн
  • -Хавдартай иргэдийн 80 хувь нь хожуу шатандаа ирдэг.
  • -Эрт оношлуулж чадвал нийт хавдрын 90 хувийг нь бүрэн эмчлэх боломжтой. Мөн 10 жилийн дараа хавдраас салах боломжтой.
  • -2012 оноос умайн хүзүүний эрт илрүүлгийг хийснээр 50 хувь нь эдгэрчээ.
  • -Долоо хоногт 500 гаруй хүн ХСҮТ-д ханддаг. Түүний 5-7 хувь нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болдог
  • -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүнд сая гаруй иргэний В, С вирусыг эмчлээд байгаа.
  • -Туяа эмчилгээгээр Монгол Улс 20 жил хоцорсон.
  • -Хавдрын эмчилгээг төрөөс 100 хувь даадаг орнууд бол Хятад, Орос. Харин БНСУ 80 гаруй хувийг даадаг.
  • -Монгол Улс хавдраар өвдсөн иргэний эмчилгээний зардалд 20 сая төгрөг өгдөг.
  • -2025 он гэхэд жилдээ 6500-7000 хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэнэ
  • -Эрт илрүүлэг хийгдсэнээр 80 мянгян иргэнийг элэгний хорт хавдрын үзлэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын үзлэгт жилд 445,000 иргэн, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт 445,000 эмэгтэй, уушигны хорт хавдарын үзлэгт 245 мянгян иргэнээ хамруулна.